...
...

Онгоцны хөдөлгүүр дэлбэрэн, зорчигч амь алджээ

Америкийн Southwest Airlines компанийн Boeing-737-700 зорчигч тээврийн онгоц Нью-Йоркийн Ла-Гуарди нисэх буудлаас хөөрөн Даллас руу нислэг үйлдэж явахдаа нэг хөдөлгүүр нь шатаж агаарт дэлбэрсний улмаас Филадельфид ослын буулт хийсэн байна. Энэхүү ослын уршгаар нэг хүн амь үрэгдэн, долоон зорчигч гэмтэж бэртсэн бөгөөд золгүй нэгэн зорчигч эмэгтэйг онгоцноос золтой л сороод шидчихээгүй тухай Associated Press мэдээлжээ.

Ийнхүү нэгэн зорчигч харамсалтайгаар амь үрэгдсэн явдал АНУ-ын нисэх компаниудын хувьд 2009 оноос хойш анх удаа, харин Southwest Airlines компанийн хувьд 50 жилийн түүхэндээ анх удаа тохиолдож байгаа аж.

 Тус компанийн захирал Гэри Келли амь алдсан зорчигчийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээс харахад, талийгаач зүрхний шигдээсээр таалал төгссөн бололтой.

Онгоцонд нийт 144 зорчигч, нисэх багийн 5 гишүүн явсан бөгөөд зүүн талын хөдөлгүүрийн дэлбэрэлт нь ойролцоох далавч, цонх зэргийг эвдэлж гэмтээсэн аж.

Диспетчерүүдийн хийсэн бичлэг дээр нисгэгчдийн нэг нь: “Онгоцонд маань нүх үүсээд, хэн нэгэн түүн рүү нисчих шиг боллоо” хэмээн хэлсэн тухай BBC мэдээлжээ.

Зорчигчдын өгүүлснээр, дэлбэрэлт болсны дараахан нэгэн зорчигч эмэгтэй хагархай цонх руу сорогдсон бөгөөд бусад зорчигчид түүнийг буцаан татаж амжсан гэнэ. Энэхүү осолтой холбоотойгоор Америкийн иргэний нисэхийн холбооны агентлаг мөрдлөг шалгалт явуулж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ