...
...

ГАХАЙН ӨНГӨРСӨН БОЛООД ОДООХ ТӨРӨЛ

Нэгэн настай лам байжээ.
Тэрээр мал нядалгааны газрын дэргэдүүр өнгөрч явахдаа, нулимсаа барьж дийлсэнгүй, тиймээс өмнөх төрлүүдээ ярьжээ.
“Энэ бол их урт түүх. Би хоёр төрлөө санаж байна.
Эхний төрөлдөө би мал нядлагч байсан ба мал амьтан нядалж амь зуудаг байсан юм. Би гуч гаран насандаа өөд болж, сүнсийг маань хэдэн үхлийн элч нар ирж там руу авч явав. Шүүгч нь аллагын хүнд нүглээс минь болж намайг зэмлэн буруушааж, сүнсийг маань шийтгэл хүлээлгэхээр тамын эргэлдэх хүрдэнд аваачсан юм. Би ухаан мэдрэлээ алдаж, согтуу мэт эсвэл зүүдэлж байгаа мэт болов. Толгой маань тэсвэрлэхийн аргагүй халуун байсныг л санаж байна. Бага зэрэг сэрүүцээд иртэл би гахайн хороонд, гахай болж төрсөн байгаагаа харлаа.
Дөнгөж хөхнөөсөө гарч буй тоорой байхад минь хүмүүс намайг хооллох гэж үргэлж үлдэгдэл, бохир хоолнууд авчирдаг байсан юм. Хоол нь цэвэр биш гэдгийг би мэдэж байсан учраас идэхгүй байхыг хичээдэг байв. Гэвч, тэсвэрлэхийн аргагүй өлсөж, бүх дотоод эрхтнүүд маань галд шатаж буй мэт зовж байлаа. Амьд үлдэхийн тулд тэдгээр бохир хоолыг идэхээс өөр сонголт надад байгаагүй.
Аажмаар, би гахайн хэлийг сурч, найз гахайнуудтайгаа ярьж чаддаг болов. Үнэндээ, маш олон гахай өмнөх төрөлдөө хүн байсан гэдгээ санаж чаддаг. Тэд ердөө л гахай болж төрж, өөр хэлээр ярьдаг учраас л хүмүүстэй харилцаж чаддаггүй. Тэд алуулах гэж байхдаа, их бага хэмжээгээр юу болох гэж байгааг мэдэж байдаг. Ихэвчлэн гунигтайгаар гасалж, нүдэнд нь нулимс цийлэгэнэдэг.
Гахай болохын хувьд бидний бие маш хүнд байдаг ба, алхахад их хэцүү байсан. Зун болоход бид халуунаас айж сэрүүцэхийн тулд биеэ шаварт дэвтээдэг. Гэвч энэ хэтийдсэн хүсэл олон биелэх боломжгүй. Үс маань зузаан, хөндий мөн таруу байсан учир, бид хүйтэн өвлөөс айдаг байсан. Ноход болон хонь биендээ ноос мэт зузаан бүрхүүл ургуулдаг болохыг хараад бид тэдгээр амьтдыг диваажингийн ивээлийг хүртдэг юм байна гэж боддог байсан..
Нядлуулах үед, хэдийгээр бид үүнээс зайлсхийх боломжгүй гэдгээ мэддэг ч, тэмцсээр, үсэрч, оргох гэж оролдсоор л байдаг. Удалгүй хэдэн нядлагчид биднийг барьж авсан. Тэд бидэн дээр гишгэлж, бидний хүзүү болоод дөрвөн мөчийг олсоор хүллээ. Хүлээ нь дэндүү чанга, ясанд маань хүрч байсан учраас хутгаар зүсүүлж байгаа мэт л өвдөж байлаа.
Дараа нь биднийг завиар юм уу, тэргээр зөөвөрлөнө. Бүх гахайг хамтад нь зай завсаргүй чихэж, хавирга маань бараг л хугарч, цусны эргэлт хэвийн байхаа больж, мөн гэдэс маань задарч нээгдэх гэж байгаа мэт цэрдийж байсан. Заримдаа хүмүүс хэд хэдэн гахайг хулсан шургаагт дүүжлэн зөөвөрлөдөг байсан нь дэндүү өвддөг байсан тул, үхэхийг хүсдэг байлаа.
Нядалгааны газар ирсний дараа, биднийг газар шидэхэд зүрх болоод дотоод эрхтнүүд маань дэлбэрэх гэж байгаа мэт чичирдэг байв. Заримдаа гахайнууд аймшигтай өвдсөнөөс болоод үхдэг. Заримдаа гахайнуудыг хэдэн өдрөөр хүлээстэй байлгадаг; зүүн талд нь хутганууд болон махны моднууд харин баруун талд нь буцалсан халуун ус байдаг. Хутгаар зүсүүлэхэд, буцалсан халуун усанд шалзлагдахад ямар их өвдөхийг бодож бид зогсолтгүй чичирдэг байсан юм. Бид хэн нэгний гал тогоонд үе мөчөө тастуулан, шөлний саванд орц болон орно гэхээс, аргаа баран шаналдаг байсан.
Би нядлуулах гэж байхдаа, нядлагч бариад авмагц айж, ухаан балартсан. Дөрвөн хөл маань сул дорой, зүрх маань аянгад ниргүүлж, сүнс маань толгойн оройноос маань нисээд гарах гэж байгаа мэт л санагдаж байсан. Намайг махны модон дээр тавихад, хурц, тод хутгыг харж зүрхлэхгүй байв. Тиймээс би зүгээр л нүдээ аньж, хоолойг маань хэрчихийг хүлээж байлаа. Нядлагч хоолойг маань хэрчээд цусыг минь саванд урсган оруулахын тулд хутганы ирээ мушгисан юм. Өвчин зовлон нь үгээр тайлбарлахын аргагүй!
Хурдан үхэж чадахгүй байсан учраас, миний хийж чадах цорын ганц зүйл чангаар ёолох байлаа. Цусыг маань урсгаж дуусаад, нядлагч хутгаараа зүрхэнд минь бүлж, надад ясандаа тултал өвчин мэдрүүлсэн ч би дахин чангаар орилж чадсангүй. Аажмаар би ухаан мэдрэлээ алдаж, согтуу мэт, зүүдэлж байгаа мэт болж төрөхдөө мэдэрсэнтэй адил зүйлийг мэдэрч байлаа.
Урт хугацааны дараа, би өөрийгөө хартал, тамд эргэн ирсэн байхыг анзаарав. Тамын шүүгч намайг өмнөх төрлүүддээ хэдэн сайн үйл үйлдсэнийг хараад дахин хүн болгон төрүүлэхээр шийдсэн байв.
Энэ төрөлдөө би удалгүй нядлуулах гэж байгаа гахайнууд туйлын их уй гашууд автсан байгааг харахаар, тэдгээрийг нядлах гэж байгаа хүн яг ижилхэн хувь тавьланг ирээдүйд туулах талаар боддог юм. Тэгээд би өөрийгөө бодсон. Оюун ухаанд маань эдгээр бодлууд сүлжилдсэнээс болоод би асгартал уйлсан юм.”
Лам түүхээ хэлж дуусахад, үүнийг сонссон мал нядлагч хутгаа газар хаяж, ажлаа сольж ногоо зардаг болжээ.
Чи Шао Лан, Чин Чэн Лон Династи
“Бүхнийг ажигла, Тач Хат тэмдэглэл” - ээс

Онцлох мэдээ