...
...

Дэлхийд дуурсагдах монголчуудыг “Зиндаа” алдаршуулна

Монголын хэвлэлийн гигант “Зиндаа” сэтгүүлд “Дэлхийн Монгол” хэмээх сүрлэг сайхан булан байна. Энэхүү буланд тив, дэлхийд алдраа дуурсган, Монголынхоо нэрийг өндөрт өргөн яваа янз бүрийн салбарын алдартнууд ордог аж.

 

Эхний дугаарын булангийн зочноор дуурийн гоцлол дуучин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар оролцжээ. Үнэхээр ч нүдээ олсон зочин гэлтэй. Г.Ариунбаатар дэлхийн дуурийн тайзнаа тод гэгчийн ОД болон гялалзаж буйг бид мэднэ. Иймээс ч 2002 оноос хойш ердөө 9-хөн хүнд олгогдоод буй төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонгоор Г.Ариунбаатар 28 насандаа  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шагнагдсан билээ.  

Г.Ариунбаатар 2011 онд буюу 22 настай байхдаа  М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн уралдаанд түрүүлж ирснийхээ дараахан Монгол улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан юм. Энэхүү хүндтэй шагнал үнэхээр эзнээ олсон гэдгийг түүний дараа дараагийн олон амжилтууд бэлхнээ илтгэж байна.

Дэлхийн сонгодог урлагийнхны “Олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны Гранпри шагналын эзэн, алдарт “Маринский” театрын гоцлол дуучин болж чадсан Г.Ариунбаатар бол яах аргагүй Дэлхийн хэмжээний Монгол мөн. Түүний тухай Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ийнхүү өгүүлрүүн: “Г.Ариунбаатарыг сонгодог урлаг цаанаасаа л захиалчихсан юм шиг санагддаг. Тэр нуруу туруу, царай зүс, зан ааш нь үнэхээрийн хайрламаар хүүхэд. Манай Баян-Өнжүүлд Зорголын уул, Ханан баянгийн уулс гэж дэргэд нь шивнэж байсан ч цуурайтаж байдаг цуурай ихтэй уулс байдаг юм. Г.Ариунбаатар энэ уулсынхаа цууриаг дагаж дуулсаар байгаад л дуучин болсон юм болов уу гэж боддог. Ингээд бодохоор Зорголын цуурай бол зөвхөн Монголын цуурай байсангүй, Дэлхийн цуурай байжээ...”

 

 

“Зиндаа” сэтгүүл дээр нийтлэгдсэн энэхүү ярилцлага үнэхээр сонирхолтой, уншиж байх үед “яах аргагүй л Дэлхийн Монгол” юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Энэхүү мундаг олон хуудастай, мундаг агуулга сайтай “Зиндаа” сэтгүүлийн зөвхөн ганц булангийн талаар гэхэд л, шагшин магтах сайхан үгс ч үл хүрэлцмү...

 

Д.Мөрөн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • үнэхээр мундаг хүү шүү.цаашдаа илүү их амжилт гаргах байх.миний зоргол хайрхан уул өнжүүлийн ард түмнийг үргэлж харж хайрлаж явдаг аав шиг сайхан ханагар уул бий дэ.уулныхаа урд жижигхэн нуур байдаг.тэнд мал багшраад сайхан нүд алдам хангай тал хосолсон сайхан нутаг да.

Онцлох мэдээ