...
...

World Press Photo 2018-ын ялагчид

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг World Press Photo 2018 гэрэл зургийн уралдааны шагналтнуудыг Амстердам хотноо зарлажээ.

Тэргүүн шагналыг Венесуэлийн гэрэл зурагчин Роналдо Шмидт хүртсэн бөгөөд тэрээр Каракас хотод болсон эсэргүүцлийн жагсаалын нэгэн оролцогч биендээ гал дүрэлзүүлэн гүйж яваа зураг нь оны шилдэг зургаар шалгарсан байна.

World Press Photo 2018 уралдаанд дэлхийн 125 орны 4548 гэрэл зурагчид 70 мянга гаруй бүтээлээрээ оролцсон аж.

World Press Photo 2018-ын оны шилдэг зураг. Венесуэлийн гэрэл зурагчин Роналдо Шмидт. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр.

“Хүрээлэн буй орчин” ангилалд 1-р байр эзэлсэн бүтээл. Өмнөд Африкийн гэрэл зурагчин Нейл Алдриж. Зураг дээр нүдийг нь боож, түр нойрсуулсан цагаан хирс дүрслэгджээ. Түүнийг хулгайн анчдаас хамгаалахын тулд Ботсван дахь зэрлэг байгальд тавихаар бэлдэж буй нь.

“Гол мэдээ” ангиллын тэргүүн байрын бүтээл. Австралийн гэрэл зурагчин Патрик Браун. Мьянмараас дүрвэн зугатахыг оролдох үедээ завь нь сүйрч амь алдсан рохинжа иргэдийн цогцос. Хөлөг дээр 100 хүн явснаас дөнгөж 17 нь л амь аврагдаж чаджээ.

“Спорт” ангиллын 1-р байрын бүтээл. АНУ-ын гэрэл зурагчин Оливер Скарфф. Их Британийн Ашборнд жил бүр явагддаг Хатан хааны нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээний үеэр хоёр багийн тоглогчид бөмбөгний төлөө өрсөлдөж байгаа нь.

“Байгаль” ангилалд тэргүүн байр эзэлсэн бүтээл. АНУ-ын гэрэл зурагчин Кори Арнольд. Аляскийн Датч-Харбор дахь супермаркетын хогийн саван дотроос махны цөвдөл олоод идэж буй цагаан толгойт бүргэд.

“Орчин үеийн гол асуудлууд” ангилалд 1-р байр эзэлсэн зураг. Германы гэрэл зурагчин Жеско Дензел. Лагосын жуулчидтай завь Нигерийн Макоко ядуусын хорооллын дэргэдүүр хөвж яваа нь.

“Хүмүүс” ангиллын тэргүүн байрын бүтээл. Шведийн гэрэл зурагчин Магнус Веннман. Унаж татах өвчнөөр шаналж буй Косовогийн дүрвэгсэд Шведийн Хорндала эмнэлэгт хэвтэж байгаа нь. Баруун гар талын Женета 2,5 жил хэвтэрт байгаа, харин түүний дүү Ибадета хагас жил орчим хэвтэж байна.

  Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ