...
...

Кибергенерал Пол Накасоне АНУ-ын ҮАБА-ийн тэргүүн боллоо

Генерал Пол Накасоне АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг /ҮАБА/-ын дарга болжээ. Түүнийг Сенатын зүгээс санал нэгтэй батламжилсан байна.

Тэрээр АНУ-ын зэвсэгт хүчний кибер командлалыг толгойлж байсан учраас “кибергенерал” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд эдгээр хоёр албан тушаалд адмирал Майкл Рожерсийн сэлгээнд очиж байсан нь сонирхолтой тохиолдол юм.

Генерал Пол Накасоне Солонгост алба хааж байсан, мөн Ирак, Афганистанд явуулсан АНУ-ын ажиллагаанд оролцож байжээ. Тэрээр кибер командлалын дэд даргаар ажиллаж байхдаа исламчуудын компьютерын сүлжээ болон гар утасны төхөөрөмжүүдийг “жагсаалаас гаргахад” чиглэсэн кибер хөтөлбөрийг боловсруулах ажиллагааг удирдан зохион байгуулсан аж.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг бол АНУ-ын хамгийн нууц байгууллага. Тэрээр радио электрон төхөөрөмжийн тусламжтайгаар олж авсан мэдээллүүдээр Вашингтоныг “хангах” үүрэгтэй.

Цахим мөрдлөг нь дэлхий даяар тараан байршуулсан чагнах станцууд болон сансрын хиймэл дагуулуудын тусламжтайгаар явагддаг гэнэ. ҮАБА нь цахим захидлуудын агуулга болон утасны ярианд хяналт тавьдаг аж.

Тус байгууллагад хэдэн хүн ажилладаг, жилийн төсөв нь ямархуу байдаг талаар нийтэд мэдээлэгддэггүй бөгөөд хэдэн жилийн өмнө тухайн байгууллагын ажилтан асан Эдуард Сноудений “балгаар” томоохон хэл аманд өртөж байсан билээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ