...
...

Бүх төрлийн зорчих тасалбар худалдаалдаг ТҮЦ машинтай болно

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний үеэр Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр "Өнөөдөр манай улсад хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгжийн 950 орчим тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Улс хоорондын ачаа тээвэрт  буюу Хятад, ОХУ-тай хиллэсэн боомтуудаар 9200 орчим ачааны машин үйлчилж байна.

Энэ жил хот хоорондын 85 чиглэлийг Зам тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор замналын паспорт хөтлөх ажил дунд шатандаа явж байна. Үүнийг энэ ондоо багтаан хийж дуусгана. Энэ нь тухайн чиглэл буюу замнал маань хэзээ бий болсон, хатуу хучилттай зам хэдэн км, шороон зам хэдэн км байгаа, замын хажуугийн байгууламж хэчнээн байгаа зэргийг нарийвчлан тогтоох юм. 

Мөн хот хооронд зорчих тасалбар бичих ТҮЦ машиныг туршиж байгаа. ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавина. Мөн зарим орон нутагт тавина. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. 
ТҮЦ машиныг энд онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд цаашдаа хот хооронд зорчих тасалбар гэлтгүй нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болно. Мөн автотээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгохын зэрэгцээ тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна.

Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байгаа.  Гашуун сухайт боомтоор өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Тиймээс Уул уурхайн яамтай хамтран уул уурхайн компани хооронд тохиролцоо явуулж зам дээр ачаатайгаа бөглөрч зогсдог байдлыг арилгахаар ажиллаж байна" гэжээ.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ