...
...

Сураггүй алга болсон онгоцыг Google газрын зураг дээр олжээ

Австралийн нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгадаг мэргэжилтэн Питер Макмэхон дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн далайд сураггүй алга болсон Boeing 777 онгоцыг олохын тулд НАСА болон Google Maps-ийг нэлээн хэдэн жил судалж байгаа аж. Тэрээр уг онгоцыг олсон тухайгаа The Sun-д ярьсан байна.

Макмэхоны өгүүлснээр, МН370 рейсийн Boeing 777 онгоц Сейшелийн Раунд жижгэвтэр арлаас өмнө зүгт 16 км зайд байна гэжээ. Уг газар эрлийн үйл ажиллагаанд хамрагдаагүй юм байна.

Австрали мэргэжилтэн өөрийн дүгнэлтээ холбогдох газарт илгээсэн бөгөөд зураг дээр дүрслэгдсэн зүйл нь алга болсон онгоц байж болзошгүй гэсэн хариу гарчээ. Тээврийн аюулгүй байдлын товчоо руу илгээсэн зургууд дээр бууны сумны цоорхойнууд бүхий Boeing онгоцны гадна тал тодхон харагдаж байгаа тухай Макмэхон тэмдэглэсэн аж.

Дашрамд өгүүлэхэд, 2014 оны гуравдугаар сард Malaysia Airlines нисэх компанийн Boeing 777 онгоц Куала-Лумпураас Бээжинг чиглэн нислэг үйлдэж яваад радарын дэлгэцээс алга болсон билээ. Уг онгоцонд нийт 227 зорчигч, нисэх багийн 12 хүн явсан бөгөөд 2015 оны нэгдүгээр сард тэднийг амь үрэгдсэн болохыг албан ёсоор тооцсон юм.

Харин 2018 оны нэгдүгээр сарын эцсээр Малайзын эрх баригчид уг онгоцыг хайх ажиллагааг сэргээхээр шийдэн, Америкийн Ocean Infinity компани 90 хоногт багтаан онгоцыг олж чадвал түүнд 70 сая орчим доллар төлөхөө амласан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ