Монгол улсын гавъяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь уулчдын зорилго, мөрөөдөл, алдар нэрийн тавцан гэгддэг дэлхийн хоёр дахь ноён оргил болох K2 уулын оргилд амжилттай авиралт хийж, 2018 оны 7-р сарын 21-ний өдөр эх орныхоо далбааг мандуулсан анхны Монгол хүн, анхны Монгол уулчин болж, Монголчууд биднийг баярлуулж, бахархуулж чадсан билээ.
Энэхүү ноён оргилд эсэн мэнд амжилттай гарч, Монгол уулчины мөрийг тамгалахад ХААН Банк, Таван Богд групп, Улаанбаатар гурил ХХК, Говь брэндийн хамт олон дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн бөгөөд өчигдөр буюу 2018 оны 8-р сарын 9-ний өдөр дээрх байгууллагын төлөөллүүд уулчин Б.Гангаамааг хүлээн авч, баяр хүргэн талархал илэрхийлж, дурсгалын бэлэг гардууллаа. Дэлхийн түүхнээ улсынхаа нэрийг, Монгол уулчины уран чадварыг, Монгол эмэгтэйн тэсвэр хатуужлыг харуулаад эсэн мэнд амжилттай яваад ирсэн танд нийт ХААН Банкны хамт олон талархаж, бас бахархаж байна.
МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь өмнө нь дэлхийн долоон тивийн долоон оргил, дэлхийн дээвэр Эверест зэрэг ноён оргилууд болон эх орныхоо бахархалт хайрхан Алтай Таван Богдод 40 гаруй удаа авирч байсан их амжилтын эзэн билээ.
Эх орныхоо нэрийг дуурсгасан таны энэхүү амжилтад ХААН Банк хамтран ажилласандаа баяртай байгаа бөгөөд таны амжилт олон Монгол залуусын уулын спортод, уулын спортын амжилтад хөтлөх гүүр нь болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250