...
...

АНУ-ын засаг захиргаа Монголчуудад ажиллах хүчний виз олгохоор болжээ

 Монголчууд дэлхийн 19 оронд энгийн, 29 оронд дипломат паспорттай визгүйгээр зорчиж байна. Гэхдээ монголчуудын илүүтэй зорчих хүсэлтэй байдаг АНУ, БНСУ, Япон, Европын Холбооны улсад иргэдээ урт хугацаатай, визгүй зорчуулах яриа хэлэлцээр хийх явдал манай улсын ГХЯ-ны үйл ажиллагааны нэгэн зорилт болсоор ирсэн билээ.

Монгол иргэдэд Н-2 ангилалтай визийг АНУ-ын засгийн газраас олгож эхэлсэн тухай мэдээлэл ойрын өдрүүдэд бидний сонорыг мялааж эхлэв.  Энэхүү виз нь тодорхой мэргэжил шаарддаггүй ажилд урт хугацаатай гэрээгээр ажиллах боломжийг олгодог.  Монгол Улс энэ визийн хөтөлбөрт хамрагддаггүй орны жагсаалтад байсан боловч 2016 оны арванхоёрдугаар сард энэ жагсаалтаас гарсан юм.

2017 оны дөрөвдүгээр сард тус ангиллыг нэвтрүүлэх эрхийг ГХЯ-ны зүгээс АНУ-ын засаг захиргаанд хүссэний дагуу энэхүү шийдвэр гарсан бололтой.

Дашрамд дурдахад, 2017 онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, улам өргөжсөн юм. Тухайлбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь конпакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжиж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон, АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг Н-2 ангиллын визийн хөтөлбөрт хамруулж эхэлсэн, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гэх мэт. 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XII улс төрийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөсөн. Уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нар тэргүүлж оролцсон юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр Н-2 визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хэрхэн уялдаатай хамтран хэрэгжүүлэх асуудлаар талууд ярилцсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn 

  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ