...
...

Я.Санжмятав: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажилд нэг том алхам хийгдлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-УИХ-аар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Өмнө нь нэлээд хэдэн удаа өөрчлөлт оруулж байсан. Энэ удаагийн хуулийн онцлог юу байсан бэ?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталсан. Юуны өмнө энэ хуулийг хамтран санаачилсан гишүүд, хэлэлцэхийг дэмжсэн УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан УИХ-ын дарга, гишүүддээ талархаж байгаагаа энэ хуулийг санаачилсан гишүүний төдийгүй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд илэрхийлье. Учир нь бидний хэлж заншсанаар Цагаатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэж 2011 оноос хойш удаа дараа холбогдох эрх бүхий хүмүүс Засгийн газар, УИХ-д өргөн барьж байсан хэдий ч хараахан дэмжлэг авч батлуулж чадахгүй байсаар өдийг хүрсэн байлаа. Түүнчлэн цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг холбогдох байгууллагууд хүлээж авах асуудал ч мөн өдий олон жил хүлээгдэж байсан юм.

Үүнээс гадна хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдийнх нь ахуй амьдралд бодитой тус дэм болох зохицуулалтыг энэ хуулинд тусгаснаар тэдний нэлээд олон жилийн турш хүсч, харж хүлээж байсан хүсэлт шийдэгдэх боломж нээгдэж байгаа юм.

-Өмнө нь өргөн барьсан цагаатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдахгүй өнөөг хүртэл удсан шалтгаан нь юу байсан юм бол?

-Олон талын хүчин зүйлүүд нөлөөлсөн байх. Улсын төсөв санхүүгийн нөөц боломжтой уялдуулаагүй тооцоо судалгаа, тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нийгэм улс төрийн болоод хувь хүмүүс, төрийн бус байгууллагуудын сэтгэлийн хөөрлөөр хандсан хандлага ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, өмнө нь өргөн барьсан хуулийн төсөлд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хоёр их наяд 251 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах, эгч, дүү, ачинцар нарт олгохоор тусгасан нь хэтэрхий хавтгайруулсан төдийгүй улсын төсөвт ч хүндрэлтэй байсан тул Засгийн газар, Сангийн яамнаас дэмлэг аваагүй. Мөн хэлмэгдэгчийн ар гэрийн нэхэмжлэх эрх бүхий хүмүүсээс дотоодын их дээд сургууль, эмнэлэгийн оношлогоо, эмчилгээ, сувилалд жил бүр нэг хүнийг үнэ төлбөргүйгээр хамруулах, хэлмэгдэгчийн цалингийн болон орон сууцнаас бусад хэлбэрээр нөхөх олговорт олгосон хашаа байшин, гэрийн үнийн зөрүүг нөхөн тооцож олгохоор тусгасан нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан юм. Төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага болон бусад хуулийн зохицуулалттай нийцээгүй шалтгаанаар дэмжлэг аваагүй байдаг юм билээ.

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болон тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагуудын тавьж байгаа эрх зүй, эдийн засгийн үндэслэлгүй шаардлага ч гэсэн хууль батлагдах нөхцөл байдлыг хүндрүүлсэн байх. Хэлмэгдэгчийн ач зээ нар бол хэдийгээр тэдний хамаатан садан гэр бүлийн хүмүүс байж болох хэдий ч хэлмэгдүүлэлтийн хамгийн хэцүүг тэдний халуун ам бүл болох эхнэр, нөхөр, хүүхдүүд биечлэн туулсан. Надтай олон хүн санал нийлэх байх. Монгол Улсад хэлмэгдүүлэлтэд өртөөгүй өрх бүл бараг л байхгүй. Тэдгээр хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүүс,ач зээ нар болох 18 мянга 700 орчим хүн хуулийн дагуу нэг сая төгрөг, 500 мянган төгрөгийн нөхөх олговорыг авсан байдаг. 1998-2000 оны үеийн нэг сая төгрөг тухайн үеийн ханшаар боломжийн мөнгө байсан байх шүү. Хэлмэгдэгсдийн хамаарал бүхий олон хүнд амьдрал ахуйд нь дэм тус болсон л байх. Өмнөх өргөн барьсан хуулийн төсөлд эдгээр хүмүүст дахин нөхөх олговор олгохоор тусгасан нь хууль батлагдахгүй өнөөг хүрсэн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй юм. Харин сая батлагдсан хуулинд өөр агуулгаар орсон байгаа.

-Хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь юу байна?

-Уг хуулинд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь хэлмэгдэгчийн ял шийтгүүлсэн байдлаас нь хамааруулан тодорхой хэмжээний нөхөх олговрыг олгох тухай тусгасан. Тухайлбал, хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдийн аль нэгт нь хэлмэгдэгч цаазын ялаар шийтгүүлсэн бол 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөх олговорыг олгохоор тусгалаа. Гэхдээ улс төрийн хэлмэгдэгдэгч өөрт нь болон түүний эхнэр, нөхөрт нь эсвэл үр хүүхдэд өмнө нь байр орон сууц болон түүнийг орлосон мөнгөн олговорыг төрийн аль нэг байгууллагаар дамжуулан олгож байсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

-Хуулийн үйлчлэл тодорхой хүмүүст хамаарах нь гэж ойлгож болох уу?

-Тийм. Миний өмнө дурдсанчлан энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хамгийн ихээр амсаж сэтгэл санаа, эд хөрөнгө, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхээ хэлмэгдүүлэлтийн улмаас дутуу эдэлсэн хүмүүс буюу цагийн аяс, хорвоогийн жамыг даган цөөрсөөр байгаа хэлмэгдэгчийн халуун ам бүл буюу хүүхдэд чиглэсэн гэж ойлгож болно. Энэ хүмүүстэй барьцаад л надад өгсөнгүй, би авахгүй нь гээд хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд гүйгээд байх ах дүү, ач зээ арай ч байхгүй байх. Энэ хууль батлагдсанаар улс төрийн хэлмэгдүүлтийн хор уршгийг арилгаж хэлмэгдэгсдийн удам залгасан үр хүүхдүүдэд бодитой дэм болоход нэг том алхам болсон гэж бодож байна.

-Нөхөх олговрыг хэзээнээс эхлэн олгож эхлэх вэ?

-Хууль маань ердийн журмаар хэрэгжихээр батлагдсан. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа албан ёсоор хууль хүчин төгөлдөр болно. Нөхөх олговрыг олгох тухайд энэ жилийн улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас 2019 оноос эхлэн олгоно. Хуулийн үйлчлэлд хамаарах нэхэмжлэгчдийн өргөдөл хүсэлтийг одоогоор хүлээж аваагүй байна. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх журам чиглэлийг зохих байгууллагаас батлан гаргаж ажиллана. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах төрийн байгууллагуудын ажлын үүрэг чиглэл тодорхой болохоос гадна хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах иргэдийн бүрдүүлэх материал болон өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх арга зам илүү тодорхой болно гэсэн үг. Үүний дараа олон нийтэд энэ талаар мэдээллийг хүргэж ажлыг зохион байгуулна. Харин манай ажлын албаны ажилтнууд Цагаатгалын хууль тогтоомж болон хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар зөвлөгөө, тайлбар мэдээллийг өдөр бүр тогтмол хүргэн ажиллаж байгаа.

-Цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг одоо хүлээж авч байгаа юм уу?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэн цагаатгуулахаар гаргасан өргөдөл хүлээж авах хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгавар болсон. Тиймээс үндсэндээ энэ чиглэлийн ажил зогсож зөвхөн өмнө хүлээж авсан өргөдөл гомдол болон Тагнуулын болон прокурорын байгууллага өөрсдийн шалгах ажиллагааны хүрээнд архиваас олдсон, хэлмэгдсэн байх магадлалтай иргэдийн хэргүүдийг судлан цагаатгах үйл ажиллагаа өнөөг хүртэл хийгдэж байлаа.

Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд хүлээж авахаар тогтсон. Ингэснээр мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгсөн цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах гэсэн зөвлөмжхэрэгжиж байгаа юм.

-Хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулан таны удирдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ямар ажил төлөвлөж байгаа вэ?

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, Архив, Тагнуулын байгууллага, Шүүх, Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгээр хуулийн хэрэгжилт хангагддаг учраас бид ажлаа харилцан уялдаатай шуурхай хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.

Батлагдсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Хууль сурталчлах болон хуулийн үйлчлэлийн талаар иргэд олон нийтэд тайлбарлан танилцуулах, хамаарал бүхий хүмүүст зөвөлгөө өгөх, хуулийг хэрэгжүүлж ажиллах төрийн байгууллагын удирдлага ажил хариуцсан хүмүүстэй ажлын уулзалт зөвөлгөөн хийх болон салбар комиссын ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүдийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өнөө үеийнхэнд тайлбарлан таниулах, хэлмэгдүүлэлтийг дахин өөр хэлбэрээр давтан гаргуулахгүй байх, соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч олон нийтэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэдэг нь харагдсан. Мөн энэ чиглэлд хөрөнгө зардалаа төлөвлөн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахыг Цагаатгалын комисст чиглэл болгосон. Үүний дагуу бас тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллана.

Хууль батлах үйл явц тодорхой хуулийн дагуу зохих журмын хүрээнд явагддаг хэдий ч УИХ-ын болон байнгын хороод, ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг олон талуудын идэвхи оролцоотойгоор олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, ойлголцолын үр дүнд батлагдлаа. Хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэн батлуулахад идэвхи санаачилгатай дэмжиж оролцсон бүх хүмүүс, ажлын албаныхандаа талархал илэрхийлье.

Д.Тамир

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭЖ ЁЖЛООД БАЙГАА ЮМ ШИГ ҮГЭЭ СОЛИОЧ ЭЭ УЛС ТӨРИЙН ХОМОРГОЛОН УСТГАСАН ЮМЫГ ЯАГААД ДАЛДЛАХ ГЭЭД БАЙНА АА

Онцлох мэдээ