...
...

Суралцагчид үйл мэтгэж ур чадвараа сорив

 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутан суралцагчдын “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн уралдааныг 4 дүгээр сарын 23, 24-нд амжилттай зохион байгууллаа.

Энэ уралдаан нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа МСҮТ,  Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилготойгоор хоёр жил тутамд нэг удаа  явуулдаг улсын уралдаан юм.Оёдлын мэргэжлийн 3 дахь удаагийн энэ уралдаанд эх орны 6 бүсээс 28 оюутан суралцагч оролцож “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар европ эсгүүртэй монгол загварын даашинз урлаж, ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөв. Бүтэн найман цаг үргэлжилсэн тус уралдаанд:

Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан О.Даваасүрэн түрүүлж  тэргүүн байрын  Цом, Алтан медалиар шагнагдсан бол Дэд байрт  Увс аймгийн Улаангом Политехник Коллежийн  оюутан Т.Нандинцэцэг, Гутгаар байрт ҮУПК-ийн оюутан Б.Эрдэнэтуяа  нар тус тус шалгарч Мөнгө, Хүрэл медалийн эзэд боллоо. Тусгай байрт Дундговь аймгийн МСҮТ-ийн суралцагч М.Ариунаа, Дорнод аймгийн МСҮТ-ийн суралцагч С.Нандин-Оюун нар орсон бөгөөд нийт суралцагчдын оёх ур чадвар, хурд, бүтээлийн чанар илт ахисныг шүүгчид онцлон тэмдэглэв.Уралдаанд оролцсон бүх суралцагчдыг “Говь” Хувьцаат Компанийн зүгээс Ажлын байранд урьсан бол шагналт байрт орсон оюутнуудад Хилийн цэргийн  0288 дүгээр ангийн ТӨААТҮГ, ЦЕГ-ын харьяа “Цагаан шонхор” ТӨУҮГ, “Бөртэ” ТӨУҮГ, “Өүлэн Мэнч” компани зэрэг томоохон байгууллагуудаас урилга, гарын бэлэг гардууллаа. Мөн “Ур чадвар-2018”  уралдааны хүрээнд 15 багш “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр  илтгэл тавьж хэлэлцүүллээ.  Хэлэлцүүлэгт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав, “Өүлэн Мэнч” компанийн захирал Ч.Буянбаатар болон нийслэл, орон нутгийн мэргэжлийн боловсролын 17 сургуулийн багш нар оролцож санал бодлоо солилцов. Оёдлын мэргэжлийн уралдааныг санаачлан зохион байгуулсан ҮУПК-ийн зүгээс  хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн, ном болгон хэвлүүлж олны хүртээл болгосон юм.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ