...
...

"Цагаан даваа"-нд амьдралын төлөө зүтгэж буй БҮСГҮЙ.../сурвалжлага/

Нийгмийн эмзэг давхаргын нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг уншигч та бүхэн гадарлах биз. Хүн хувь заяа, эцэг эхээ сонгож төрдөггүй учраас хүнд амьдралтай нүүр тулж буй олон хүмүүс бий. Тэдний нэг нь н.Батхишиг гэх 22 настай бүсгүй.

Тэрбээр Хөвсгөл аймгийн харьяат ба ухаан орсон цагаасаа өөрийн эцэг эх гэх хүмүүсийг нэг ч удаа харж байгаагүй гэнэ.

"Төрсөн эцэг, эхийн хайр битгий хэл халуун дулаан харцыг нэг ч удаа ширтэж үзээгүй дээ" хэмээн нулимс дуслуулан ярих энэ бүсгүй "Цагаан даваа" хогийн цэгт дөрөв дэх жилдээ ажиллаж амьдарч байгаа юм.

Хөдөө орон нутагт айл дамжин амьдарч яваад эцэст нь хөөгджээ.

Нутгийн хүнээс их хотын амьдрал дунд ажил хөдөлмөр эрхлэх боломж олддог гэдгийг сонсож замын унаанд дайгдан өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьж 2009 онд ирсэн байна. Түүнээс хойш найман жилийн нүүрийг үзэхдээ олон бэрхшээлтэй нүүр тулснаа илэн далангүй ярьсан юм.


Нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

- Өглөө 9 цагаас ажил амьдрал маань эхэлдэг юм. 9 өнгөрөөгөөд ажилдаа гарч машинаас асгагдаж буй хог дундаас шил, лааз, гялгар, төмөр гэх зүйлсийг ялган авч шуудайлан бэлтгэдэг.

Бэлтгэсэн түүхий эдээ ченж нарт тушаадаг уу?

- Тийм ээ. Ченж нар өөрсдөө ирээд бидний бэлтгэсэн түүхий эдийг тус тусд нь үнэлэн авдаг.

Тодруулбал, хэдэн төгрөгөөр хуванцар саваа тушаадаг вэ?

- Нэг шуудай хуванцар сав 100 төгрөг, харин шил нь 1000 төгрөг гэх мэт өгдөг. 

Өдөрт хэдэн төгрөгний орлоготой ажилладаг вэ?

- 10.000 - 30.000 төгрөг олчихдог. 

Хог хаягдал жил ирэх бүр нэмэгдэж байна уу багасаж байгаа юу?

- Миний бодлоор ихсээд байх шиг санагддаг. 

Хогийн машин дээр бараг тулаан болдог гэж сонссон. Энэ үнэн үү?

- Үнэн. Бид хог асгах үед хамгийн их лааз, хуванцар, шил олохыг боддог. Юу ч байсан нэг машинаас нэг шуудайг гаргаад л авдаг. 

Нэг өдөртөө хэдэн шуудай шил, лааз олдог вэ?

- Янз бүр л байдаг. Багадаа нэг айл 10 шуудай гэх мэт.

Гадаа хүйтэн байсан учраас бид түүний уулын бэлд байрлах гэр рүү нь хэсэгхэн яриа өрнүүлэхээр очлоо. Тэднийд ороход дулаан гэр, халуун цай угтсан юм... 

Цагаан даваанд яаж яваад ирэх болов? Энэ талаар ярьж болох уу? 

- Нэг танил минь энд ажиллаж болдог, хөдөлмөрлөж болно гэж хэлээд л ирж байсан даа. 

Гадуур өөр хийж болохоор ажлын байр байдаг шүү дээ. Яагаад заавал энд ажиллаж байгаа юм бэ?

- Би бичиг үсэг байхгүй хүн. Тийм болохоор хаана ч очсон гологдоод байдаг учраас үүнээс өөр сонголт үлдээгүй. 

Анх энд ажиллахаар ирж байсан сэтгэгдэл ямар байсан бэ?

- Айдастай л байсан. Би айлын мал маллаж явснаас ийм газар байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Тэгээд л анх "чадах болов уу" гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Ажиллаад үзсэн болмоор юм шиг санагдсан. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй өдөр хоногийг хүнээс гуйхгүй болгочих юм шиг санагдаад л хийж эхэлсэн дээ.
Анх өвлийн улиралд ирж байсан уу?

- Үгүй ээ. Зун ирж байсан. 

Анхны өвөл хэцүү байсан уу?
- Хэцүү байсан. Ямар ч гэр орон, хамаатан садан гэх хүнгүй. Таньдаг хүн маань "энд жаахан ажиллачих, эргэж ирээд чамайг авна" гэж хэлээд л алга болчихсон. Тэгээд энэ хавиараа танилцуулж өгсөн айлынхаа аяыг харж амьдарч байгаад, сүүлд  хөдөлмөрлөсөн мөнгөөрөө энэ гэрийг худалдан авч тусдаа гарсан. Гэхдээ яахав дээ, амьд хүн аргатай гэдэг шүү дээ.

Үнэд хүрдэг бараа нь хуванцар сав гэж байна. Ер нь төмөр хэдэн төгрөгөөр зарагддаг вэ?

- Төмөр ханш нь буугаад 60, 70-аар аваад байгаа юм шиг байна лээ. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор сайн хэлж чадахгүй байна. 

Энд янз бүрийн л боловсролтой хүмүүс байдаг уу?

- Тийм ээ. Надтай ижил хүмүүс ч бий. Бүр их дээд боловсролтой хэрнээ архинд орсон ч хүмүүс ажиллаж амьдардаг. Сүүлийн үед би гэрээрээ хүнээр бичиг үсэг заалгуулаад  сурч байгаа. Овоо сураад л байгаа. 

“Цагаан даваа”-нд над шиг бичиг үсэггүй хүмүүсээс гадна их дээд сургууль төгссөн хэрнээ архинд орсон ч хүмүүс ч их бий

Бичиг үсэг мэдэхгүй гэхээр бараагаа ченж нарт яаж өгч мөнгөө авдаг юм бэ?

- Хүний амаар л хэлсэн үнэд нь өгчихдөг. Найз залуу маань намайг бодоход арай дээр учраас энэ төрлийн ажлаа зохицуулчихдаг. Би нээх оролцоод байдаггүй.

Ам дамжсан яриа сонсоход энэ газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс зарим хүчгүй эмэгтэйчүүдийг дээрэлхдэг гэх юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?

- Тийм зүйл цөөнгүй болдог. 

Чамд бэлгийн дарамт тохиолдож байсан уу?

- Байсан. Одоо найз залуутай болсон учраас гайгүй болчихсон. 

Дэлгэрэнгүй ярьж болох уу?

- Нэг шөнө хаалгаа түгжээд унтаж байтал гэнэт дайраад ороод ирсэн юм. Түрүүн бидэнтэй зөрсөн ахыг санаж байна уу?, тэр хүн чинь байхгүй юу... Тэгээд шууд л намайг дарж аваад хамаг хувцсыг минь тайлсан. Би арай хийн гарч гүйгээд хогон дээр очоод таньж мэддэг ах эгч нараасаа тусламж хүссэн. 

Тухайн үед тэр залууд ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

- Үгүй ээ. Тэгээд л орхичихсон. Хүмүүс цагдаад өг гэж зөвлөж байсан ч би гомдол гаргах чадалгүй, өргөдөл бичих боловсрол байхгүй учраас хаячихсан юм. Үүнээс хойш энэ хавийн танил ах эгч нар энэ мэт хүмүүсээс холуур яв л гэж зөвлөдөг болсон. 

Ямар нэгэн байдлаар энэ явдал дахин давтагдсан уу?

- Үгүй.

Найз залуутайгаа хамт амьдардаг уу?

- Тийм ээ. Нэг их удаагүй зургаан сар л болж байна. 

Энд байдаг хүмүүсийн ихэнх нь архи, тамхи хэрэглэдэг гэх ойлголт бий. Таны хувьд яадаг вэ?

- Би архи, тамхи хэрэглэдэггүй ээ.

Найз залуу тань хэрэглэдэг үү?

- Уудаг. Хааяа энэ нь их хэцүү байдаг. Багаасаа ийм хүмүүсийн дунд зодуулж өссөн болохоор айдастай байдаг. 

Танд согтуу үедээ гар хүрч байсан удаа бий юу?

- Хааяа хардаад уурлах үе бий. Нэг хоёр удаа хүрч байсан. Дахин тэгвэл шууд л цагдаад өгнө гэж боддог. 

Дарамт их байвал ганцаараа амьдарч болдоггүй юм уу?

- Тэгэхээр үүнээс ч илүү олон асуудал тулгардаг. Хоёулаа болохоор арай дээр л байдаг юм л даа. 

Чи нийгмээс ямар нэгэн халамж тэтгэмж авдаг уу?

- Байхгүй ээ. Би саяхныг хүртэл бичиг баримтгүй явсан. Монгол Улсад 22 жил иргэний бүртгэлгүй байсан. Аваад хэдхэн сар л болж байна. 

Энэ үеэр түүний бичиг үсэгт хэр зэрэг тайлагдаж байгааг шалган жижиг текст уншуулсан юм. 

Хоол хүнсээ хэрхэн авдаг вэ?

- Өдрөөр нь хоол хүнсээ авдаг. Энд нэг жижиг ТҮЦ бий. Эзэн нь энгийн дэлгүүрт байдаг үнэ дээр нь мөнгө нэмж зардаг учраас ихэвчлэн доошоо алхаж очоод хүнсээ авдаг. Нарийн тоог нь сайн мэдэхгүй ч 100-1000 төгрөгний хооронд наад зах нь нэмдэг гэх яриа бий. 

Шинэ жил гараад удаагүй байна. Баяраа хэрхэн тэмдэглэсэн бэ?

- Биднээс бараа авдаг ченж нар 30 мянган төгрөгөөр шинэ жилд оролцох санал тавьдаг. Энэ жил би найз залуутайгаа хамт шинэ жилд орж азтан болоод амттай чихэр, жимсээр шагнуулсан шүү.

Шантрах үе гарвал хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?

- Нэгэнт энэ биеийг олоод төрчихсөн учраас сайхан амьдралын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ дээ л гэж зоригжуулдаг. 

Шидтэн гарч ирээд амьдралыг тань өөрчлөх боломж гарвал юу гэж хүсэх вэ?

- Гурван хүсэл хэлнэ ээ.

1. Төрсөн ээж аавтай минь учруулж өгөх буюу элэг бүтэн сайхан амьдралыг нэг өдөр ч болов мэдрэхсэн.

2. Хогийн цэг дээр амьдарч байгаа хүүхдүүдийг сургууль цэцэрлэгээр бүрэн хангаж над шиг бичиг үсэг мэдэхгүй МАНГАР ХҮН бүү болгоосой.

3. Бүх хүн эрүүл энх байгаасай гэж хүснэ. 

Ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал хүсье!

А.Хишигдэлгэр

Гэрэл зурагчин: Ц.Баярбаатар

Жолооч: П.Баасандорж

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ