...
...

Утаатай Улаанбаатарт амьдарч байгаа нь бидний сайн дурын сонголт...

Хүн хүнээ бараадаж амьдардаг нь хорвоогийн жам. Амьтад ч болов сүрэглэн амьдардаг биз. Ганцаараа явдаг амьтан байдаг үгүйг сайн мэдэхгүй юм. Олон хүн цуглаад орон хийд босгоод арилжаа наймаа ажил төрөл эрхлээд хот хүрээ үүсдэг байх. Олон хүн цугласан газар олон асуудал үүсэх нь зүйн хэрэг. Хойноос ирээд хот минийх хотонд ороод би ганцаараа гээд байж боломгүй санагдана. Та өөрөө, үгүй бол таны эцэг эх, эмэг өвөг, элэнц хуланц нэгэн цагт их хүрээнээ нүүдэллэн ирж суурьшин амьдарсан байж таарна. Түрүүлж ирсэн би араасаа хүн оруулахгүй гэж хашгичих хэр ёс суртахуунтай вэ. Би чухам хотын хүн тэр "оорк" ч гэнэ үү (юу ч гэсэн үг юм бэ) нөхрийг зайлуул гэж байгаа хүн өөрөө харин хэр оорклог бол? Миний хүүхэд их сургуульд орсон чинь нэг их олон оюутантай байна. Төгсөөд ажлын байргүй болчихно. Оюутнаа цөөл гэх хэр шударга вэ? Таны хүүхэд сурах боломж эдэлж байгаа бол тэрний хүүхэд ч сурах боломж эдлэх ёстой бус уу? Би машинтай явах гэсэн чинь нэл түгжрээ гэж бухимдахдаа би ч бас түгжрээ нэмж байгаа хүн гэдгээ хэр олон хүн санадаг бол? Би байр худалдаж (өвлөж, зээлж) авсан хүн. Намайг утаад байна. Утаа гаргаад байгаа хүмүүсийг зайлуулаад өг гэх эрх хэн нэгэнд бий юу? Эмнэлэг дүүрэн. Сургууль дүүрэн. Цэцэрлэг олдохгүй. Энэ бүгдэд нэг талаас хойд захын хар овоохой болсон төр засгаа буруутгаж болох ч ( буруутгасаар ирсэн, буруутгаж ч байгаа, буруутгасаар ч байх болно) нөгөө талаас бид их хүрээндээ олуулаа болсны үр дүн юм. Нэг нэгнээ ад үзэхээсээ өмнө олуулаа байгаагийн давуу талыг бас бодож үзээрэй. Олон хүнтэй газар ядаж л оймс ч болсон олон зарагдана биз дээ. Бухимдалтай сэдвээр бичиж байгаагаа ойлгож байна. Мэдээж та ч би ч тэр хүн ч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Та ч би ч утаатай байхын эсрэг жагсах эрхтэй. Жагсахгүй ч байх эрх бас үлдэнэ. Та ч би ч тэр хүн ч сайн сайхан амьдралд тэмүүлэх эрхтэй. Хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Энэ бол ганцхан хоногийн дараа ой нь болох ардчилсан үндсэн хуулийн зарчим. Бид ямар хэцүү байсан ч хүн төрөлхтний зүй ёсны хөгжлийн зам болсон ардчилал, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмаас ухарч болохгүй гэж бодож байна. Бид хүссэн ч эс хүссэн ч олуулаа эв найртай хамтран амьдарч сурах ёстой. Хотын утаанд байж чадахгүй ( утаа байх ёстой гээгүй шүү! Битгий мушгиад байгаарай!) байгаа хүн өөрөө эхлээд ядаж л Төв аймгийн Эрдэнэ сум руу нүүчих хэрэгтэй. Хөдөө нутаг минь эзгүйрлээ гэж санаа алдаж байгаа хүн өөрөө эхлээд нутагтаа очиж эзэн сууж үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хотод ажилтай гэж үү? Их хотоо зорин ирсэн хүн бүхэнд л өөрийн гэсэн хэрэг зориг байгаа шүү дээ. Хэний ажлыг хэнийхээс дээгүүр тавих вэ? Төр засаг (тэнд ч бас хүмүүс л байгаа шүү дээ) ямар нэг юм хийх гэж оролдох л байх. Тодорхой үр дүн гарч ч магад. Гараасай ч билээ. Гэхдээ л утаатай Улаанбаатарт амьдарч байгаа нь бидний сайн дурын сонголт юм шүү гэдгээ санаж явцгаая, Улаанбаатарчууд аа! Их хотын хаяа бараадаж зорьж зүтгэж ирсэн нэгнээ ад үзэхгүй байцгаая! Хамтдаа сайхан амьдрах орчноо хамтдаа бүтээцгээе! Эцэст нь хэлэхэд ширээний бүтээлэг дээр шөл асгахгүй идэж байгаа хүн нь биш хэн нэгэн асгачихад анзаараагүй царай гаргаж чадаж байгаа нь соёлтой хүн гэсэн үг байдаг юм шүү. Бас нөгөө хөл нүцгэн африкчуудыг хараад ганц ч гутал зарах арга алга гэж харсан болон маш том зах зээл байна гэж харсан хоёр худалдаачны тухай сургамжит өгүүллийг ч санаарай. Тэгээд тэсээд намайг бага загнаарай. Энэ бол миний өөрийн цахим орон зай билээ.

Эх  сурвалж:  davaadulam jamsranjav

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Ганцхан Улаанбаатар руу нүүх биш хөдөөгөө отор нүүдэл хийхдээ хүртэл зөвшөөрөл авдаг болох хэрэгтэй. Дуртай тийшээ нүүж малын өвчнөө тарааж дууслаа. Хэн нэг хүний эрх чөлөө нөгөөгийн эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдгийг санаж явах хэрэгтэй.

  • Зөв. гэхдээ өөрийгөө,өрөөлийг 20 жил утаж хордуулж буй хүнээс эмчилгээний мөнгө авмаар байна. Хүүхдэд гар хүрсэн багшийг сошиалаар хатуу шүүдэг атлаа, жилд 3700 хүн цааш нь харуулж буй 220 мян өрх гэрийнхэн ямар ч татвар мөнгө төлөхгүй, утаа арилгаж аль гэж инээлдээд суугаа нь ариун явдал уу????. УИХ-ын гишүүн утаанаас УБ-д 3700 үхэж байна гэж өчигдөр хэлсэн байсан. УБ-д ажил төрөлтэй нь дүүрч... Огт ажилгүй, хулгай зэлгий, муу явдлаар эсвэл тэтгэмж, тэтгэвэрээр аж төрж буй 100 шахам мян өрх айл УБ-т заавал байж,утаж бөглөө үүсгэж байх нь зөв үү??? Ардчллын од АНУ-д дуртай болгныг орулж байна уу?? тэр тусмаа дээрхийн ижил нөхдийг....

  • Энэ асуудлыг л зохицуулахын тулд ард иргэд татвар төлж, байрны мөнгө гэж өчнөөн мөнгө тушааж хотын захиргаа, өчнөөн ямдын хүмүүсийг тэжээж байгаа учраас зохицуулалт хийж чадахгүй хүмүүсийг 20-30 жил хараалаа даа.

Онцлох мэдээ