Бурханы шашны "5-н цөвүүн цаг" гэдэг ойлголт:
Хүн төрөлхтний оршин буй энэ цаг үесийг 5 цөвүүн бүрдсэн цаг гэх ба 2600 орчим жилийн тэртээх Бурхан багшийн Замбу тивд залрах тэр үед аль хэдийн таван цөвүүн бүрдсэн байсан гэдэг.
Таван цөвүүн гэдэг нь:
- Үзлийн цөв
- Нисваанисын цөв
- Амьтны цөв
- Насны цөв
- Цагийн цөв
Чухаг дээд гурав болон үйлийн үр, юмсын өөр хоорондын шүтэлцэл, урд хойд насыг үгүйсгэх үзэл нь үзлийн цөв юм. Үзэл нь цөвтсөн хүнийг цөвт амьтан гэх бөгөөд энэ нь амьтны цөв юм. Энэ мэт цөвтсөн хүний сэтгэл нисваанист буюу муу сэтгэлээр түйтгэрлэгдэх тул нисваанисын цөв хэмээдэг. Нисваанисаар сэтгэл нь булингартсан амьтадын буян доройтсон тул нас ахар болж, цаг бусын үхлээр хорвоог орхих тул насны цөв хэмээх нь энэ болно.
Эдгээр цөвүүд нийт зонхийн дунд дэвэрсэн цаг үеийг цагийн цөв хэмээдэг байна.
Гэхдээ таван цөвүүн дэвэрсэн цаг тул юуг ч өөрчлөх аргагүй гээд буянд шамдахгүй, хилэнцийг тэвчихгүй, цөвт амьтнаас ялгарахгүй ая зөнгөөрөө залхууран мунхаглан амьдарч болохгүй.
Учир нь:
Таван цөвүүн нь буруу үзэл, муу сэтгэлээс үүдэлтэй тул түүний ерөндөг болсон "ажиглал шинжлэл"-д тулгуурласан зөв үзлээр суурилан өөрт болон бусдад тустай зөв үйлийг үйлдэж, ёс суртахуунтай, энэрэнгүй сэтгэлтэй байвал буяныг хэмжээлшгүй хурааж түүний үрд нас буян арвижин, эрүүл энхийн жаргалангаас үл хагацаж, санасан сэдсэн ажил үйлс сэтгэгчилэн бүтэж, эд баялагаар элбэг хангалуун байх болно
Бурханы шашны ном сударт:
Таван цөвүүн дэвэрсэн, арилаагүй оронд төрсөн аливаа хүний нэг өдөр сахил сахисны буян нь диваажин тэргүүтэй ариун оронд олон галваар агшин таслалгүй хийсэн буянтай дүйдэг хэмээн зарлигласан байдаг. Таны буян номын үйл хэрэг үргэлж барцад саадгүй байх болтугай.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250