...
...

1 тэрбум долларыг нэхэмжлээд байсан АРБИТРЫН маргаанд ялалт байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. 


Маргааны нэхэмжлэлийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргажээ. 
Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн бөгөөд уг орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг юм. 
Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортлож байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон юм.

Үүнтэй холбогдуулан "Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани олон улсын арбитрт хандан Монгол Улсын Засгийн газраас 1 тэрбум шахам ам доллар нэхэмжлээд байсан юм.

Тэгвэл энэ маргааны хэргийн харьяалал болон хариуцлагын асуудлыг хянан хэлэлцэх арбитрын хурал Нидерланд Улсын Гааг хотноо Олон улсын арбитрын шүүхийн байранд 2015 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болсон бөгөөд бараг 1,9 жилийн дараа хэргийн бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. 
 

Монгол Улсын Засгийн газар 7 жилийн хугацаанд АНУ-ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд энэхүү маргаан манай ялалтаар дууссан байна.

Нэхэмжлэгч талаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал болох 1 тэрбум шахам ам долларыг нэхэмжлээд байсан ч ийнхүү Монгол Улсын талд шийдвэр гарч, эдийн засагт үүсээд байсан томоохон эрсдлээс сэргийлж чадлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ