...
...

Хэдэн өдөр нойргүй, сар мах үнэрлэхгүй зовж үзсэн хүний үг...

Би сэтгүүлч мэргэжилтэй, Япон улсад дөрвөн жил суралцсан дээд боловсролтой бүсгүй л дээ. Гэхдээ та нар намайг энд тэнд үйлчлэгчийн хувцастай шалны мод бариад хог цэвэрлээд зогсож байвал битгий гайхаарай. Миний хувьд хүн хөдөлмөрлөж байж амьдардаг, амьдралын амт шимийг мэдэрдэг гэдгийг хүний нутагт хэдэн жил хар бор ажилд нухлагдахдаа ойлгосон юм. Нуугаад яах вэ анх би хар бор ажил хийхгүй гэж ичдэг байсан. Гэтэл юуг ч ойлгоогүй өчүүхэн сэтгэдэг миний нүдийг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг хөдөлмөрч орон нээж, намайг хүмүүжүүлж өгсөн юм. Ажил хийж ам тосдоно гэдэг. Тиймээ! Залуу хүн завгүй байх тусам амьдрал аз жаргалаар дүүрэн амттай байдаг. Биднийг хүлээдэггүй цаг хугацаа юм шүү. Тиймээс цаг хугацаатай уралдан ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг юм. Чамайг зүгээр байхад чамд хэн ч талхны мөнгө өгөхгүй. Харин чи хөдөлмөрлөж л байвал чамайг амьдрал өөрөө шагнадаг юм. Залуус дүү нар минь! Хүн зовох тусам ухаажиж хүмүүждэг юм шүү. Өнөөдөр чамд диплом байгаа ч ажил олдохгүй байна уу? Тэгвэл олдож байгаа ажлыг нь хий! Яадаг юм! хүн чамайг яриг л дээ. Идүүлсэн мод цэцэглэж, идсэн эрүү хувхайрдаг нь жам. Чи хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, чи хэнээс ч гуйхгүй хөдөлмөрлөж л байна. Нэг л мэдэхэд сэтгэлээ зориулан ажилласан чиний багаж шалны мод магадгүй энгэрт чинь гялалзах шагнал болон хувирах өдөр ирнэ ээ. Хөдөлмөр хүнийг заавал шагнадаг юм. Талхны мөнгөгүй өлсөж, таксины мөнгөгүй алхах тийм ч сайхан байдаггүй л юм. Хэдэн өдөр нойргүй, сар мах үнэрлэхгүй зовж үзсэн хүний үг гэж бодоод миний зөвлөгөөг ганц удаа дагаарай. Гурван өдрийн өл даахгүй байж, гурван зуун мянгын гутал зээлээр өмсөөд та өөрийгөө сайхан харагдана гэж найдаж байгаа бол эндүүрч байна. Гангарах гээд байгаа бол, гоё албанд тухлах гээд байгаа бол эхлээд, өлсөөд үз!, ядраад үз!, зүтгээд үз! Дараа нь чамд идэх хоол, өмсөх хувцас, үг үйлдэл чинь хүртэл өөрөө шагнал болоод ирдэг юм аа!

Б.Энхчимэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ