...
...

Ханиадны эсрэг шилдэг гурван зөвлөгөө

Хэт  ачаалал өгөхгүйгээр спортоор хичээллэ 
Фитнес болон явган алхах, ажил, гэртээ их алхах нь дархлааны системийг дэмждэг. Гэхдээ эрч хүч их шаарддаг спортоор 90 минутаас дээш хугацаанд хичээллэвэл стрессийн гормон эрс нэмэгддэг болохыг Английн Лафборогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон гэнэ.
Түүний зэрэгцээ организмд дархлааны хариу үйлдлийг дардаг үрэвслийн эсрэг бодисууд үүссэнээр ханиадны нянд өртөмтгий болдог аж. Тиймээс биедээ хэт их ачаалал өгөлгүй биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай. 

Найман цагаас багагүй хугацаанд унтаж амар 

Америкийн Йелийн их сургуульд хийсэн судалгаагаар нойр дутуу бол дархлааны TLR 9 генийн ажиллагаа алдагддаг болох нь тогтоогджээ. Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ.

Хэдийгээр хангалттай унтсан ч шөнө тавгүйтэж хар дарвал мөн л таагүй нөлөөтэй. Тиймээс унтахын өмнө салхилж, шингэн зүйл бага уухыг эмч нар зөвлөжээ. 

Байнга гар барих хэрэггүй 

Хүмүүс хоорондоо мэндлэхдээ гар барилцдаг. Харин ханиадны улиралд аль болох энэ мэндчилгээнээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. “Гар барихдаа удаан, чанга барих тусам микроб нэг биетээс нөгөө рүү илүү дамждаг” гэж Аберистуитын их сургуулийн биохимийн профессор Дэвид Видворт сануулсан байна.

Мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүмүүс гар барьсныхаа дараа гараа амандаа хүргэж, хамар, нүдээ мааждаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг аж.

Гар барилцсан хүн ханиаж, найтааж байвал гараа нэн түргэн угаах хэрэгтэй. Гэхдээ ханиад хүрсэн хүнд эхний өдрүүдэд шинж тэмдэг ажиглагддаггүй гэдгээрээ аюултай байдаг. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ