...
...

Г.Алтан-Од: ”Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг бүрэн эхээр нь танилцуулж, үзэгчдэд шинэ мэдрэмж өгнө

Нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан хоёр жилийн турш бүтээсэн “Чингисийн хүүхдүүд” УСК Монгол Улсаас анх удаа дэлхийн кино урлагийн томоохон наадам болох 90 дэх удаагийн Оскарт “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд оролцож буй билээ. “Чингисийн хүүхдүүд” МУСК нь Монголын эртний түүхт морин уралдааны өнөөгийн уламжлал соёл, мөн эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тус кино одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байгаа юм. Бүрэн хэмжээний киноны хамгийн чухал зүйлийн нэг бол яах аргагүй хөгжим. Энэхүү киноны хөгжмийн найруулагч үзэгдэл бүрт тохируулан 10 хэсэгтэй томоохон хэмжээний хөгжмийг зохиосон байдаг. Тэгвэл Улсын Филармонийн залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр энэхүү бүтээлээ 2017 оны 11-р сарын 17-ны өдөр ард түмэндээ танилцуулж албан ёсоор хөгжмийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Бид энэ талаар мэдээлэл авахаар Улсын Филармонийн маркетинг олон нийттэй харилцах албаны даргаГ.Алтан-Одтой цөөн хором ярилцлаа.

“Чингисийн хүүхдүүд” МУСК анх удаа Оскарт өрсөлдөж байна. Энэ нь тус уран бүтээлийн чанар ямар түвшинд байгаагийн илрэл болж байх шиг?

- Тэгэлгүй яахав. Анх удаа дэлхийн хэмжээний кино урлагийн Оскар наадамд Монгол Улс уран бүтээлээрээ оролцож байна. Энэ бол маш том бахархал.

Тус киноны хөгжмийн зохиолчоор Улсын Филармонийн залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ажилласан. Түүний бүтээсэн хөгжим дэлхийн сонорт хүрэх гэж байна.

- Тийм ээ. Монгол Улсын Филармонийн хөгжмийн зохиолч ажилласан гэдэг маш сайхан, бахархал төрөм түүх болон үлдэж байна. “Чингисийн хүүхдүүд” УСК Монголд Улаанбаатарын кино наадмын үеэр нээлтээ хийж хоёр хоног л үзэгчдийн хүртээл болсон. Одоогоор кино театруудад гараагүй байгаа. Ирэх оны 3-р сарын сүүлчээр эх орондоо үзэгчдийн хүртээл болно гэдэгт найдаж байна.

2017 оны 11-р сарын 17-нд тус киноны хөгжмийг бүрэн эхээр нь танилцуулах тоглолт болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

- Улсын Филармони энэ сарын 17,18-нд “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт нь үндсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт Холливудын шилдэг кинонуудын хөгжмүүдээс түүвэрлэн хүргэнэ. Тухайлбал, “Малина”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” гэх мэт. Үүнээс гадна “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим “Их тэнгэрийн ивээл”, “Аравт” гэх мэт хөгжмүүд тоглогдоно. Хоёрдугаар хэсэгт 100 хувь “Чингисийн хүүхдүүд” киноны 10 хөгжмийн зохиол бүрэн эхээрээ тоглогдоно. Тус киноны зохиолчоор ажилласан Ш.Өлзийбаярын хувьд кино зураг авалтын багтай хамт зураг авалт бүрт нь оролцож, тухайн хэсэг бүрт зориулан энэхүү томоохон хэмжээний киноны хөгжмийг бичиж дуусгасан.

“Чингисийн хүүхдүүд” кино Монголд хоёрхон өдөр нээлтээ хийгээд хаасан. Энэ нь Оскартай холбоотой байсан ч үзэгчдэд дэндүү богино хугацаа болж өнгөрсөн. Тэгвэл тус киноны хөгжмийг бүрэн эхээр нь ард түмэнд танилцуулж тоглолт хийнэ гэдэг хүлээлттэй байсан хүмүүсийн магнайг тэнийлгэх биз?

- Үнэхээр хоёр өдөр гэдэг давчуу хугацаа байсан. Яахав дэлхийд өрсөлдөж Монгол өв соёлоо таниулж байгаа юм хойно энэ мэт наад захын шаардлага бидэнд тулгарах нь гарцаагүй. Бүрэн хэмжээний УСК хийнэ гэдэг маш том багийн ажил шүү дээ. Ялангуяа хөгжмийн зохиолч чухал үүрэгтэй. Хөгжмөөр тухайн киноны хэсэг бүрийг тодотгож өгнө гэдэг тийм ч амар ажил биш. Тэгвэл Улсын Филармони “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг бүрэн эхээр нь танилцуулж үзэгчдэд шинэ мэдрэмж өгөхөд бэлэн болсон байна.

Тоглолтын онцлог давуу тал нь юу вэ?

- “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг манай “Морин хуурын чуулга” тоглож бичүүлсэн бол энэ удаа “Симфони найрал хөгжим”, “Морин хуурын чуулга” хамтран тоглож байгаагаараа онцлогтой. Тайзан дээр нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  оркестр сууж тоглоно. Мөн Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиолч тайзан дээр гарч хөгжмийн зохиолын тухай товч танилцуулах бөгөөд жүжигчид уран бүтээлчид өөрсдийн биеэр оролцоно.

Бэлтгэл сургуулилтаа хэр хугацаанд хийсэн бэ?

- Хоёр сар гаруй бэлтгэлээ хийсэн. Сонгодог найрал хөгжим, Ардын найрал хөгжим хоёр  нэгдэж тоглоно гэдэг амаргүй учраас багагүй хугацаа орсон.

Тоглолтын удирдаачаар хэн ажиллах вэ?

- Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нар ажиллана.

Жил бүр Улсын Филармонийн гурвал найрал өөр өөрсдийн төрлөөр дотоодын болон дэлхийн киноны хөгжмүүдээр тоглолт хийдэг шүү дээ?

- Тийм ээ. Тухайлбал Морин хуурын чуулга “Playing love”, Симфони найрал хөгжим “Сinema night”, Баянмонгол жазз найрал хөгжим “Movie swing” гэх мэт киноны хөгжмийн тоглолтуудыг хийдэг.  

Хөгжим гэдэг бол нүдээр биш чихээр сонсож мэдэрдэг урлаг. Үзэхээс тэс өөр ертөнц мэт санагддаг?

- Тийм шүү. Киноны урлагийн яах аргагүй салшгүй нэг хэсэг бол хөгжим юм. Хэрвээ та “Чингисийн хүүхдүүд” киног үзэж чадаагүй бол энд хүрч ирээд хөгжмөө сонсоод өөр өнцгөөр ойлголт аваарай. Дараа нь киногоо нүдээрээ үзэхэд илүү их огшмоор, бахархмаар санагдана гэдэгт итгэлтэй байна.

Бодитоор 100 гаруй хөгжимчдийн найрлаар бүтээл сонсоно гэдэг сайхан биз?

- Үгээр хэлшгүй сайхан. Дэргэдээс нь хөгжмийн урлаг, уран бүтээлийн сайн сайхныг мэдэрнэ гэдэг их гоё. Жишээ нь “Бодол”, “Дурсахуй” гэсэн хоёр хэсэг дээр үзэгчид тайвшралыг мэдэрнэ. Ямар ч хөгжим мэдэхгүй хүн сонссон ч ялгаагүй. Тэр дунд уртын дуу, хөөмий орж ирнэ. Ерөнхийдөө хоёрдугаар хэсэг тэр чигтээ үзэгчдийг гэгэлзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдэдээ хандаж хэлэхэд, хоёрхон хоног тус тоглолт Улсын Филармонид болно. Энэхүү тоглолтын суудлын тоо ердөө 260. Тэгэхээр 520 хүнд л тоглогдох учраас заавал амжиж үзээрэй гэж хэлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99196623

Тоглолтын тасалбарыг: Улсын Филармонийн касс,TICKET.MN-ээс 

А.Хишигдэлгэр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ