...
...

Ш.Батхүү шоронд, төрд өгсөн банк нь хувьд…

Төрийн банкны хувьчлалын асуудал парламентад орж ирсэн цагаасаа хойш хэл ам дагуулж ирсэн. Хувьчлалын “эзэн” нь тодорхой гэдгийг зарим УИХ-ын гишүүн хэлж байгаа.  Уг нь бол Төрийн банкны жинхэнэ “эзэн” Ш.Батхүү юм шүү дээ. 

Тэрээр “Эрдэнэт”  үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгтэй холбоотойгоор одоо хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.  “Эзэн”-ийх нь асуудал шийдэгдээгүй байхад, банкийг нь  авахаар шунаж эхэлсэн нь таагүй санагдаад байгаа юм.   2009 онд “Хадгаламж” банк дампуурахад Төрийн банкинд нэгтгэсэн байдаг.  “Хадгаламж” банк бол 100 хувь Ш.Батхүүгийн өмч  байсан.   “Хадгаламж” банкийг нэгтгэсний дараа  Төрийн банк 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий. Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж олгогддог болсон.  Төрийн банк ингэж их хөлжин тэлсний цаана Ш.Батхүүгийн “Хадгаламж”  банк байсан. Тэгэхээр  Төрийн банк бараг л Ш.Батхүүгийнх гэсэн үг. Гэтэл “эзэн” нь шоронд банк нь хувьд очих ийм л нөхцөл байдал үүсээд байна.  Уг нь зүйгээрээ бол “эзэн”-ийх нь асуудлыг эхэлж шийдээд, дараа нь банкийг нь авах нь арай л зөв юм.  Гэтэл “эзэн” нь тодорхой гэх энэ хувьчлал их л хурдтай яваад байна. Мөн Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар яригдаж байна. Уг нь Төрийн банк 2.3 их наядын актив, 1.1 их наядын зээлийн багц, 256.8 тэрбумын хөрөнгөтэй.  Тиймээс дор хаяж 642 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгийг хөндлөнгийн шинжээчид хэлж байна.  Ийм байхад Засгийн газраас 75 тэрбум төгрөг гэсэн тоо тавиад орж ирж байгаа нь арай л хэтэрхий төрийн өмчийг үнэгүйдүүлсэн хэрэг болж байна.  Үнэгүйдүүлж орж ирж байгаагийн цаана эрх баригч намынхан өмч хувьчлалаар өрөө дарах нь уу гэсэн хардлага төрж байна. МАН-аас Алтжингийн Г.Алтан авлагатай. 2012 онд МАН дотоод ажилдаа зарцуулахаар түүнээс нэг сая ам.доллар зээлсэн байдаг. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон барьцааны гэрээ бий. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар шүүхэд очсон удаатай. Энэ өрийг МАН тэглэсэн гэж лав сонсогдоогүй. Тэгэхээр Г.Алтанд  эрх баригч нам Төрийн банкаа бараг л тавиад туучих гээд байх шиг байна.

Дараагийн нэг асуудал нь Г.Алтангийн хүү Э.Сүрэн Төрийн банкнаас мөн авлагатай болж таарсан.  Шүүхээс “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох, “Жаст групп” төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Төрийн банкнаас эсэргүүцэн “Э.Сүрэнгийн хүсэлтийг хангаж чадахгүй” хэмээн мөн л шүүхэд хандсан байдаг. Тэгвэл өнгөрсөн сарын 3-нд энэ асуудлыг шүүх хэлэлцэн, мөн л Э.Сүрэнгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаад байна. Тэгэхээр Төрийн банкийг хувьчиллаа гэхэд Г.Алтанд л боломж  олдоно.  Уг нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн  хэргийг шийдэж нэг талд нь гаргачихаад дараа нь банкийг нь хувьчлах байсан юм.

 

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ