...
...

МЭНДЧИЛГЭЭ /Зэвсэгт хүчний Жанжин штаб/

  Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, энх амьдралыг сахин хамгаалж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицерууд, ахлагч нар, хугацаат болон гэрээт цэргийн албаны дайчид, Монгол хэмээх нэрийг дэлхий дахинд дуурсгаж, Монголын газар нутгийг халуун амь, бүлээн цусаараа тамгалж, баатарлаг өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн үйл хэргийг нэр төртэйгөөр залгамжлан эх орныхоо бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын төлөө зүтгэсэн бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчнээ төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулан яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

      XX зуунд Монгол Улс хөгжил дэвшлийн гараанд соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлэн алхсан бөгөөд энэхүү боломжийг бодитоор бий болгон Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан олж авч, түүхэн эгзэгтэй цаг үеүдэд улам бүр баталгаажуулан эх орноо батлан хамгаалсан явдал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний улс эх орныхоо өмнө байгуулсан мөнхийн гавьяат үйлс билээ.

       Сүүлийн үед дэлхий дахины болон бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын үзэл хандлагад гарч байгаа өөрчлөлтүүдэд нийцүүлэн улс орноо батлан хамгаалах бодлого, зорилтыг боловсронгуй болгон өөрчлөхийг цаг үе шаардаж байгаатай уялдуулж Монгол Улсын Их хурлаар шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах салбарын багц хуулиудыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилт бидний өмнө тулгарч байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний удирдлага, шат дараалсан албан тушаалтан, алба хаагч бүрийн итгэл үнэмшил, идэвх санаачилга, эх оронч, бүтээлч сэтгэлгээ юу юунаас илүү эрхэм чухал юм.

      Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүн дээшлэн, бие бүрэлдэхүүний сурлагын чанарт ахиц гарч, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдсэн, төрлийн цэргийн командлалуудын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжсөн, бие бүрэлдэхүүний алба хаах орчин нөхцлийг сайжруулсан зэрэг олон арван бүтээлч ажил Зэвсэгт хүчний анги, салбаруудад хэрэгжсэн амжилт бүтээл арвинтайгаар Зэвсэгт хүчнийхээ түүхт ойгоо угтаж байгаад сэтгэл хангалуун байна.

        Эрхэм хамтран зүтгэгчид Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажил албаны өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай!

Эх сурвалж:http://www.gsmaf.gov.mn/

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Монголын ардын арми,зэвсэгт хүчний 97-н жилийн ойн баярын мэгд хүргэж,аз жхргалын дээдийг бэлэглье!!!Найз минь эрч хүчтэй,эрүүл чийрэг,эрэмгий зоригоороо,эх орныхоо эр цэргүүдийг удирдан команндалж яваад бахархдаг...Миний найз урт насалж,удаан жаргаарай!!!

  • Er tsereg bol hiimoriin deed yun mori buh kkk

Онцлох мэдээ