...
...

Шаардлага хангахгүй барилга хүлээн авч буй улсын комисст хариуцлага тооцохыг шаардлаа.

 

Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөл Улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд, албан хаагчдыг шаардлага хангаагүй барилга, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй компаниар барилгыг ашиглалтад оруулах, хүүхдийн тоглоомын талбайд барилга барих зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэн, хууль бус үйлдлийг зогсоохыг шаардаж,  өчигдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад байна. Тэд барилгын ажил дуусаагүй байхад хүлээн авсан, тусгай зөвшөөрөлгүй компанийг, тухайн барилгад шанага шавар, ширхэг тоосго өрөөгүй компанийг Ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авах, зөрчилтэй, хуулбар, хуурамч баримт бүрдүүлсэн барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрч буй нь  хууль бус хэмээн үзэж Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудад тав, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод дөрвөн удаа өргөдөл гаргаж, уулзах хүсэлт тавьсан боловч өдийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шаардан, холбогдох хүмүүст албан бичиг хүргүүлээд байгаа гэнэ. 
 

Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн Г.Эрдэнэ “Шинэ өргөө” хорооллын барилгын ажлыг гүйцэтгэгч компани оршин суугчдад усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай барина хэмээн амалсан. Гэвч оршин суугчдын 80 гаруй хувь нь байрандаа орчихсон байхад төлөвлөлтөө өөрчилж, тоглоомын талбай барих газарт 20 болон 40 айлын орон сууц барьж эхэлжээ.Ямар ч бичиг баримт байхгүй ажлаа эхлүүлж,суурь зоорийн давхраа цутгасан. Мөн усан оргилуурын талбай дээр үйлчилгээний төв байгуулахаар архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж, ажлаа эхлүүлэхийг зөвшөөрсөн байсан.Оршин суугчид хэл ам хийж,байж,  архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлана гэсэн бичиг ирсэн.Гэвч өнөөдрийг хүртэл албан ёсоор цуцласан мэдэгдэл гараагүй байгаа юм.Яагаад гарахгүй байгаа талаар асуухаар: Захиалагч тал архитектур төлөвлөлтийн даалгавраа авчирч өгөхгүй байна гэсэн шалтаг хэлдэг.  Ингэж оршин суугчдын эрх ашгийг зөрчиж, хууль бусаар барилгын зөвшөөрөл олгохоо зогсоохыг шаардаж байна” гэв. 
Түүнчлэн Хан-Уул дүүргийн VIII хороонд байрлах “Астра вилла” хотхоны гүйцэтгэгчээр ажилласан “Агар арвижих” компанийн захирал С.Гантөгс:  Бид “Олд констракшн”-ы захиалгаар “Австра вилла” хотхоны 12 давхар хоёр барилгын ажлыг гүйцэтгэсэн. Гэвч тус " Олд констракшн " ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2016.07.05-ны өдөр   хугацаа  дууссан байхад Улсын комиссынхон Ерөнхий гүйцэтгэгчээр 2016.12.23-ны өдөр  хүлээн авсан.Мөн Улсын комиссын актад миний гарын үсгийг хуурамчаар  үйлдсэн. Улсын комиссын акт 14 хоногт баталгаажих ёстой.Үүнийг ч тухайн үед комисс ахалж очсон Мөнх-Эрдэнэ саналын хуудсандаа бичсэн байдаг.14 хоногт баталгаажихгүй бол комисс дахин хуралдана гэж Барилга байгууламжийг ашиглалтад авах дүрэмд тодорхой тусгасан байдаг. Гэтэл 41 хоногийн дараа акт гарсан байдаг. Улсын комиссынхныг  ийм хариуцлагагүй үйлдэл гаргасанд харамсаж байна” гэв. 
Одоогоос дөрвөн жилийн өмнө “Бүрэн цутгамал” гэх компани Сүхбаатар дүүргийн II  хороонд байрлах “Сант” сургуулийн таван давхар өргөтгөлийн барилга барихаар тус сургуультай гэрээ байгуулсан. Гэвч барилгын ажил 85 хувьтай байх үед талууд хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл  шүүх, цагдаагийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхээр сунжирсаар байх үед Улсын комиссоос тус барилгад шанага шавар, ширхэг тоосго өрөөгүй "Голомт констракшн" ХХК-аар  хүлээн авчээ.Үүнийг  хууль бус хэмээн үзсэн тул тус компанийн захирал Б.Батдэлгэр өлсгөлөн зарлажээ. Энэ талаар түүнээс тодрууллаа. 
-Улсын комиссын дүгнэлтийг яагаад хууль бус хэмээн үзэж байна вэ. Танайх анх ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа ямар ажлуудыг нь гүйцэтгэсэн бэ? 
-Өнгөрсөн оны наймдугаар сард “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын акт гарсан байсныг бид 2016.11.18-ны өдөр л мэдсэн.. Тус актад ерөнхий гүйцэтгэгчээр “Голомт констракшн” ажилласан гэж бүртгэсэн байна лээ. Бид барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэсэн байхад өөр компанийн нэрийг оруулсан нь хууль бус юм. Үүнийг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, Барилгын тухай хуулийн “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэсэн барилгыг ашиглалтад оруулна” гэсэн заалтыг Улсын комисс зөрчсөн болохыг тогтоосон.  Мөн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгээгүй компанийг ерөнхий гүйцэтгэгчээр бүртгэсэн нь Барилгын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.9 дэх заалтыг зөрчсөнийг тогтоосон. Бид дээрх ажлуудыг гүйцэтгэсэн. Зөвхөн шавар, будаг, хаалга угсрах зэрэг ажил үлдээд байсан. Тус сургуулийн удирдлагууд төрийн албаныхантай нийлж, ийм зүйл хийж байгаад гомдолтой байна. "Сант" сургуулийн захирал Д.Зургаанжингийн шуналаас болж, төрийн албан хаагчид хэрэгт орооцолдож,арга хэмжээ авахуулж байна.
-Дээрх асуудалтай холбоотойгоор “Сант” сургууль болон танайх бие биенийгээ шүүхэд өгсөн гэсэн. Шүүхээр шийдвэрлүүлэх хэргүүд ямар шатандаа явж байна вэ? 
-Манай компани тус барилгын ажилд нийтдээ 1.6 тэрбум төгрөг зарцуулснаас 1.2 тэрбумыг нь тус сургуулиас олгосон. Зөрүү болох 500 гаруй сая төгрөгийг нэхэмжлэхээр 2013 оны аравдугаар сарын 30-нд  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хэргийг шалгах явц хоёр жил гаруй үргэлжилсэн. Энэ хүрээнд тус сургуультай тохиролцоод 100 гаруй сая төгрөгийг нөхөн авсан. Ингээд 2015 оны аравдугаар сард шүүхээс нэхэмжлэлээ татаж авсан юм. Яагаад гэвэл Эрүүгийн 3-н зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж,сэжигтэн,яллагдагч болсон учраас ИХШХШТХуулийн дагуу татан авсан. Гэтэл Д.Зургаанжин нь намайг буруугаа хүлээж нэхэмжлэхээсээ татгалзсан гэж яриад явдаг. Энэ үгэнд нь Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа итгэчихсэн .Уг нь нэхэмжлэхээсээ татгалзах, татан авах 2 өөр ойлголт юм. Тус сургууль манай компанид 600 сая төгрөгийн нэхэмжлэл эргүүлээд гаргасан. Шүүхээс энэ нэхэмжлэлд хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгосон л доо. Тус сургуулийн захирал Д.Зургаанжин, Буяндэлгэр нар нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргаж,надад  Эрүүгийн хуулийн гурван зүйл заалтаар хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 111, 148.4, 174.1 дугаар зүйл ангиар хүний нэр төр гутаасан,  залилан мэхэлсэн, чанаргүй барилга барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард прокуророос хүний нэр төр гутаасан,  залилан мэхэлсэн гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгон, 174.2 дугаар заалт буюу хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх руу шилжүүлсэн юм. Энэ асуудлаар хоёр ч удаа шүүх хурал болсон ч хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт руу буцаасан. Одоо Сүхбаатар дүүргийн прокурор дээр энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 
-“Сант” сургуулийн зүгээс танай компанийг барилга барих явцад олон удаа зөрчил гаргаж, чанаргүй барилга барьсан гэсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?  
-Чанаргүй барилга барьсан гээд байгаагийн шалтгаан нь тус өргөтгөлийн цахилгааны асуудалтай холбоотой. Бид цахилгааны ажлын 40-50 хувийг л гүйцэтгэсэн. Гэтэл тус сургуулийн захирал Д.Зургаанжин 2015 оны 3-р сарын 02, 2016 оны 1- р сарын 28-нд тус тус Эрчим хүчний яаманд хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын улсын  байцаагч П.Даваадорж тэргүүтэй төрийн албан хаагчид албан шаардлага,дүгнэлт гарсан байдаг. Тэгээд түүнийг нь 2016.03.02-ны өдөр  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст аваачиж өгөөд, албан шаардлага, дүгнэлтэд үндэслэн яллах дүгнэлтийг СБД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнэ бичиж шүүхэд шилжүүлсэн. . Тэр байцаагч гэх П.Даваадорж тэргүүтэй хүмүүс  газар дээр нь нэг ч удаа очиж үзээгүй гэдгээ эрүүгийн, захиргааны шүүх хурлууд дээр мэдүүлдэг.Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэх мөртлөө Төрийн хяналт шалгалтын хуулийн зохих заалтуудыг огт мөрдөөгүй. "Сант" сургуулийн захирал Д.Зургаанжингийн хүсэлтээр албан шаардлага, дүгнэлтээ гаргасан гэдгээ захиргааны хэргийн шүүх хуралдаанд мэдүүлдэг. Тийм ч учраас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэргэжлийн хяналтын Улсын байцаагч П.Даваадоржийн албан шаардлага,П.Даваадорж, Магсаржалам, Бекболат, Гансүх, Нямдаш нарын гаргасан дүгнэлт зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн дагуу ИЛТ ХУУЛЬ БУС АКТ болохыг тогтоосон."Сант" сургуулийн захирал Д.Зургаанжингийн хүсэлтээр иргэн Б.Батдэлгэр намайг "Чанаргүй барилга барьсан" гэх ЗОХИОМОЛ хэрэгт буруутгахын тулд  захиалгаар хийсэн нь ойлгомжтой юм. 
-2013 оны аравдугаар сард танай компанийг өөрсдөө гэрээгээ цуцлаад, ажлаа хаяад явсан гэж хэвлэлээр бичсэн байсан. Энэ үнэн үү? 
-Бидний ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэг зөрчил гарсан бол зөвхөн бичгээр харилцана гэж заасан байдаг. Гэвч “Сант” сургууль манайд нэг ч удаа гомдол, санал,зөрчлийг албан бичгээр хүргүүлж байгаагүй. Мөн захиалагч таваас дээш удаа санхүүжилтээ хоцроосон, эсвэл гэрээг урьдчилан мэдэгдэхгүйгээр зөрчсөн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээгээ цуцалж болно гэж Ажил гүйцэтгэх гэрээний 10.2 дах заалтад тодорхой заасан. Бид барилгын бүх гүйцэтгэлийг хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан боловч “Сант” сургууль сантехник болон салхивчний  ажлыг өөр компанид даалгаж, гэрээ байгуулсан учраас гэрээгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр зөрчсөн. Мөн ажлын хөлсийг удаа дараалан хоцроох, дутуу өгөх зэрэг хүндрэл, буруутай үйл ажиллагаа гаргаж байсан учраас гэрээний 10.2 дах заалтын дагуу 2013.10.21-ний өдөр албан шаардлага өгсөн. Тэгсэн 2013.10.24-ний орой Д.Зургаанжин өөрөө над руу залгаад “Танайхтай гэрээгээ цуцаллаа. Та нар гомдолтой байвал шүүх, цагдаагаар яваарай” гэсэн. Тэр утасны бичлэг хүртэл байгаа. Тэд бидний ажлын хөлсийг өгөхгүй тулд намайг янз бүрийн зүйлд гүтгэж, Эрүүгийн хэрэгт татаж байна. Тэрэнд нь төрийн албан хаагчид оролцож буйд нь их харамсаж байна. Тиймээс л энэ шударга бус байдлыг өөрчлөхийн тулд өлсгөлөн зарлаад байна. Хэд хоногийн өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглаан хийсэн. Цуглаан хийх зөвшөөрөл авахын тулд хоёр сар 20 хоногийн турш хөөцөлдөж байж, арай гэж хууль ёсны дагуу хийлээ. Чингэлтэй дүүргийн  Засагт даргад хүсэлт гаргасан боловч огт хүлээж аваагүй. Энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж,шүүхийн шийдвэр иргэн миний МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.16 дах заалтын дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөнийг тогтоож,ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад цуглааныг бүртгэхийг даалгасан.Гэвч шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж,миний хийх цуглааныг бүртгэхээс татгалзаж байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд албадан биелүүлэх хүсэлт гаргаж байж арай гэж цуглаанаа хийсэн. Ер нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсаал, цуглаан хийх эрх иргэдэд хаалттай юм байна лээ. Тэд тус газрын байрыг төрийн тусгай хамгаалалттай учраас цуглаан хийлгэхгүй гэсэн. Гэвч барилга нь тусгай хамгаалалттай болохоос, урд талбай нь нийтийн эзэмшлийнх шүү дээ. 
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ асуудалтай холбоотой ямар байгууллагад хандсан бэ. Ямар хариу өгөв? 
-Прокурорын газарт шат шатанд гаргасан. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Засаг даргын Тамгын газарт удаа дараа өргөдөл гаргасан ч ямар ч хариу өгөөгүй. Түүнээс гадна Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад намайг нэхэмжлэгч биш хэмээн үзсэн. Бид барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэчихээд байхад Улсын комиссын актад нэр чинь ороогүй байна гээд нэхэмжлэгч бус байна гээд татгалзсан.Таны,танай компанийн эрх ашиг зөрчигдөөгүй байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нар үздэг. Барилгын тухай хуульд зааснаар барилгын суурь, хана, шат, дээвэр зэргийг бие даан гүйцэтгэсэн бол ерөнхий гүйцэтгэгчээр тооцно гэж заасан байдаг. Манай компани дээрх ажлыг хийсэн байтал захиргааны шүүгч нар "нэхэмжлэгч бус" гэж үзээд байгааг ёстой ойлгохгүй байгаа. Бодвол Д.Зургаанжин танил тал, мөнгө ихтэй болохоор шүүгч нарт нөлөөлж байна гэж би харддаг.
Энэ асуудлыг тодруулахаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай холбогдсон боловч утсаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжинтай холбогдоход туслах нь утсыг нь авч, "эргэн холбогдоё" гэсэн боловч холбоо барьсангүй.

Ш.Цогзолмаа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Barilgachin gechijee ene muu hulsnii bicheech busdiin bugs dolooj amidragch

  • Ene neg nohor unen zalitai nohroo, tuslan guitsetgegch nariinhaa mungiig ogohgui surguuliruu jihchiheed, ooroo terendee bantaad jagsaal hiigeed guigeed baidag. 1.2 terbumaar chin buhel buten 5 davhar barilga barichihdag shd, yun 50 huviin guitsetgel.

  • НАЙРАМДАЛ ЗУСЛАНД МОЛОРТРЕЙДЫН 70 айлын зөвшөөрлөөр 140 айлын сууц БАРЬСАН барилгын жорлон бохир нь ачааллаллаа дийлэхгүй зад тавин дэлбэрч уг байрны оршин суугчид амрагч сурагч залуучуудыг утаж байна. 1 жилд болоогүй аргашаа суулт өгч гэдийн айлуудын хана туургад цууралт өгчээ. Улсын комисс энээ барилгыг хүлэж авсан гээд байгаа юм даа .Бариулсан эзэн нь АН-ын дарга гээд байгаа...

Онцлох мэдээ