Олон нийтийн анхаарал татсан, дуулиан, шуугиан ихтэй асуудал, хэрэг бүртэй холбогддог байсан өмгөөлөгч Г.Батбаяраас сураг тасраад удаж байна. Нэг хэсэг Г.Батбаяргүй асуудал байдаггүй л байлаа шүү дээ.
Ямар сайндаа л “цахилгаан дамжуулах шугамыг унагасан цаг агаарын онц аюултай үзэгдэлд ял тулгах гэсэн юм өмгөөлөгчөө” гээд нийтлэл хүртэл тухайн цаг үед гарч байж. Гэтэл одоо түүнийг эрсэн, хайсан хүмүүс л их болсон байна. Хэрэг, явдлаа өмгөөлүүлэх гэсэн дээ бус, харин үргэлж л дэргэд юм шиг үзэгдэж байсан хүн гэнэт алга болчихоор л санаа нь зовиносон байх.
Түүнийг нэгэн эмнэлэгтэй шүүхдэлцээд яваа тухай эх сурвалж мэдээлж байсан. Тэгсэн саяхан ломбардтай шүүхдэлцээд явна гэнэ. Эндээс өмгөөлөгч Г.Батбаярыг олны анхаарал татсан томоохон асуудлуудтай бус харин ломбард мэтийн жижгэвтэр асуудалтай холбогдож явдаг болжээ гэж ойлгож болохоор.
Уг нь Г.Батбаяр чинь тийм хүн биш. Нэр хүнд олж болохоор асуудал байвал Орос, Монголыг муудалцуулж чадах л хүн. Гэтэл сүүлийн үед нэр хүндээ өсгөж болохоор өчнөөн асуудал гараад байхад Г.Батбаяр тоодоггүй. Яагаад тоохгүй байна гэсэн шалтгааныг нь судлаад үзсэн мань өмгөөлөгч чинь тэрбумтан болчихсон шүү дээ. Яагаа вэ? Нийслэлийн шилдэг татвар төлөгч болоод тэр тухайгаа “би 108 сая төгрөгийн татвар төлсөн” гээд ярьж байгаагүй юу. Тэрийг нь олж харсан хүн байвал Г.Батбаяр өмгөөлөгчийг яагаад таг чиг болчихоод байгааг нь ойлгох байх.
Ер нь бол тэрбумын орлоготой хүнд бусдын асуудал ямар хамаа байх вэ дээ. Шадар сайдыг хүн тагнаж л байна биз. УИХ-ын гишүүн айл дотуур өмдөө орхио л биз. Энэ бол бидний нийгмийн л асуудал. Харин тэрбумын орлоготой хүн шал өөрөөр сэтгэж, бусдаас дөлж, нам гүм амьдрахыг хүсдэг байж мэдэх л юм. Хэрвээ Г.Батбаяр дахиад гараад ирвэл бүү гайхаарай. Цаадах чинь тэрбум төгрөгөө үрээд дуусчихсан байна л гэсэн үг. Харин одоогоор “амарч байна”. Түүнд бүү саад бол.
Амар
Ugluu.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250