...
...

Ч.Чимэдрагчаа: Монголын уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн баялаг түүхтэй

Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн”-гээс өнөөдөр "Нэгдмэл уламжлалт анагаах ухаан: Ололт амжилт, чиг хандлага болон хэтийн төлөв" эрдэм шинжилгээний VIII хурал зохион байгууллаа. Тус хуралд дэлхийн  11 орны нэр хүнд бүхий эрдэмтэд хүрэлцэн ирсэн юм. Тухайлбал, Хятад , Орос, Норвеги, Польш, АНУ, Япон, Солонгос, Казахстан, Хонконг, Энэтхэг зэрэг орнуудаас эрдэмтэд хүрэлцэн ирсэн байлаа. Энэхүү хурлаар уламжлалт анагаах ухааны судалгаа шинжилгээний үр дүн, тулгамдсан асуудал, ололт амжилт, цаашдын төлөвлөгөөг ярилцдаг байна. 

“Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн”-гийн захирал, Анагаах Ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаа: 

“Монголын уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн их баялаг түүхтэй. Энэ талаараа дэлхийд танигдаж чадсан. Европ, АНУ манай уламжлалт анагаах ухааныг их сонирхдог. Монголд гарсан анагаах ухааны ололт амжилт, үр дүн дэлхийд сурталчилж байна. Үүний тод жишээ нь энэ удаагийн хурал боллоо. Энэ хурал зохиогдсоноор бид гадны улс орнуудын уламжлалт анагаах ухаанаас суралцах, туршлага солилцох боломжтой болж байгаа юм. Уламжлалт анагаах ухааныг дангаар хөгжүүлэх нь үр дүн муутай. Тиймээс орчин үеийн анагаах ухаантай уялдуулан, хослуулах хэрэгтэй байна. Энэ тухай дэлхийн судалгаа шинжилгээ, үйл ажиллагааны чиглэл байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  “Уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилсан хэлбэрээр хөгжүүлье” гэсэн зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу орчин үеийн судалгааны аргуудаар хүнд  хийгдэж байгаа эмчилгээ, эмийн бүтээгдэхүүнийг судлан, ямар нөлөө үзүүлж байгааг баталгаажуулах юм. Үүнийг гол зорилгоо болгон судлаачид ажиллаж байна” хэмээлээ. 

 Энэ удаагийн хуралд харьцангуй олон орны мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн эрдэмтэд хүрэлцэн ирсэн гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. Хүрэлцэн ирсэн эрдэмтэд "уламжлалт анагаах ухааны ололт, амжилт", "хэтийн төлөв", "чиг хандлага" гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэлүүдийг тавьсан юм.

Энэтхэгийн эрдэмтэн Kow Salya “Олон Улсын энэ хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна. Монгол Улсын зочломтгой сайхан зан чанар болон уламжлалт анагаах ухааны их өв соёлтой танилцлаа. Гэртээ байгаа юм шиг л санагдаж байна. Биднийг онгоцноос буухад бороотой байсан. Энэ нь маш сайхан санагдсан. Өглөө Чингис хааны талбайгаар явж үзсэн. Монгол хүмүүсийн сайхан зан ааш  миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Өнөөдрийн хуралд Энэтхэг хоол хүнс, эмийн ургамлын талаар илтгэл тавина. Манай улс нь анагаах ухааны үнэтэй өв соёлтой газар. Энэтхэгийн уламжлалт анагаах ухааныг гурван хэсэгт хувааж үздэг. Үүний гол хэсэг нь Аюурвэдийн анагаах ухаан юм. Энэхүү уламжлалт анагаах  ухааныг “хий шар бадган”-ы онолоор тайлбарладаг.  Энэ нь хүний биеийн эрхтэн системийг цогцоор авч үздэг гэсэн үг. Мөн хүн бүрийн бие өөр өөр байдаг гэдгийг тус онолд заадаг юм. Намайг энэ хуралд урьсанд баярлалаа. Дахин Монголд ирэх болно” гэлээ.

Норвегийн эрдэмтэн Jan Karlsen 

“Өнөөдрийн хуралд маш чадварлаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн байна. Уламжлалт анагаах ухаан, орчин үеийн анагаах ухааны хооронд их зөрчил тэмцэл байдаг. Гэхдээ хүн төрөлхтний эрүүл мэндэд уламжлалт анагаах ухаан гайхамшигтай зүйлсийг бүтээсэн. Өнөөдрийн хурлаас уламжлалт анагаах ухааны хөгжил болон хүн төрөлхтний төлөө уламжлалт анагаах ухааныг ашиглахаар зориг шулуудсан хүмүүсийг харж байна.  Норвеги Монгол хоёр төстэй. Тухайлбал, газар нутаг уудам, хүн ам цөөнтэй. Норвеги улс маань Хятад, Төвдийн уламжлалт анагаах ухааныг хэрэглэж ирсэн. Үүнтэй холбогдуулан Норвегийн уламжлалт анагаах ухаан нь байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээр хязгаарлагдаж байдаг. Бид өнөөдөр уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны судалгааны төвшинд хэлэлцэж байна. Ингэж хэлэлцэхээс илүүтэй практик дээр бүтээгдэхүүн болгож хүнд хүргэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна” гэв.

Хурал хоёр өдөр үргэлжлэх аж.

Б.Янжиндулам

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ