...
...

Ард түмнээ “бодсон” Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ гаргалаа

Перу улсын төрийн тэргүүн Педро Кучински шууд эфирт ард түмэндээ хандан үг хэлэх үедээ өөрийн огцрох хүсэлтийн тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Тэрээр: “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан тохиолдолд улс орны нөхцөл байдал улам сайжрах төлөвтэй байгаа учраас ийм шийдвэр гаргасан билээ. Манай ард түмэн өөрсдийн эв нэгдэл, эе зохицлыг хангахад зайлшгүй хэрэгтэй байгаа тэр замаар явахад нь би саад болохыг хүсэхгүй байна. Тэгээд ч сүүлийн өдрүүдэд тохиолдоод буй тодорхойгүй үйл явдлуудын уршгаар миний эх орон болон миний гэр бүл зовж шаналахыг би огтхон ч хүсэхгүй байна” хэмээн өгүүлжээ.

Перугийн удирдагч огцрох тухай мэдэгдлээ Конгресст мөн өргөн барьсан байна. Тус улсад сүүлийн өдрүүдэд өрнөөд буй зөрчил шуугианы улмаас ийнхүү шийдвэр гаргахад хүрсэн бололтой. Үүний өмнөхөн, сөрөг хүчний “Ардын хүч” нам Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар энэ сарын 22-нд Конгрессоор хэлэлцэхийн өмнө эсрэг санал өгүүлэхийн тулд гишүүдийг худалдаж авахыг оролдсон тухай мэдэгдсэн аж.

Перугийн Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдсэнтэй холбоотойгоор тус улсын дэд-ерөнхийлөгч Мартин Альберто Вискарра Корнехо эх орондоо эргэн иржээ. Тэрээр Канад дахь Перугийн элчин сайдыг хавсран гүйцэтгэдэг байсан бөгөөд тус улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх ёстой юм байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ