...
...

Пролетарийн их удирдагчийн мэндэлсэн өдөр

Нэгэн цагт дэлхийн пролетарийн их багш хэмээн хүндлэгдэж, хүн төрөлхтний түүхэнд тод ул мөрөө үлдээсэн хүн бол яах аргагүй В.И.Ленин билээ. Өнөөдөр энэхүү агуу хүний мэндэлсэн өдөр тохиож байна.

Владимир Ильич Ульянов (Ленин) Симбирск хотод 1870 оны 4-р сарын 22-нд мэндэлсэн байна. Түүний эцэг Илья Николаевич нь Самара мужийн ардын боловсролын газрын шинжээчээр ажилладаг байв. Харин ээж Мария нь гэртээ боловсрол эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байжээ. Эцэг Илья Николаевичийн эх нь Христийн шашинд орсон халимаг гаралтай хүн байсан аж. 

1900 онд Владимир Ульянов эх орноо орхин Герман руу явжээ. Гадаадад цагаачлан амьдарч байхдаа “Искра” сонинг эрхлэн гаргаж байлаа. “Искра” сонингоороо дамжуулан Владимир марксист үзэл суртлыг дэлгэрүүлэхийг чармайж байв. Сонин эрхлэн гаргах болсон нь хууль бус бүлэглэл Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үүсгэн байгуулахад нь тус болж байлаа. Энэ үеэс тэр Ленин гэдэг нууц нэрийг ашиглах болжээ. 

1903 онд Лондон хотод Оросын социал демократ намын 2-р их хурал болж Ленин өөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ленин орос оронд эхлээд хаант засгийг унагааж, үндсэн хуульт бүгд найрамдах улс байгуулах, дараа нь хамжлагат ёсыг халж, өдөрт 8 цаг ажилладаг хөдөлмөрийн хуваарьт шилжих, эцэст нь социалист хувьсгал хийж пролетарийн дарангуйлал тогтоох хэрэгтэй гэж хөтөлбөртөө тусгажээ. Намын зарим нөхөд Лениний боловсруулсан хөтөлбөрийг дэмжсэнгүй. Эндээс большевик буюу олонхи, меньшевик буюу цөөнх гэсэн ойлголт гарсан байна. 

1917 оны 10 сард Ленин өөрийн дэмжигчдэд хандан зэвсэг барин бослого гаргах хэрэгтэй гэж ятгаж дөнгөв. Ингээд Петроград хотод болсон бослогыг Ленин гардан зохион байгуулжээ. Зөвлөлүүдийн 2-р их хурлаар Ленинг Ардын комиссарын дарга, Зөвлөлтийн ажилчин тариачны намын даргаар сонгожээ. 

1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-ний 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархины судас нарийсаж, тархины цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцсыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулсан юм.

Лениний тухай сонирхолтой баримтуудаас: 

“Ленин” гэсэн нууц нэр нь анх 1901 онд бий болжээ. Тухайн үед өөрийн хэд хэдэн бүтээлээ В.И.Ульянов “Н.Ленин” гэсэн нэрээр бичиж эхэлсэн байна.

1917 онд Норвеги улс Ленинд Нобелийн Энхтайвны шагнал олгох санал тавьсан хэдий ч хугацаа нь хоцорсноос хүчингүй болсон аж. Гэвч Нобелийн шагнал хариуцдаг зөвлөлийн зүгээс хэрэв Орос оронд энхтайван тогтох юм бол шагналыг олгохоос татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан боловч Иргэний дайн Ленинд Нобелийн шагнал хүртэх боломж олгосонгүй.
1887 онд залуу Владимир Ульянов Симбирскийн гимназийг төгсчээ. Сонирхолтой нь, тухайн үед гимназийн захирал нь 1917 онд Түр Засгийн газрыг толгойлж байсан А.Ф.Керенскийн аав Ф.М.Керенский байсан аж.

Хэрэв Владимир Ильич маань өнөө цагт амьд сэрүүн байсан бол биднээс ингэж асуух байсан болов уу...

Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг

Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хө

Хоймор залахад хийморь болж

Айл гэр тэтгэх Ленин багш минь

Хосгүй эрдэнийн суут их нар аа хө хө...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ