...
...

Орон нутгийн сэтгүүлчид салбарынхаа шинэ хөгжлийн шанг хамтдаа татлаа

Орон нутгийн сэтгүүлчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, салбартаа хөгжлийн шинэ алхам хийхээр санал нэгдлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран "Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”-ыг Орхон аймгийн “Сэлэнгэ”амралтын баазад энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулганд 21 аймгийн 160 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцсон бөгөөд Орон нутгийн сэтгүүлчдийн форумын албан ёсны үйл ажиллагааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж үг хэлэв.

Тэрбээр “Бидний хувьд Монголын сэтгүүл зүйн салбар нэг хавтгай дээр оршиж байна. Хот хөдөөгийн сэтгүүлчдийн ялгаа, хот хөдөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ялгаа гэж байх ёсгүй. Яагаад гэвэл, бид адилхан хөдөлмөрлөж, нэгэн зорилгын төлөө явж, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, үнэний дуу хоолой болон ажиллаж байгаа. Тийм учраас Баян-Өлгийд  ч, Өмнөговьд ч, Сүхбаатарт ч, Сэлэнгэд ч, Улаанбаатарт ч бидний хөдөлмөрийн үнэлэмж адилхан байх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцийн санхүүжилт тогтвортой байх ёстой. Үүнийгээ дагаад сэтгүүлчдийн цалин хөлс нь цагтаа тавигддаг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудлаа шийдвэрлэж чаддаг, мөн сэтгүүлчид Монголын нийгэмд хамгийн өндөр цалинтай боловсон хүчний хэмжээнд очихын тулд салбараараа хичээн чармайх шаардлага бидэнд байна. Өнөөдрийн форумын тэргүүн зорилго бол энэ юм. Бид олон удаа ярьсан, олуулаа ч ярьсан, ганц нэгээрээ ч ярьсан. Өнөөдрийн форумаас мэргэжлийн сэтгүүл зүйд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлүүд, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ төсөл хөтөлбөр бичих, салбар байгууллагын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, редакцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгүүлчийн цалингийн хэмжээг тодорхой хэмжээнд өсгөх, орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх цаашилбал, гадаад дотоод томилолтын асуудлыг тогтворжуулах, улам бүр хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийг гаргасан үр дүнтэй хурал сургалтууд болно гэдэгт гүнээ итгэн найдаж байна” хэмээсэн юм.

Форумд МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, МҮМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр, “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн орлогч дарга Д.Галбаатар, Монголын лектор төвийн тэргүүн Ц.Баатархүү, МСНЭ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Элбэрэл нар урилгаар оролцож, илтгэл тавилаа.

"Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”-ын төрөлжсөн сургалтыг МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн дарга, найруулагч Г.Энхтөр, “Өдрийн сонин”-ы дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар, Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, “Хурд” агентлагийн захирал Б.Баярсайхан нар чиглэл чиглэлийн дагуу хөтлөн явууллаа.  

Мөн "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө" үзэл санаанд тулгуурлан Олон улсын байгууллагад болон төрийн байгууллагад төсөл бичих, Маркетингийн төлөвлөгөө боловсруулах тухай, Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал, Орчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудлууд, зураглаач, эвлүүлэгч, дизайнер, FM радиогийн хөтлөгч, найруулагчийн цогц сургалтууд ч явагдсан юм. Форумын үеэр Орон нутгийн сэтгүүлчид "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон 21 аймгаас ирсэн салбар зөвлөлийн дарга, түүний төлөөллүүдээс тодорхой асуултуудад хариулт авснаа хүргэе.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР: Сэтгүүл зүйн салбарын санхүүжилтийг хараат бус, зөв аргаар  нэмэгдүүлэх аргыг бид эрэлхийлж байна

-Орон нутгийн сэтгүүлчид анх удаа ийм олуулаа цугларч байна. Та энэхүү форумаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Юуны өмнө сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. МСНЭ-ээс гуравдугаар сарын  6-нд ажлын төлөвлөгөөгөө гаргаж, Орон нутгийн сэтгүүлчдийн форум зохион байгуулахыг санаачилсан. Миний бие орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаярын хамт 21 аймгаа тойрч, орон нутгийн сэтгүүлчдийнхээ ажил амьдралтай газар дээр нь танилцах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажиллаж байгаа, тэдэнд тулгамдаж байгаа асуудал нь юу юм бэ гэдгийг судлах зорилго тавьсан. Эл үндсэн дээр өнөөдөр 172 хүн цугласан Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018 уулзалтыг зохион байгуулж байна. Форумаар бид зургаан төрлийн үндсэн сургалтыг өгч байгаа юм. Дээрээс нь дөрвөн төрлийн төрөлжсөн сургалтыг явуулж байна. Сэтгүүлчдийнхээ мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хамгийн сүүлийн үеийн  мэдээллээр хангах зорилгыг нэгдүгээрт агуулж байна. Форумаас хүлээж байгаа бидний хамгийн том үр дүн бол редакцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх төрөл бүрийн аргыг эрэлхийлэх юм. Монголын сэтгүүл зүйн салбар 105 жилийн түүхтэй, МСНЭ 67 жилийн түүхтэй. Үндэсний сэтгүүлзүйн энэ салбар өөрөө хөгжиж ирэхдээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг ямар нэгэн хэмжээнд шийдсээр ирсэн. Энэ хугацаанд төсөл хөтөлбөр, санхүүжилтийн асуудлууд хоцрогдсон байна гэж шинэ баг бүрэлдэхүүн үзэж байгаа юм. Тиймээс орон нутгийн төсөв, улсын төсөв, олон улсын байгууллага, бизнесийн тодорхой байгууллага гэсэн ийм эх сурвалжид төсөл бичиж хамтран ажиллах зарчмаар санхүүжилтээ нэмэгдүүлэхийг санаачилж байна. Сургалтын маань гол агуулга бол төсөл бичих зааврыг орон нутгийн сэтгүүлчдэд өгөх. Мэргэжлийн багш нарыг урьж авчирч, гурван төрлийн төслийг хэрхэн бичих талаар зааж байна.

Нэгдүгээрт, Олон Улсын байгууллагуудад хэрхэн төсөл бичиж, яаж санхүүжилт татаж болох вэ,  хоёрдугаарт, орон нутгийн төсөвт төслийг хэрхэн суулгадаг юм бэ, тэндээс нь хэрхэн санхүүжилт авах вэ гэсэн энэ асуудлыг хичээл болгож орж байна. Гуравдугаарт,  маркетинг болон бизнес төлөвлөгөө хэрхэн боловсруулах талаар зааж байна. Яагаад энэ зүйлийг ярьж байна вэ гэхээр, бид хараат бус сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл мэдээлэл зэрэг зүйлийг олон жил ярилаа. 27 жилийн туршид бид ардчилсан Монгол улсын түүхэнд энийг ярьсаар ирсэн. Эцсийн бүлэгт судлаад үзэхээр хамгийн гол асуудал юунд байна вэ гэхээр энэ бүхэн сэтгүүлчийн цалин байна аа гэж үзэж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөг дээшлүүлье гэвэл сэтгүүлчийн цалинг л өсгө. Сэтгүүлчийн цалинг өсгөхийн тулд редакцийн санхүүжилтийг нэмэгдүүл. Редакцийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний сэтгүүл зүйн салбарын нийт санхүүжилтийг зөв аргаар, хараат бусаар нэмэгдүүлэх ийм арга замыг бид эрэлхийлж, бодитой ажил болгохыг зорьсон. Энэ бол Орон нутгийн сэтгүүлчдийн форумаас хүлээж байгаа хамгийн том үр дүн, хамгийн том шийдэл. Энэ бол эхлэл,  эргүүлээд бид ирэх сарын 3-нд буюу “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” үндэсний хэмжээнд 1000 сэтгүүлчийг урьж оролцуулж, энэ асуудлаа цааш нь үргэлжлүүлэн ярина. Тэгэхээр Орон нутгийн сэтгүүлчдийн форумын хамгийн гол утга учир нь дараагийн үе шатыг хангах боломжийг эрэлхийлж байгаа, үүний шанг татаж байгаа гэдгийг хэлье.

-Орон нутгийн сэтгүүлчдийн ур чадвар ямар түвшинд байна гэж үзэж байна?

-Сэтгүүлчдийн ур чадварыг хотод нэг янз, орон нутагт нэг янз байна гэж би хардаггүй. Энэ бол хувь хүний мэдрэмжтэй холбоотой асуудал гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Сэтгүүлчийн ур чадвар гэдэг бол эзэмшсэн мэргэжлийнхээ хажуугаар байгалиас заяасан мэдрэмж, дээрээс нь өөрийн хичээл зүтгэл, байнгын сурч боловсорсны үр дүн юм. Ур чадвар гэхээсээ илүү  орон нутгийн сэтгүүлчдийн хувьд харьцангуй бага мэдээлэлтэй байна. Мэдээлэл солилцох боломж нь бага, хоорондоо туршлага солилцох боломж нь хомс, тэгээд хумигдмал хүрээнд ажиллаж байгаа учраас хэдийгээр авьяастай, хариуцлагатай, ёс зүйтэй  сэтгүүлч байгаад ч цаашаа хөгжих боломж нь сурч боловсрох, илүү их мэдээлэл олж авах, олуулаа уулзах тэр зүйлээр хязгаарлагдаад байгаа юм байна гэж харж байгаа юм.

-Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу байв?

Би таны асуултад шууд хариулъя. Сэтгүүлчийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, редакцийн санхүүжилт энэ бол Монголын сэтгүүл зүйн салбарын бүх түвшинд тулгамдаж байгаа асуудал.

-Техник технологийн дэвшил гэдэг ч юм уу бас ийм зүйлүүд байдаг уу. Мөн намын харьяалал гэдэг зүйлүүд байгаад байдаг ш дээ?

-Мэдээж байгаа. Жишээлбэл, техник технологийн дэвшил  бидний үйл ажиллагааг илүү өндөр түвшинд аваачдаг. Техник технологийн хэрэгсэл хэвлэл мэдээллийг дараагийн түвшинд гаргадаг. Гэхдээ үүнийг мөнгөөр хийдэг, санхүүжилтээр шийддэг. Тэгэхээр энэ санхүүжилт нь, энэ мөнгө нь өөрөө цэвэр бөгөөд зөв байх ёстой. Сэтгүүл зүйн байгууллагын хувьд та сая намын асуудал ярьж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ямар нэгэн улс төрийн өнцгөөс харах зүйл өнөөгийн нийгэмд их түгээмэл болсон. Бид өөрсдөө хүртэл тэгж хардаг. Үүний цаана ерөөсөө ганц асуудал байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцааг хуулиар батлуулах ёстой. Редакц, сэтгүүлч хоорондын харилцааны асуудал, редакц, эзэн хоёрын хоорондын харилцааны асуудал, эзэн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцааны асуудал гээд энэ бүх харилцааг зохицуулж чадах юм бол бид бүрэн шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.БАТБАЯР: МСНЭ-ийн цохилох зүрх, лугших судас нь сэтгүүлчид, ХМ-ийн ажилтнууд юм

-Орон нутгийн сэтгүүлчдийн форумын тухай сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-МСНЭ-ийн 17-р их хурлаас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын итгэл, сэтгэл дэмжлэгтэйгээр дэд ерөнхийлөгч болсон. Дэд ерөнхийлөгч болсноосоо хойш МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай хамтарч 21 аймгийг тойрлоо. Бид явах хугацаандаа сэтгүүлчдийнхээ аж амьдрал, ажилтай газар дээр нь танилцаж, мөн шийдвэрлэх ажлыг зохион байгуулсан. Орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ мэргэжлийг дээшлүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдэж, орон байраар хангах зэрэг асуудлуудыг хэрэгжүүлэх талаар анхны алхмуудаа хийлээ. Өнөөдөр бид бүхэн их ололт амжилттай байна. Улсын маань их бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотдоо сэтгүүлчдээ авчирлаа. Баян-Өлгий, Увс, Ховд баруун бүсийн аймаг, Зүүн бүсийн аймгууд, Өмнөговь зэрэг бүх л 21 аймгийн 23 салбараас 160 гаруй сэтгүүлчид нэгэн дор чууллаа. Энэ нь  Монголын сэтгүүл зүйн салбарт анхных гэдгээрээ их онцлогтой. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид сургалт явууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн хэлтсийн орлогч дарга, доктор Д.Галбаатар сэтгүүлчдэд “Эрдэнэт” үйлдвэрт оруулж байгаа хувь нэмрийн талаар тодорхой мэдээлэл хүргэлээ. Тиймээс энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн сэтгүүлчид идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье. Хамтын хүч амжилт гэж байдаг. Үнэхээр бид хамтдаа байж чадвал их зүйлийг хийж бүтээх юм байна. МСНЭ-ийн цохилох зүрх нь, лугших судас нь орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид, сэтгүүлчид юм гэж би боддог. Бид цаашдаа олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ирэх тавдугаар сарын 2-нд төсөл хөтөлбөр бичих, маркетинг боловсруулах энэ хөтөлбөрийнхөө талаар дахин давтан сургалтыг явуулаад, өгсөн даалгавраа авах, шалгах ажлуудыг явуулна.  Мөн 1000 сэтгүүлчийн форумыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн.  Үүнд сэтгүүлчид маань идэвхтэй оролцож, хамтдаа урагш зүтгэх байх гэж найдаж байна.

-Монгол орныхоо 21 аймгийг тойроход орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж байгаа нийтлэг асуудал юу байв?

-Ерөнхийдөө сэтгүүлчдэд тулгамдаж байгаа асуудал бол тэдний нийгмийн асуудал. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд орон байргүй, мөн цалин бага гэхчлэн олон асуудал байна. Энэ болгоныг бид шийдвэрлэе, хамтдаа энэ гаргалгааг гаргая, гарцыг хайя гэсэн бодолтой байна. Түүнээс биш төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, орон нутгийн сэтгүүлчдийн ялгаа гэж байх ёсгүй. МСНЭ-ийн ажлын алба болон ерөнхийлөгчийн барьж байгаа бодлого үүнийг арилгахын төлөө зорьж байгаа юм. Мэдлэг, мэдээллээрээ манай орон нутгийн сэтгүүлчид ялгарах юм байхгүй, адил түвшинд байна. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн ажлын байр болон орон байрны асуудал хэцүү байгаа учраас үүнийг нэн түрүүнд шийдвэрлэх ёстой юм байна хэмээн анхны алхмуудаа хийсэн.

Өмнөговь аймгийн “Монгол говь”сонины сэтгүүлч Ж.САЙНЖАРГАЛ: Энэ форумаар маш олон талын мэдлэг, мэдээлэл олж авлаа

-Орон нутгийн сэтгүүлчдийн форумын оролцогчийн хувьд таны сэтгэгдлийг сонсъё?

-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. “Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018”-ын үйл ажиллагаа амжилттай сайхан боллоо. Орон нутгийн сэтгүүлчид нэг дор хуран цуглаж, асуудлаа ярьж, бид цаашид яах вэ зэрэг олон зүйлүүдийн талаар мэдээлэл солилцож, бие биенээсээ туршлага судалж өнгөрүүлсэн байна. Өмнө нь уулзаж байгаагүйгээр олуулаа цугласан,  маш олон талын мэдээллийг олгосон энэ сайхан үйл ажиллагааг  МСНЭ-ээс зохион байгуулж байгаад туйлын их баяртай байна. Бид Өмнөговь аймгаас найман хүний баг бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Орон нутгийн сэтгүүлчдэд сургалт маш чухал байдаг. Яагаад гэхээр, бид хөдөө орон нутагтаа цаг наргүй ажиллаж байдаг учраас тэр бүр сургалтад үүн шиг олуулаа хамрагдаад байх боломж тааруу. Гэхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдсоноосоо хойш 21 аймаг руу анхаарч, богино хугацаанд аймгуудаа тойрч, сэтгүүлчидтэй уулзаж, орон нутгийн сэтгүүлчдийн төлөө ажиллаж байгаад бид үнэхээр баяртай байна. Энэ форумаар маш олон талын мэдлэг, мэдээлэл олж авлаа. Мөн энэ үеэр зөвхөн сэтгүүлчид гэхээсээ илүү байгууллага нь яаж оршин тогтнож, орон нутгийнхаа хэвлэлийн зах зээл дээр амьдрах, заавал нэг байгууллагатай гэрээ хийж явдаг биш, уншигч, захиалагч, үзэгчдийн мэдэх эрхэд нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн форум боллоо” хэмээн бахдан өгүүлэв.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн форум-2018” уулзалтын үйл ажиллагаа МСНЭ болон салбар зөвлөлийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм. Энэхүү гэрээ нь салбар зөвлөлүүдийг цагдаж байгаа асуудал биш, харин Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өөрсдийгөө үүрэгжүүлж байгаа гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолж байлаа. Тэрээр “тал талдаа зүтгэж, зүйл заалт бүрээр нь хичээж ажиллая. Монголын үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийг авчрахын төлөө хамтдаа зүтгэе” хэмээн уриалсан юм. Мөн Орон нутгийн сэтгүүлчдийн форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсноо МСНЭ-ийн ажлын албанаас мэдэгдлээ.

Breakingnews.mn

Д.Атарцэцэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ