...
...

МЭНДЧИЛГЭЭ

Тэнүүн дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Монгол түмэндээ болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа элгэн садан Та бүхэндээ XVII дугаар жарны шороон нохой жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг Монгол Улсын сэтгүүлзүйн салбарынхны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Хаврын тэргүүн сарын босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 17 дугаар Их хурлаа амжилттай хуралдуулж, дүрмээ шинэчлэн, удирдлагаа сонгож, шинэ Удирдах зөвлөл болон Ажлын албаны хамт олон маань ажилдаа идэвхийлэн ороод байна. Айлчлан ирж буй нөхөрсөг хэмээх шар нохой жилд Монгол Улсын Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буй. МСНЭ-ийн удирдлагын багийн хамт олон бид орон нутгийн салбар байгууллагуудаа бэхжүүлэхээс ажлын гараагаа эхэлж, хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэх, харилцан ойлголцлоо эрхэмлэх, гадаад харилцаагаа хөгжүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, сэтгүүлчдээ сурган чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг өөдрөг хүсэл, өрнүүн зорилт дэвшүүлэн түүхэн ойгоо угтаж байна.

Ирж буй нохой жилд эвийн хүч зузаарсан, их амжилтын шан татсан он байхын өлзийтэй сайхан ерөөлийг Монгол Улсын Дөрөв дэх засаглалд хүчин зүтгэж байгаа нийт нөхдөдөө болон ард иргэддээ өргөн дэвшүүлье. Өвгөд дээдсийн ариун ёсоо хүндэтгэж, өнө удаан жаргалын ерөөл билэгт үгсийг хэлэлцэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРХҮҮГИЙН МАНДАХБАЯР

Онцлох мэдээ