...
...

Парист гарсан халдлагын хариуцагч тодорчээ

Парисын гудамжнаа явж байсан хүмүүс рүү хутга барьсан этгээд халдаж, нэг хүн хөнөөн, дөрвөн хүн шархдуулсан гэмт хэргийг цагдаагийнхан шалгаад, террорист ул мөртэй болохыг тогтоосон байна. Энэ тухай хотын прокурор Франсуа Моленс мэдээлжээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” террорист бүлэглэл хүлээсэн аж.

Хүмүүс рүү дайрсан этгээд “Аллах акбар” хэмээн хашгирч байсантай холбогдуулан хэргийг мөрдөн шалгах ажлыг Парис хотын прокурорын газрын терроризмтэй тэмцэх хэлтэст даалгасан байна.

Уг гэмт хэрэг Парисын дуурийн театраас холгүйхэн, олон баар, ресторанууд ажилладаг районд гарчээ. Хутга барьсан үл мэдэх эр хажуугаар өнгөрч явсан хүмүүс рүү гэнэт дайрсан бөгөөд нэг хүн амь алдаж, дөрвөн явган зорчигч хүндээр гэмтсэн аж. Гэмт этгээдийг цагдаа нар хөнөөсөн бөгөөд одоогоор түүний хэн болох нь хараахан тодроогүй байгаа бололтой.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон амь үрэгдсэн иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэн, террорист алуурчныг аюулгүй болгож чадсан цагдаа нарын эр зоригийг бахдан тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад, Парис хотод хамгийн сүүлд 2015 оны 11-р сард томоохон халдлагууд гарсан билээ. Тухайн үед террорист алан хядагчдын гурван бүлэг Парис болон түүний ойролцоох Сен-Дени хотод цуврал халдлагууд үйлдсэн юм.

Гурван террорист этгээд Франц болон Германы шигшээ багуудын хооронд хөлбөмбөгийн тэмцээн явагдаж байсан “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд амиа золиослогчийн дэлбэлэлт үйлдэн, нөгөө бүлэг нь Парис хотын зүүн зүгт кафе, ресторанууд руу дайрч, бас нэг хэсэг нь “Батаклан” концертын танхим дахь хүмүүсийг барьцаалсны улмаас 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн шархдаж гэмтэж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ