...
...

Хичээлийн шинэ жил ойртлоо, ХҮҮХЭД тань суралцахад бэлэн үү

Тун удахгүй эрдмийн баяр тохиож олон мянган бяцхан сурагчид анхны А үсгээ ачит багшаараа заалгана. Тэдэнд юм бүхэн анхных байх нь тодорхой. Цагаан капрон салаа гэзгэнд нь ургаж, сайхан инээмсэглэл нүүрэнд нь тодорч, сургуулийн анхны жингэнэх хонхны дуунаар сурагч үе нь эхэлнэ. Тэгвэл хүүхдийн суурь боловсрол орчин үед маш чухал гэдгийг олон эрдэмтэд нотолсон. Таны хүүхэд материаллаг зүйлсээр бэлтгэлээ хангасан ч оюун санааны бэлтгэлээ хангаж амжсан уу? Эцэг эхчүүд та нар хүүхдэдээ хэрхэн сайн сурагч болоход нь туслах вэ? Хэрвээ танд энэ асуултад хариулахад бэрхшээлтэй байвал дараах зөвлөгөөг уншаарай.

1. Тэдэнд үүрэг хариуцлагыг нь ойлгуул

Хүүхдэдээ бага наснаас нь үүрэг хариуцлага гэсэн ухагдахууныг ойлгуулж, тэдний хийх ёстой хамгийн чухал зүйл бол суралцах юм гэдгийг сануул. Учир нь хүүхдэд үүнийг бага насанд нь ойлгуулах тусам хожим танд илүү амар байх болно. Мэдээж гэртээ үлгэр дууриал бүхий уур амьсгал бүрдүүл. Том ах эгч нар нь дүүдээ сайн үлгэр дууриал үзүүлэх нь маш чухал.

2. Анхаарлыг нь сарниулахгүй байхыг хичээ

Мэдээж садаа болох бүх зүйлсийг үгүй хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Гэхдээ хэд хэдэн амар арга бий. 1рт. Техник хэрэгслээс эхэл. Даалгавраа хийж дуустал нь ТВ, утас, компьютер хол байлга. Хажууд нь хөгжилтэй нэвтрүүлэг гарч, компьютер тоглох үед хүүхдийн анхаарал төвлөрөхөд тун хэцүү байх болно. Харин классик хөгжим хүүхдийн анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж илрүүлсэн байна. Тэгэхээр танай хүүхэд сонгодог хөгжимд дуртай бол сонгодог хөгжмийг тавьж болох юм шүү.

3. Яагаад хичээл хийх ёстойг ойлгуулах
Тухайн хичээл бидэнд ямар хэрэгтэйг мэдэхгүй бол хүүхдүүд огт ойлгохгүй зүйлээ “робот” мэт дагаж дуурайдаг л болно. Тиймээс эхлээд хүүхдийг юунд дуртай, хэн болохыг хүсэж буйг нь асуугаад тэр мөрөөдөлд нь ямар хичээлүүд яаж тус болохыг тайлбарлаарай. Гэвч зүгээр нэг тайлбарлах биш өөрөөр нь зорилгодоо хүрэхийн тулд ямар хичээлдээ сайжрах талаар цаасан дээр бичүүлээрэй. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн гэсэн амьдралыг зохиох тухай мөрөөдөхдөө дуртай байх болно.

4. Дүнгийн төлөө сургах хэрэггүй
Хүүхдэд “Даалгавраа хийхгүй бол муу авна” гэх мэт үгс хэлвэл хамгийн чухал зүйл хичээл хийх биш онц дүн гэж ойлгох болно. Ингэснээр хүүхдүүд дүн авахын тулд хуулдаг болдог ажээ.

 5. Хүүхдийнхээ сурах арга барилыг нь ол

Хүүхэд бүр юмыг сурах арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэд. Зарим нь хөгжим сонсох үедээ хичээлээ шимтэн хийдэг бол зарим нь орон дээрээ байхдаа илүү идэвхтэй хичээл хийх нь бий. Мэдээж цаашид хэрэг болох зөв зуршил байх хэрэгтэй л дээ. Гэвч хэрвээ хүүхэд тань хөгжим сонсохдоо л хичээл хийхийг хүсдэг бол та үүнийг харгалзаж үзэхээс аргагүй юм. 

6. Магтаал

Магтаалын үгсийг хэлж бай. Хүүхдийг хичээл хийлгэж сургах, тодорхой цаг хугацаанд ширээний ард суулгаж занших нь ердөө сарын л ажил байдаг. Харин үүний дараа тэд аяндаа хэмнэлдээ орж, дасдаг. Харин энэ үед нь хичээлээ сайн хийлээ гэж магтаж бай. Түүний оронд загнаж, буруушаах нь тэднийг илүү их хичээхэд нь саад хийх болно.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ