...
...

Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр

Одоогоос 37 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд манай орон олон улсын “Интеркосмос” сансрын хөтөлбөрт оролцон, Монголын жирийн малчин ардын хүү Ж.Гүррагчаа анх сансарт мөрөө гаргасан билээ.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны 12 -р сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд мэндэлсэн бөгөөд Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч, Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

 Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг илгээсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ