...
...

Наурызын баярын мэнд хүргэе!

Жил бүрийн 3-р сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг энэхүү өдөр казах түмний үндэсний их баяр болох Наурызын баяр тохиодог.

Наурызын баяр. Наурыз буюу Новруз. Персээр: نوروز‎ - шинэ өдөр гэсэн утгатай үг. Нарны цаг тооны бичгээр өдөр шөнө тэнцэх үеийг манай улсын Казах түмэн хийгээд Турк, Иран гаралтай болон ислам шашинтай улс орнууд шинэ жилийн баяр болгон тэмдэглэдэг баяр юм. нэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.


Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нартай мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийн нүхэнд шар тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёстой байсан аж.

Наурыз бол “хаврын баяр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” хэмээн нэрлэх бөгөөд гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг хэмээдэг тул энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг. Кызыр өвөө нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, настан буурал болой.

Наурыз нь баярын эхний өдрийг угтахаас эхэлж Казахууд үндэсний хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байх ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлдэг бол, эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлнэ.

Хүн ард эрүүл байг
Хүүхэд бүхэн жаргалтай байг
Ерөөл айлтгал биеллээ олж
Ертөнц даяар аз жаргалаар дүүрч
Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж
Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа!
хэмээн ерөөнө. Үүний дараа Наурызын баярт зориулж чанасан толгойг настан буюу хамгийн хүндтэй хүн эхэлж хөнддөг учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст хүртээнэ. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх шөл. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн хольцоос бүрдэнэ. Энэ нь: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг болой. Долоон зүйл нь  баяр баясгалан, бах тав, аз, ухаан саруул цэцэн, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай байх, өсч үржих, тэнгэрээс өршөөлтэй байхыг билгэддэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг нь үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.

Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.
Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээхээр хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ.  Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Нас өндөр болсон хүмүүст, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгч болдог. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. 40 хүрсэн эрийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 зул асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.
Наурызын шөлийг том тогоонд бэлтгэдэг. Энэ бол учиртай. Дээр үед улс гүрний хаан, ноёдууд ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын тулд том тогоонд хоол хийлгэн хүн бүхэнд амсуулах ёс байжээ. Нэг тогооноос хоол иднэ гэдэг бол эв нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болдог аж. Жилд нэг удаа ийм байдлаар хоол иддэг ёс байсан байна.


Улыстын улы күни-наурыз мейрамы кутты болсын!

2009 оны есдүгээр сарын 30-нд Наурызыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. 

Бэлтгэсэн Д.Мөрөн

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн нэвтэрхий толь

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ