...
...

Олег Табаковын өв залгамжлагчид

Зөвлөлт, Оросын алдарт жүжигчин, домогт “Табакерка” театрыг үндэслэгч  Олег Табаков саяхан таалал төгссөн билээ. Тэрээр Антон, Павел, Саша, Маша хэмээх гайхалтай хүүхдүүдийг төрүүлж өсгөсөн аз жаргалтай нэгэн байжээ.

Антон, 57 настай

Олег Павловичийн анхны хүү Антон аавынхаа 25 насан дээр, ээж Людмилаг 21 настай байхад мэндэлжээ. Тэрээр “Современник” театрын хөшигний ард хүүхэд насаа өнгөрүүлсэн байна. Иймээс ч түүний жүжигчний хувь заяа урьдчилан тодорхойлогдсон гэж болохоор.

7 настай байхдаа “Времена года” кинонд анхны дүрээ бүтээсэн хүү 15 настайдаа Гайдарын “Тимур и его команда /Төмөр ба түүний нөхөд/” кинонд 1976 онд Тимурын дүрийг бүтээснээр зөвлөлтийн сая сая охидын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байжээ.

Гэвч перестройка эхлэн, кино зураг авалт муудсан учраас тухайн үеийн бусад залуусын адилаар Антон шинэ бизнес эхлүүлсэн байна. Эхлээд тэрээр зар сурталчилгааны ажил эрхэлж байгаад дараа нь рестораны бизнес рүү оржээ. Энэ бизнес нь маш амжилттай явагдаж, нийслэлийн хамаг л гайгүй гэсэн бүсгүйчүүд түүний “Пилот” клуб болон “Мао”, “Обломов” ресторануудад зочлохыг мөрөөддөг болсон аж. Тэдний “гэрийн пирожки”, “Обломовын загасны шөл” ихээхэн алдаршиж, Москвагийн амттан сонжоочид энэ талаар шагшин бичдэг байв.

Антон Табаков эцгийнхээ сэтгэл татам байдлыг өвлөн авсан учраас бүсгүйчүүдийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй байсан бололтой. Зөвхөн албан ёсоор гэхэд л, зургаан удаа гэрлэж байжээ. Зургаа дахь эхнэр Анжеликатай гэрлээд 15 жил болж байгаа бөгөөд эхнэр нь мэргэжлийн орчуулагч, түүнээс 24 насаар дүү гэнэ.

Ууган хүү Антон нь эцэгтээ дөрвөн ач хүүхэд бэлэглэжээ: Никита /27/, Анна /18/ нар Лондонд амьдардаг, бага ач нар болох Антонина, Мария нар нь Парист амьдардаг юм байна.

Саша, 51 настай

Том ах Антоноос ялгаатай нь, Саша аавыгаа ээжээс нь салсныг уучилж чадаагүй бөгөөд түүний гэр бүлээ орхиж явсныг маш хүндээр хүлээж авсан байна. Тэрээр аав, ээжийнхээ замналаар яван МХАТ-ын студи сургуульд элсэн орж,  “Маленькая Вера”, “В городе Сочи темные ночи” кинонуудад тус тус тогложээ.

Наталья Негода шиг секс билэг тэмдэг болох боломж түүнд байсан хэдий ч Саша түүнийг хүссэнгүй. Тэгээд ч түүний уран бүтээлд хайр дурлал саад болж эхэлсэн байна. Саша Табакова герман жүжигчин Ян Лиферстэй хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн боловч хожим салан, Полина хэмээх охинтой үлдсэн нь мөн жүжигчин болохоор суралцаж байгаа аж.

Паша, 22 настай

Олег Табаковын хүүхдүүдийн насны зөрүү атаархал төрүүлэхээр. Павелыг төрөх үед том хүү Антон 35 настай байжээ. Паша бол Антоны адил их хайр сэтгэлээс төрсөн анхны хүүхэд байлаа. Тэрээр Олег Павлович, Марина Зудина нарын агуу хайрын амьд баталгаа аж.

Царайлаг, ухаантай, соёлтой Паша хүү бага наснаасаа хөгжмөөр хичээллэн, 12 настайдаа МХАТ-ын тайзан дээр “Лунное чудовище” жүжигт тоглосон байна.

Хэрэв Антон Табаков жүжигчнээс гараагаа эхлэн, дараа нь бизнес рүү орж байсан бол Павел эсрэгээр нь, эхлээд бизнес-коллежид суралцахыг хүсч, 16 настайдаа театрын сургуульд орохоо эцэг эхдээ гэнэт мэдэгдсэн гэнэ.

Олег Павлович түүнийг өөрийнхөө курст элсэхийг ятгасан боловч хүү зөрүүдлэн өөр замаар явсан байна.  Олег Табаков өөрийн хүүхдүүдээ “од болох өвчлөлөөс” хол өсгөж чадсан бөгөөд бага Табаков сургуульд сурч байхдаа нийтийн байранд амьдран, зарим үед метрогоор явдаг байжээ.

Маша, 11 настай

Бүгдийн хайртай охин, ялангуяа Паша ахынхаа амин сүнс нь болсон Маша охин Антон Павловичийг 71 настай байхад мэндэлжээ. Хайртай нөхрийнхөө 70 насны ойгоор охин төрүүлж өгч бэлэг барьж чадсангүй хэмээн тухайн үед Марина Зудина ихээхэн шаналж байсан гэнэ. Харин Маша охин ирээдүйд эцэг шигээ алдартай жүжигчин, эсвэл том ах Антон шиг нэртэй бизнесмэн болох эсэхийг одоо тааварлахад хэцүү юм. Ямартай ч, энэхүү гайхалтай гэр бүлд авьяас үе дамжин өвлөгдсөөр иржээ.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ