...
...

Биткоины анхны тэрбумтнуудын нэрс тодорлоо

Ихэр ах дүүс болох Тайлер, Кэмерон Уинклвосс нар Биткоин криптовалютэд оновчтой хөрөнгө оруулсны ачаар хангалттай баяжсан байна. Тэд одоогоос дөрвөн жилийн өмнө биткоинд 11 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд криптовалютын ханшийн идэвхтэй өсөлт улам нэмэгдэж байгаа тул сүүлийн долоо хоногт тэдний оруулсан хөрөнгө тэрбум илүү болтлоо өсч чадсан аж.

Биткоины тэрбумтан болсон эдгээр ах дүү хоёр Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергтэй хамт нэг курст суралцдаг байсан бөгөөд олон нийтийн сүлжээ байгуулах тэдний санааг Цукерберг хулгайлсан хэмээн өмнө нь заргалдаж байсан билээ.

Өнгөрөгч 11-р сарын 29-ний лхагва гаригт биткоины ханш хамгийн дээд үзүүлэлт буюу 11395 долларт хүрч, дараахан нь хоёр мянгаар хальт буурснаа ахин өсөөд байгаа юм. Энэхүү криптовалютын ханшийн хүчтэй өсөлт нэг жил орчмын өмнөөс эхэлсэн бөгөөд эхлэлийн шатанд хөрөнгө оруулалт хийсэн олон хүмүүсийг саятан болгоод амжсан байна.

Харин анхны алдартай хөрөнгө оруулагчид болох ах дүү Уинклвосс нар тэрбумтнууд болсон тухай Британийн  The Telegraph мэдээлжээ.

Америкийн тамирчид, бизнесмэнүүд болох ах дүү Уинклвосс нар Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергтэй удаан хугацааны турш заргалдан, түүнийг Harvard Connection хэмээх тэдний байгуулсан олон нийтийн сүлжээн дээр ажиллаж байхдаа санааг нь хулгайлсан хэмээн нэхэмжлэл үүсгээд байсан юм.

Тэд эцэст нь хоорондын тохиролцоонд хүрч, хэвлэлүүдэд мэдээлж байснаар, Цукерберг эдгээр ах дүү хоёрт 65 сая орчим доллар нөхөн төлбөрт өгсөн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ