...
...

Б.Гангаамаа: Үндсэн отогоос доош отог байгуулахгүй болохыг анхаарна уу!

Амралт зугаалгын цаг эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголын сайхан газар нутгийг үзэхээр гадаад дотоодын олон аялагчид үүргэвчээ үүрэн хүссэн газраа очиж байгалын сайхныг шүтэн биширдэг билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан МУГТ, Монголын анхны Seven summiteer, ОУХМ Б.Гангаамаа та бүхэнд дараах чухал захидлыг илгээжээ. 

Нийт жуулчид, аялагчид,уулчид ард түмэндээ илгээх захидал


Сайн байна уу, Сайхан наадаж, Cайхан зусаж байна уу?

Сүүлийн жилүүдэд иргэд ард түмэн, залуучууд маань аялаж, алхаж, амралтаа зөв зохистой өнгөрөөхөд ихээхэн анхаардаг болсон. Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газар амрах, мэргэжлийн биш юм аа гэхэд сонирхлын хүрээнд ууланд алхахыг хэн бүхэн хүсдэг болжээ.

Тийм ээ миний өөрийн сайн мэдэх Алтай таван богд уулыг үзэж сонирхох, алхах, амрах бас авирахаар очиж буй хүмүүсийн анхааралд дараах зааварчилгааг хүргүүлж байна.

Энэ нь эх орны маань бусад үндэсний паркуудад ч хамаарагдах байх аа

1. Алтай таван богдын үндэсний парк нь хамгаалалтын хоёр хаалгатай. /Ойгор тал,Цагаан гол тал/ Эрхэм та бүхэн энэ хоёр хаалган дээр унаж очсон машинаа паркалж үлдээгээд цааш 15-18 км алхаж эсвэл ердийн хөсөг авч уулын бааз лагерь дээр очих ёстой!

o Энэ нь үндэсний паркаа унаган төрхөөр нь хадгалж үлдэх, хөрсний эвдрэл, бохирдлоос хамгаалах, одоо гарчихсан байгаа машин техникийн мөрийг буцааж унаган төрхөнд нь оруулах

o Монгол орны аялал жуулчлалын өөрийн гэсэн өнгө төрхийг гадаад ертөнцөд харуулах /нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг тэдэнд маш сонирхолтой байдаг/

o Жилийн 2-3-хан сар үргэлжилдэг Монголын аялал жуулчлалын улиралд орон нутгийн иргэд бага ч гэсэн орлогын эх үүсвэртэй байж, нутаг орноо сахин хамгаалж амьдрах сонирхол, сэтгэлтэй байлгахад туслах бидний оролцоо

o Хөдөлгөөний хомсдол,эрүүл мэндээ бодож, шүтэн харах гэж буй эх орныхоо зулай болсон Их хайрхандаа хүндэтгэл үзүүлж, хайрлан хамгаалж алхаж хүрэх нь таны мөрдөх нэг зарчмууд юм .

2. Алтай таван богдын үндэсний паркд зочилсон хэн боловч өөрийн авч очсон, өөрөөс гарсан ахуйн ба хүнсний хог хаягдлаа уут болон хайрцаг саванд хийн хадгалж байгаад буцаж буухдаа үүрч буюу морь тэмээндээ ачиж паркаас гарч буй хаалганы хогын цэг дээр/ Ойгор эсвэл Цагаан гол/ үлдээж байхыг анхаарна уу!

3. Та аяллын отогоо зориулалтын газар болох Үндсэн бааз лагер дээр байгуулж, /тэмдэглэгээнээс дээш буюу зөвшөөрөгдөөгүй газар байрлахгүй/ байрлах хугацаандаа орчны цэвэр цэмцгэр байдлыг сайтар хангаж, хог, тамхины иш хаяхгүй, хөрс бохирдуулахгүй, зориулалтын бие засах байрыг цэвэр ашиглаж, согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусад амрагчид, аялагчдын тав тухыг хүндэтгэн амарч аялахыг анхааруулж хүсч байна.

4. Бид ундны усны эх болох мөсөн гол, жижиг голуудын эхэнд байрлаж байгаа гэдгийг анхаарч голын усанд орох, угаалга хийх, гол усны эх, хажууд бие засах зэрэг хэвийн бус үзэгдлүүдийг гаргахгүй байхыг анхаарна уу! /Хэрвээ угаалга хийх бол усаа зөөвөрлөж зориулалтын савыг ашиглах/

5. Уулын авиралт хийж байгаа хүмүүс зөвхөн өндрийн кемп хүрч /Хоног толгой/ отоглох ба мөн хог хаягдлаа /үүнд хэрэглэсэн нойлын цаас,ариун цэврийн хэрэглэлүүд орохыг анхаарна уу/ битүүмжилсэн гялгар уутанд хийн үүрч буулгаж ирэх, байрлах хугацаандаа зохистой газар сонгон бүх хүн зөвхөн нэг нойлын цэг үүсгэж ашиглана уу.

6. Үндсэн отгийн/ Бааз лагерийн/ тэмдэгтээс дээш болон Малчин уулын хормойд мөн үндсэн отгоос доош отог байгуулахгүй болохыг анхаарна уу!

7. Эх орныхоо хаа ч аялаж, ажиллаж явсан гал түймрийн аюулаас ямагт сэрэмжилж, асаасан гал, татсан тамхи болон гал үүсгэж болох бүх л зүйлд хяналт тавьж ажиллана уу.! Болж өгвөл ил задгай гал гаргахгүй байхыг анхаарна уу!

Дээрх зарчмуудыг өөрсдөө мөрдөхөөс гадна бусдадаа хэлж сануулж, зөвлөж байхыг, хэн нэгний санаандгүй хаясан хог хаягдлыг цэвэрлэчихдэг байхыг хичээнгүйлэн хүсье!

Эрхэм хүндэт аялагчид, уулчид аа!

Та бүхэн Монголын аялал жуулчлалын болон орон нутгийн дүрэм журмыг хүндэтгэн мөрдөж, эх орноо хайрлан хамгаалж, сурталчилж, бусдадаа зөв үлгэр дууриалал үзүүлэн, бие биенээ хүндэтгэн сайхан аялаж, амарч, амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Хүндэтгэсэн: Монголын анхны “ Seven summiteer “ МУГТ,ОУХМ Бадамгаравын Гангаамаа

 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ