...
...

Д.Чинзориг: Бид дөрвөн жил ямар ч баяр тэмдэглэхгүйгээр тултлаа хөдөлмөрлөөд үзэх хэрэгтэй

БНСУ-д манай улсаас 50 гаруй мянган залуус ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний дийлэнх нь үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө орох орон, унах унаатай болох гэж хамгийн багадаа гурав ба түүнээс дээш жил ажиллаж, хөдөлмөрлөдаг аж. Харамсалтай нь жил ирэх тусам гадны орнуудад очиж ажиллах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байгаа юм. Үүний гол шалтгаан нь манай улсын цалин бага, хэрэглээ өндөртэй байдагтай холбоотой хэмээн виз хөөцөлдөж байгаа залуус тайлбарладаг. Ингээд тэдгээр залуусын нэг болох Д.Чинзоригтой онлайнаар холбогдож, дараах асуултуудад хариулт авлаа.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Даваадоржийн Чинзориг гэдэг. Төрсөн нутаг маань Завхан аймгийн Тосонцэнгэл сум. Харин өссөн газар гэвэл Эрдэнэт хотод 23 нас хүртлээ амьдарсан. Эхнэр 2 хүүтэй.

- Солонгост ажиллаж, амьдраад хэдэн жил болж байгаа вэ. Тэнд ажиллаж байгаа гол утга учир, зорилгоо бидэнтэй хуваалцаач?
Ирээд яг нэг жил болж байна. Би ер нь их Үндэсний үзэлтэй хүн л дээ. Тийм дээ ч тэр үү, хэзээ ч Солонгост очиж ингэж ажиллахгүй дээ гэж анх их боддог байлаа. Тэгээд телевизийн салбарт мэргэжлийнхээ дагуу 10 жил ажилласан. Энэ хугацаандаа гэр бүлтэй болж хүний нөхөр, хүүхдийн аав, гэрийнхээ ноён нуруу нь боллоо. Даанч миний дур сонирхолтой бас мэргэжлийн ажил маань цалин багатай, бас гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс, аливаа баяр ёслолоор ажлаа л хийж явдаг байсан. Тэгээд нэг өдөр их бодлоо. Өөрийн нэр дээр нэг бүх л бүтэн өрх бүл босгочихоод өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн газраар л явдаг, баяр ёслолоор ч үр хүүхдүүд маань аавтайгаа баярлаж чадахгүй. Хэдий болтол ингэж явах юм бэ гэж өөрөөсөө асуулаа. Тэгээд л Солонгос явсан хүмүүс л гэр оронтой болж ирдэг. Би ч гэсэн эрхтэн бүтэн, залуу ч байна. Нэг жил яваад ирье гэж шийдээд эхнэртэйгээ ярилцаад, одоо ирээд яг нэг жил болжээ. Удахгүй буцна даа

- Хамгийн анх Солонгост буугаад юу мэдэрч, бодогдож байсан бэ?
Анх энд ирээд нэг машин угаалгын газар ажилд орлоо. Яг дөрөв хоног ажиллаад өөр газар боломжийн цалинтай ажил байна гээд тийшээ явах болсн юм. Тэгээд дөрөв хоногийн цалин авлаа. Гэтэл надад 320.000 вон өгсөн. Би чинь Монгол төгрөг рүүгээ хөрвүүлж бодоод л, дөрөвхөн хоног ажиллаад 650.000 төгрөг гээд л бөөн баяр.  Энд бол хүний хөдөлмөрийг шударга үнэлдэг, хэн хөдөлмөрлөнө тэр хүн мөнгөтэй болдог. Бас нэг зүйл гэвэл, Баянхонгор аймгаас жижиг газар нутагтай хэрнээ өөрсдийн 50 сая иргэн, нэмээд гадны олон иргэд амьдарч байгаа хэрнээ зам нь түгжирч байхыг хараагүй. Машины олон үйлдвэртэй хэрнээ яагаад ийм түгжрэлгүй байна вэ гэхээр дүрэм журмаа сайн баримталдаг, бас бие биендээ хүндэтгэлтэй ханддагийн нэг жишээ энэ байх гэх мэт яриад байвал олон зүйлсийг хэлж болно л доо.

- Та Солонгосын аль хотод ямар ажил хийж байгаа вэ?
Би бурханы визтэй учраас амьдарч байгаа хотоо хэлмээргүй байна аа.

- Монгол болон Солонгос улсын хоорондох хамгийн том ялгаа болон адил төстэй зүйл таныхаар юу вэ?
Ижил төстэй зүйлс гэвэл цаг уурын хувьд нэг их ялгаатай санагдаагүй, өвөл нь харин Монголоос маань арай дулаахан, гэхдээ жиндүү. Ялгаатай зүйл бол маш их байна. Энд яагаад ч юм бүх хүмүүс л ажлын төлөө төрсөн юм шиг ээ. Баяр ёслол тэмдэглэх нь маш цөөхөн. Бас эцэг эхээ ачлах тал дээр их тааруу санагдсан. Аа бас гэр бүлээрээ, эхнэр нөхрүүд хүүхдүүдтэйгээ явж байгааг би маш цөөн харсан. Яагаад ч юм уйтгартай ч юм шиг. Бас нэг чухал зүйл бол мэдээж цалин. Энд үйлдвэрийн газрууд нь цалинг Монголчууд шиг сарын тэд гэдэггүй. Нэг цагийн хөлс гэж боддог. Мөн бүх нийтийн амралтын өдрөөр ажилчид нь амарсан ч цалинг нь яг л үндсэн цагаар нь бодож олгодог. Хууль дүрмээ ёстой чанд баримталдаг санагдсан. Энэ нь магадгүй анхнаасаа л хууль дүрэм нь чанга байсаар иргэдээ сургасантай холбоотой байх. 10.000 воноос дээшхи гэмт хэрэгт эрүү үүсгэдэг шүү дээ. Тиймээс аргагүй байх.

-“Агтын бийд газар үзэж, аавын бийд хүнтэй танилц” гэж ардын сайхан үг байдаг. Энэ үгийн утга учрыг эх нутгаасаа хол байсан хүн л ойлгодог гэлцэх юм билээ?
 Аав маань намайг 10-р ангид орох жил бурхан болсон.

- Уучлаарай, энэ тухай асуух хэрэггүй байж. Гэр бүлээ орхиод явахад таны санааг юу хамгийн их зовоож байсан бэ?
Гэр бүлээ орхиод явахад нэг л зүйлд харамссан. Хүүгийнхээ бага насны дурсамжинд хамт үлдэх жилээс нь нэг жил нь хамт байхгүй нь дээ гэж... Гэхдээ би ингэж үр хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө явах үүрэгтэй. Ингэж явснаар тэднийгээ л тухтай амьдрах нөхцлийг бага ч гэсэн бүрдүүлнэ шүү дээ гэж өөрийгөө зоригжуулж байсан. Манай эхнэр бол миний бат тулгатай ар минь болж явдаг учраас өөр санаа зовох зүйл байгаагүй.

- Магадгүй Монголд ажиллаж амьдарч, гэр бүлтээ болсон Чинзориг Солонгост очоод үзэл бодлын хувьд өөрчлөгдсөн зүйл байгаа болов уу?
Энэ ёстой чухал асуулт байна. Үзэл бодлын хувьд маш их зүйлийг ойлгосон, ухаарсан, мэдэж авсан. Монголчууд, ялангуяа залуучууд ямар их ярьдаг, шүүмжилдэг болсон юм бэ. Би ажилгүй, би орлогогүй, төр засаг ажлын байр бэлдэж өгөхгүй байна гээд л... Утаа маш их байна, угаартаад үхлээ гэсэн хэрнээ л тамхиа татаад л яваад байдаг. Монголд ажлын байр маш их байна ш дээ. Бас тэр тамхи чинь маш их хор нөлөөтэй, нүүрсний утаанаас дутахгүй дээ. Тэгээд хийж байгаа хүнээ л шүүмжлээд байна. Бид өөрсдөө хэлж, бичиж, ярьж шүүмжлээд болсоон. Одоо эх орныхоо төлөө хийцгээе. Төр засаг нь бидний татварын мөнгөөр тансаг хэрэгцээгээ хангаад л байдаг. Оффшор руугаа хийгээд л байна. Үүний төлөө бүгдээрээ тэмцэх хэрэгтэй. Үүнд ганц ерөнхийлөгч эсвэл ганц гишүүн, эсвэл ганц залуу тэмцээд чадахгүй. Бүгдээрээ нийлээд л тэмцэе. Надад авилгатай тэмцэх амархан санагддаг. Авилга авсан нь илэрвэл гурван үеэр нь шоронд суулгана гэсэн хууль гарга. Тэгээд л болоо. Хэн ч үр хүүхдээ шоронд суулгахыг хүсэхгүй. Бас хулгай, гэмт хэрэг хийсэн хүнийг чанга шийтгэдэг болох хэрэгтэй. Мөн гудамж талбайн камеруудаа бүрэн ашиглах хэрэгтэй. Автомашинуудаа бүгдийг нь камержуулах журам гаргах хэрэгтэй. Дээр нь гэмт хэргийн хууль чанга болвол хэн ч гэмт хэрэг хийхгүй.

Бас утаатай тэмцэх гол арга бол яах аргагүй орон сууцжуулах.

Гэлээ гээд гэр хороололд байгаа айлууд орон сууцанд орлоо гэхэд нөгөө хашаа байшинд нь дахиад л нэг айл ороод гал түлнэ. Иймээс иргэдээс газрыг нь худалдаж аваад, орон сууц, эсвэл утаа гаргадаггүй хаус ямар нэгэн зүйлд ашиглавал зүгээр санагддаг. Нэг гишүүн сонгууль болохоор л алслагдсан гэр хороололд цахилгаан татаж өгдөг. Үүнийгээ дагаад яндан нэмэгдэж байгаа шүү дээ. Бид л одоо үр хойчдоо бүтэн эх орон үлдээхгүй юм бол бидний үр хүүхэд яаж амьдрах юм бэ. Эсвэл өөрсөд шигээ ядруухан, зутруухан, өртэй амьдруулмаар байгаа юм уу.

Надад бол би нээх чухал биш.

Хамгийн гол нь миний үр хүүхэд, хойч ирээдүй минь сайхан амьдрах ёстой. Бид үүний төлөө одоо л тэмцэх хэрэгтэй. Дор бүрнээ ухамсартай хандаад, өөрөөс тань нэг их хүч шаардахгүй зүйлд бол нэгэндээ туслаад, бас хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрчихвэл аандаа бүх зүйл сайхан болно. Гэхдээ Монголчууд бид их амны хишигтэй шүү. Энэ бас өвөг дээдсийн маань л буян байх. Ингээд яриад байвал их зүйлийг өөрөөр хардаг болсон доо.

- Солонгосчуудаас сурах зүйл их бий гэлцдэг. Гэхдээ бид өөрсдийгөө дээд тэнгэрээс заяат гээд баргийн зүйлд бөхийх улс биш шиг санагддаг. Таныхаар бидний хамгийн том дутагдал юу вэ?
Бидний дутагдал гэвэл эд хөрөнгөөрөө, хэрэглэж байгаа тансаг хэрэглээгээрээ өрсөлддөг байдал. Доторх функцуудийг нь мэдэхгүй байж гурван саяын үнэтэй утас, 30 саяын үнэтэй утасны дугаар барина. Ээж аавдаа цагаан сараар нэмэр болохгүй байж Валентин гэж хөөрцөглөнө. Зун бол энд тэндгүй шоунууд. Яахав дээ, өнөө маргаашаа бодоод дураараа хүссэнээ хийж болно л доо. Бидэнд ийм сайхан эх орныг өмнөх үеийнхэн маань үлдээх гэж амь насаа хүртэл алдаж явсан. Гэтэл бид үр хойчдоо сэндийчсэн байгаль, ширгэсэн горхи, баялаггүй уул үлдээвэл дэндүү харамсалтай биз дээ. Би зүгээр дотроо боддог юм. Хэрвээ бид дөрвөн жил ямар ч баяр тэмдэглэхгүйгээр тултлаа хөдөлмөрлөөд үзвэл дөрвөн жилийн дараа маш их зүйл өөрчлөгдөнө дөө гэж.

 - Нэг хэсэг залуучууд бөөн бөөнөөрөө Солонгосыг зорьсон. Одоо ч хэвээрээ. Энэ нутаг оронд үлдэх хүнгүй боллоо, гэхдээ л 10,20-н жил ажиллаж олох мөнгөө 2,3-н жилд олдог юм чинь явахаас ч яахав гэлцдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
Солонгост албан бус тоогоор нийтдээ 50 гаруй мянган Монголчууд бий гэж сонссон. Энэ үнэн байх аа. Энд Монголчуудтай маш их тааралддаг. Гэр бүлгүй залуус 3-4 жил ирээд ажиллахад үнэхээр боломжийн. Ядаж буцаж очоод байр авчихна, хажуугаар нь хувиараа бизнес хийчих хөөрхөн мөнгөтэй болчихно. Харин гэр бүлтэй хүмүүст дэмий гэж зөвлөмөөр санагддаг. Эхнэр нөхөр хоёр тусдаа байна гэдэг бол маш буруу зүйл. Энд хамт байсан Монгол залуусаас л ажиж байгаа юм л даа. Харж байхад, муу эхнэр бол нөхрөө энд яаж зовж мөнгө олж байгааг мэдэхгүй, явуулсан мөнгийг нь үрэн таран хийгээд л дуусна, эсвэл ядарч, амрах ч завгүй яваа нөхрөө хоосон хардана. Муу нөхөртэй хүн бол тэгээд энд болохгүй бүтэхгүй амьдраад, архи дарс уугаад эцэст нь Монголын маань нэг өрх салж хөөрхөн үрс нь өнчрөөд л үлддэг. Сайн залуус лн бий л дээ Гэхдээ ийм жишээнүүдийг зөндөө харсан шүү. Хэчнээн биедээ итгээд ирж байгаа ч гэр бүл хамтдаа байх шиг сайхан зүйл хаана ч байхгүй.

- Солонгос залуучууд чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийж өнгөрүүлдэг вэ. Тэдний хандлагын тухай ярьвал?
Солонгос залуусын талаар сайн мэдэхгүй байна. Миний ажигласнаар эдний залуусаас авах том зүйл бол мэндлэх ёс. Өөрөөсөө ах хүнтэй мэндлэх ёсыг сайн хийдэг юм байна лээ. Гэхдээ манай монгол залуус хандлагаа, ганц нэг зуршлаа гээж чадвал бусдаас илүү мундаг байх бүрэн боломжтой.

- Монголд хэзээ ирэх вэ, ирээд хамгийн түрүүнд төлөвлөсөн зүйл тань юу вэ?
Миний энд ирсэн зорилго бол байрны мөнгөтэй болоод л буцах байсан. Гэтэл манай бага хүү өнгөрсөн намар 1-р ангид орсон. Ачаалал ихтэй учраас хүүгийнхээ сурлагад анхаараг гээд эхнэрээ ажлаас нь гаргачихсан. Тэгэхээр гэр бүлийн маань хэрэглээ, хүүхдийн сургалтын зардал гээд мөнгө шаардлагатай учраас цалингаа гэрийнхэндээ явуулаад үлдсэнээр нь нэг жил ажилласан байрны мөнгө хүрэхгүй юм байна лээ. Тэгээд байрны урьдчилгаа 30 хувиа ямар ч байсан хийсэн. Оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлчихсөн. Одоо энд гурван сар ажиллаад л эх орон, гэр бүл, ээж рүүгээ яаран очно доо. Очоод хувиараа жижиг юм хийх санаатай л байна даа.

- Залуу хосууд бие биенээсээ хол байх мэдээж тийм ч амар биш. Таныг юу хамгийн их хүчтэй болгодог вэ?
Гэр бүл хол байх хамгийн хэцүү. Тэр тусмаа би их сонин бодолтой хүн. Хүүхэд байхдаа л өвөөгийндөө очиж хонохдоо "Аав ээжтэйгээ амьдрах үлдсэн хугацаанаасаа нэг өдөр дутуу хамт байх нь дээ" гэж их боддог байсан. Харин намайг зоригжуулдаг зүйл бол ГЭР БҮЛ минь. Ээж, эхнэр хүүхдүүд маань л жаргалтай байвал надад тэрэн шиг сайхан зүйл байхгүй ээ гэж боддог. Хүүтэйгээ ярих бүртээ эрч хүч авдаг, ханьтайгаа ярих бүртээ итгэл сэтгэлийг нь мэдэрдэг, ээжтэйгээ ярих бүртээ дотор минь уужирдаг. Би насан туршдаа энд хүнд хэцүү, цаг наргүй ажлыг нь хийх биш. Түр зуур ш дээ гэж өөрийгөө зоригжуулдаг даа.

Эх орондоо хурдан ирээд гэр бүлтэйгээ хамт аз жаргалтай амьдрахыг ерөөе. Мөн хүссэн бүхэн тань биелэх болтугай. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Амжилт хүсье!Чи чадна аа.Би ч итгэж байна

  • Ene duudee bayarlalaa.ireeduid iim l uzel bodoltoi zaluus eh oron,gazar shoroogoo buren buten avch uldehed tusalna!!!ter belenchleh setgelgeetei zaluus odoo ichij amidrah heregtei.alivaa amidralin ehlel ni zovhon huvi hun tanaas shaltgaalna.

  • Залуудаа баярлалаа. Одоо манай улс чинь Чингис, Самуурай, . . . ОУВСан гээд олон тэрбумын өртөй байгааг миний дүү мэдэж байгаа байх боломж байвал Солонгост байгаа залуусаа уриалаад наашаа мөнгө явуулах хэрэгтэй байна. Чамайг хүндэт гэсэн Төр Засаг чинь.баярлалаа.

  • Зөв ярьсан байна. Манай төр засаг залуу хүмүүстэй гарцын гаргаад боломж олговол манай залуус эх орноо хэнээ ч дутахгүй аваад явчихна. Даана тэгэхгүй юм. Яахаа мэдэхгүй байна уу гэж бодогдох юм.

  • Yarisan xuil ih taalagdlaa

  • Mongol sain er bnaa. Amjilt husyee zaluu mine, chinii helsen 4 jil hamr ch bayar(uund yamr ch utgagui arhidah, bayar bhoor l mongolchuud bid bugd 5-6 kg jin nemne.... geh met) yamr ch bayarguigeer ajillay gedeg ug chin Uneheer ih taalagdlaa. Bayar yr ni bayar bish, zovlon Bolood udaj Bn ene Mongold! Bayar bhoor l boon arhidalt, boon zeel, boon zodoon nudeen Mon boon ovchin shdee! Bayar temdeglehee boliyoo, ajlaa hiiye! Ur dun ni gaihmaar sain bnaa

  • 3 сая хунийг ингэж амьдруулах гэж дээ Агаар, ус, хорс, авч идэж бгаа хоол хунс нь хуртэл эруул аюулгуйн шаардлага хангаагуй бохир найдваргуй Сайн ажиллаа ч сайхан амьдралын баталгаа байхгуй цалин холс нь хурэлцэхгуй Хоорхий залуус хэдэн тогрог олох гэж хуний нутагт амьдралаараа дэнчин тавьж ходолморлож бхад энд арчаагуй хэдэн тор баригчид улам л даварч хумуусийнхээ турийвчийг л нимгэлсээр2 бур хоослох зорилготой амьдралаас маш хол ямарч тооцоо судалгаагуй сэтгэлийн хоорлоор баталсан татвар шимтгэл хууль журмаар ард иргэдээ дарамталсаар л 3

Онцлох мэдээ