...
...

60 тэрбумын автор Ц.Сандуй “тахимаа өгдөггүй бөх” шиг аашилж байна

Монголын уран сайхны “Гарьд магнай” кинонд “Харцын  хүүхэд төрүүлж болдоггүй наадам уу” гэж ноёдын гал тогооны нэгэн залуу хэлдэг шиг  засаг төрийн  бодлогыг эрх мэдэл, эр бяр, хөрөнгө чинээндээ дулдуйдсан  хэдхэн олигархиуд эртнээс зурж  төлөвлөж ирсэн нь одоо нэгэнт нууц биш болжээ. Тэд төлөвлөгөөндөө төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг босгох асуудал ч хөндсөн нь олон нийтэд мэдэгдсэн.

Төрийн албанаас 60 тэрбум төгрөг босгох ажлыг санаачилан, МАН-ын даргаараа зөвшөөрүүлсэн хүн бол НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй. Түүний хувьд албан тушаалаасаа огцрох өргөдлөө гарган чөлөөлөгдсөн ч үүнийгээ  60 тэрбумын асуудалтай холбоогүй, зөвхөн “Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийг ялуулж чадаагүй учраас албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа хэрэг” гэж тайлбарласан бөгөөд тэрбээр одоо болтол 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж зүтгэдэг нэгэн.

Хэзээнээс МАН аливаа хурал арга хэмжээг эртнээс бэлтгэсэн сценарийн дагуу явуулж, дээрээс буюу ТОМ ДАРГА нараас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх нэр төдий болж ирсэн  явдал өнгөрсөн намраас эхлэн өөрчлөгдөж эхлэсэн. Ингэж өөрчлөгдөх болсон нь учиртай.

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохдоо дараагийн даргаар өөрийн болон намын даргын үгийг дагах, үзэл бодлыг нь хэрэгжүүлэх  зорилгоор хатагтай Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг нийслэлийн МАН-ын хорооноос бодлогоор дэвшүүлэх нэрээр дээрээс зааварчлан үүрэгдсэн  боловч НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан удаа дараа НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадаагүй. Түүнтэй заалнаас нэр дэвшин өрсөлдөж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн  саналыг авч НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдсон.

Энэ үйл явдал Ц.Сандуй болон түүний багийнханд таалагдсангүй. Таалагдсангүй ч гэж дээ, тэдний хувьд НИТХ-ын дараагийн даргаар өөрсдийн хүнээ томилуулж аваад нэгэнт эхлүүлсэн 60 тэрбумын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, үгүй ядаж хамгаалуулах зорилготой байсан нь ийнхүү С.Амарсайханы оролцоотойгоор нуран уналаа. Үүний улмаас Ц.Сандуйгийн зүгээс С.Амарсайханд өширхөх болов.

Ингээд нийтлэлийн эхэнд дурьдагдсанчлан  “Харцын хүүхэд ялж болдоггүй  наадам уу” гэдэг шиг заалнаас нэр дэвшин ялалт байгуулсан С.Амарсайханд,  Ц.Сандуй дарга  “бөхөөр бол тахимаа өгсөнгүй”.

Ингэхдээ Ц.Сандуйтангууд “Улс төр бол олонхийн шийдвэрт үндэслэгдээд явдаг зарчимтай” гэдгийг ч үл анзааран зөрүүдлэж,  НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайханыг хууль бусаар сонгогдсон хэмээн шүүх рүү гомдол бичиг барин гүйх, эсвэл түүний унаж яваагүй албаны машиныг нь зориуд авто замын урсгал сөрүүлж, зохион байгуулалттай бичлэг хийж сошл орчинд гаргах  зэргээр С.Амарсайханыг аль болох  олон нийтэд муухай харагдуулах, харлуулах гэсэн арга ядсан танил сценариа хийж явна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй  ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш НИТХ-ын хуралд нэгч удаа оролцоогүй тасласнаар  барахгүй, НИТХ-ын өмчид бүртгэлтэй хоёр ширхэг “Land cruser 200” автомашиныг аваад арилсан  гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо.

Ц.Сандуй төрийн албыг гудамжинд эд зүйл зарж борлуулах мэтээр ярьж  60 тэрбумын асуудлыг өдөөсөн атлаа  эрхэлж байсан албан тушаалаас огцорсон нэр төдийхөнөөр хариуцлагаас зугатах ёсгүй.

Зүй нь бол түүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс нь эргүүлэн татаж, АТГ болон хууль хяналтын байгууллага шалгаж, оногдох хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.

Ц.Бат

Эх сурвалж: Мэдээл.мн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ