...
...

Яралзсан цагаан шүдэт /хөөрхөн түүх/

Тээр жил гэрээрээ Архангайн рашаанд орохоор замд гарцгаав. Дөрвөн гэр бүлийн гурван машин. Гурван хүргэнээс бусад нь хүүхнүүд. Бид явсаар оройхон хэрд бороо зүсэрч эхлэхийн алдад төөрчихөв. Гэтэл яг хажуугаар улаан Иж мотоцикл дээр сундалдсан хөдөөний хоёр малчин залуу гүйцэж түрүүлээд өнгөрөхийн алдад ээж маань дуудаж зогсоогоод зам асуув. Өнөө хоёрын нэг болох, жолоон дээр суусан яралзсан цагаан шүдтэй улаан ягаан залуу нь яралзтал инээж байгаад хэлж байна. "Манайх энүүхэнд байгаа. Та хэд манайд очоод хоно оо. Бороо орж байна. Зам ч бүдэг байгаа. Өнөөдөртөө хүрэх газраа хүрнэ гэж байхгүй. Би маргааш замчлаад хүргээд өгье" гэж. Бид таньж мэдэхгүй хүн дагаад хаа хүрэхээ мэдэхгүй ч хүний олонд эрдээд дагаад шидчихэв. Хоорондоо ярилцав: "Хэрвээ дан гэр байвал сэжигтэй. Буухгүй шүү. Олон гэр байвал яахав хэдүүлээ майхан саваа бариад хоноод явъя".

Ингээд яралзсан цагаан шүдтийг дагаад гэрт нь хүрч очвол ярайсан таван цагаан гэр угтав. Бишүүрхүү нь дэндсэн хотын дотор санаатнууд гэрэвшингүй цувсаар дунд талын том гэрт орж цай хоолны бараа харав. Юу болов гэмээр энд тэндээс даруухан залуу охид ээлжилж орж ирээд юу юугүй ор дэр засаж, хоол унд өрж, хэдэн залуус нийлээд хонь мал төхөөрч гарав. "Өглөө хэдэн төгрөг нэхэж баллах бол?" гэлцэж байсан ч бид зочломтгой хөдөөгийн айлд үүр цайлгахаар шийдэцгээлээ.

Сайхан эрээлэн будсан монгол гэрт яралзсан цагаан шүдэт маань гал өрдөн дулаацуулж, хот айлынхны аав нь гэх сайхан буурай орж ирээд инээд хөөр нэмж, хотын бид ч хэрдээ хөгжөөд авав. Дүү нар маань хөгжилтэй, хүн нааш цааш нь явуулахдаа гарамгайг хэлэх үү, зарим нь үүр цайтал мар мар хийлдсээр өглөөтэй золгов. Өглөө унтаж байх хооронд хэн нэг нь орж ирээд дахин гал өрдөж, даргилсан цай үйчихээд гарч явах дуулдав. Төдөлгүй бас өөр нэгэн охин орж ирсэнээ шинэхэн цагаан өрөм, гарын боорцогтой тавьчихаад сэмхэн гишгэлсээр гараад явав. Бид ч босоцгоож, өглөөний тунгалаг агаар дунд цайлцгаан, гэрийн эзэн өвөөтэйгээ элдвийг хөгжилдсөөр хөдлөх тийшээ хандав. Яралзсан цагаан шүдтийг Бааяа гэдэг гэнэ. Бид идсэн уусныхаа төлбөрийг хийх гэтэл өвөө дургүйцэж байна. Хүн ийм сайхан сэтгэлтэй байдаг аа гэлцэн гайхаж байсан бид хэрхэн ачийг нь хариулахаа мэдэхээ байцгаан, тэрүүхэндээ шоконд орцгоов.

Харин мань Бааяа бидэнд хоргодоод эргэлдэж гүйсээр байгаад биднийг дахин нэг хонуулах зөвшөөрлийг олж аваад яралзтал инээсээр ийш тийш гүйж харагдана. Бид зүгээр л гайхацгааж байв.

-Энэ цагт бас ийм сайхан хүмүүс байдаг аа? Энэ гэртээ хонуулдаг айлын ах чинь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа эхнэртэй, гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэгээд хамгийн гоё гэрээ бидэнд суллаж өгөөд өөрсдөө илүү гэртээ хүүхдүүдээ аваад хоноцгоосон юм байна.

-Хөөх, тийм үү? Одоо яана аа? Давхар биетэй хүүхнийг нь дан гэрт хонуулчихаад бид энд тансаглаж суусан байдаг. Ёстой муухай юм болжээ.

-Харин энэ Бааяа чинь эхнэргүй гэнэ. Нутгаасаа гарч үзээгүй юм билээ. Гэхдээ тусч, цайлганаараа нутагтаа зартай нэгэн гэнэ. Байсхийгээд л автобус автобус хүн авчраад гэртээ хонуулаад цайлчихдаг зантай гэнэ.

-Хөөх, тийм үү? Ямар инээдтэй хүн бэ, тийм ээ? Гэхдээ хөөрхөн юм аа.

Ингээд тэр айлд гурав хонод бид рашааныхаа зүг Бааяагаа дагуулаад хөдлөв. Бааяа маань бидэнд зориулаад гэр ачаалаад авч явав. Рашаан дээр очоод барьж өгч, тав тухтай арав хонуулах гэнэ. Ийм сайхан сэтгэл байдаг аа? Бааяа рашаан дээр очоод гэрээ барьж өгөөд, хажуугаар нь түлээ мод бэлдэж, хонь мал төхөөрч өгчихөөд л алга болчихно. "Бааяа хаачив?" гэхээр хаа хамаагүй танихгүй айлын гэрийн үүдэнд бохироод суучихсан мод хагалж харагдана, эсвэл хонь төхөөрөөд л гүйж байна. Тэрүүхэндээ бид ч бас Бааяагаа харамлах янзтай.

Ингээд хөгжилтэй зугаатай, Бааяатай арав хоног өнгөрөөд бид буцахаар болов. Бааяа биднийг дахин гэртээ урьсанаар түүний хот айлд нэгмөсөн шингэж тав хоног тансаглаад авав. Буцах өдөр ирж, бид ч машиндаа сууцгааж аваад замдаа гарцгаалаа. 9 хүүтэй айлын өвөө Чулуун гуай биднийг хүүхэд шигээ үнсээд, ерөөлөө захиж, эргэн уулзахын ерөөл талбиад замд үдлээ. Харин араас Бааяа маань нулимсаа байн байн шударчихсан "Полтер"-оо унаад /өөрөө ингэж нэрлэдэг юм/ нутгийн зах хүртэл үдэж өгөв. Бид ч хоргодон хоргодон эргэн харалдсаар явцгаалаа.

Намар нь Бааяа маань нийслэлд анх удаа айлчлав. Тэр ганц биеэрээ яваа дүү охинд минь сэтгэл алдарчээ. Энэ чимээг дуулсан бид ч тал талаас нь дэмжив. "Ийм сайхан сэтгэлтэй хүн ховор. Эвдрээгүй, цайлган".

Харин дүү охин хэлж байна: "Ээ, та нар битгий ингэ л дээ. Би чинь хэдий ганц дагавар хүүхэдтэй ч гэлээ хоёр ч дээд сургууль төгссөн. Өөрийн гэсэн орон гэр, унаа машинтай, холын зорилготой хүн ш дээ. Яаж би бүтэн аравдугаар ангиа ч төгсөөгүй, хөдөөгийн, юу ч мэдэхгүй залуутай суух юм бэ?!"

Гэсэн ч бид хүний чанарыг олох хэцүү болсон энэ цагт ийм хүн дахин таарахгүй гэлцэн тал талаас нь шахаж шавдуулсаар хоёр дүүгээ нэг гэрт зангидаад авав. Дүү маань ч төдөлгүй номхроод өглөө. Ингээд жил хагасын дараа яралзсан цагаан шүдтэй Бааяа манай хүргэн болон нижгэр хурим хийлээ.

Хуримласнаас хойш дахин нэг жилийн дараа дүү маань нөхрийгөө даган хөдөөгийн эмнэлэгт ажиллахаар сайн дураараа гэрээ ачаалаад явсан юм. Тэд маань одоо аз жаргалтай, амар тайван сайхан амьдарч байгаа. Харин Бааяа маань яралзтал инээсээр, орсон гарсан бүхэнд байдгаа барьж гүйдэг хэвээрээ л байгаа. Түүний ах дүүс, буурал аав Чулуун гуай ч бидэнд төрсөн шиг минь дотносуу, элгэмсүү хэвээр. Харин ээж маань хотоосоо нүүр буруулж, Бааяагийнх руу гүйдэлтэй болсоор удаж байна. Өнөөдөр ч бас ээж маань хөдөөгийн хүргэнийдээ тарвалзаад гэртээ ирэх янзгүй. Тэр аяллаас хойш дөрвөн жил өнгөрсөн бол, нижгэр хуримнаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч. Хотод идээших гэж бишгүй хөглөж байсан хүргэн дүү маань хөдөөдөө очоод уртын дуугаа аялан, инээд алдсаар, сайхан эхнэрээрээ гайхуулан жаргалтай амьдарч байгаа гэнэ лээ. Хоёр дүүдээ аз жаргал хүсье.

by Facebook

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ