...
...

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДЫН БАГШ НАР

Цэргийнхний “олимп” гэгдэх Зэвсэгт хүчний Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болж, ёстой л бужигнаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр-2017” хээрийн сургууль, Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн цэргийн хамгаалалтын ротын ажиллагааны өмнөх бэлтгэлийг Герман улсын Зэвсэгт хүчний сургалтын багтай хамтран явуулж байсан юм. Энхийг дэмжих ажиллагааны сургалт, дамжаа, хээрийн сургууль дадлагыг зангидаж явуулдаг гол эзэд нь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн хамт олон.  Арван жилийн өмнө шангаа татаж байсан бол өдгөө жилийн дөрвөн улиралд тасралтгүй дэлхийн улс орны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад сургалт явуулж хамтран ажиллаж байна. Энэ удаа бид ЭДАСТ-ийн сургалтын тасгийн багш нарын хөдөлмөр, ажлын онцлог, ачааллыг уншигч танд мэдрүүлж, энхийн үйлсэд зүтгэж буй үйл хэргийг нь бага ч болов товойлгохыг зорьсон юм.

            Нөгөө талаасаа Таван толгойд өрнөдөг цэргийнхний хөдөлмөрийн нэгээхэн хэсгийг ч бас үүнтэй зэрэгцэн харуулахыг зорилоо. Тус тасгийн дарга, дэд хурандаа О.Батзаяагаас зөвшөөрөл авч ахлах багш, хошууч Б.Энхцаг, дуурайлган үзүүлэх тасгийн дарга, ахлах дэслэгч Ц.Даваадорж нарын хамт ажлынх нь нэг өдрийг зураглахаар дагалаа.

            Тэдний ажил өглөө эртээ 05.30 минутад “Шийдэмгий шийдвэр” сургуулиар эхэлчихсэн байв. Энэ сургалтыг хариуцаж буй хоёр багш Монгол, Катарын цэргүүдтэй хамтран хоёр хэсэгт хуваагдан гинжинд тарчихсан “байлдаж” байв. Катарчууд уг сургалтыг долоо дахь удаагаа Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж байгаа. Энэ нь ч цаанаа учиртай. Манайхны зохион байгуулалт, эмх цэгц, цэргийн хэргийн мэдлэг, чадвар гээд олон зүйлийг үнэлж, хамтран ажиллахад урамтай байдаг тухайгаа Катарын цэргийн алба хаагчид, удирдлагууд нь илэрхийлж байсан. Байнгын хамтын ажиллагаа, уламжлалт тогтсон арга хэмжээ гэдэг өөрөө бас сайн үнэлгээг илтгэдэг шүү дээ. Тус сургалт тавдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх аж. Хоёр дахь нь Афганистан улсад “Мармал” баазын хамгаалалтын аюулгүй байдлыг хариуцах Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын YI ээлжийн ротын бие бүрэлдэхүүнтэй явуулж буй сургалт. Хэдийгээр Германы цэргийн сургалтын баг ажиллаж байгаа хэдий ч манай багш нар “гар дүрэхгүй” байна гэж байхгүй. Энэ сургалт өдөрт 07.30-11.30 цаг хүртэл үргэлжилдэг гэхээр хэр зэрэг ачаалалтай байна вэ гэдэг нь харагдах байх. Германы талаас зэвсэг, сум галт хэрэгсэл, багш нар гээд бүгдийг хариуцдаг учраас цэргийн алба хаагчдаа “үнэгүй” сургаад авчихдаг давуу талтай гэж багш нар маань ихэд олзуурхах юм билээ. Эдгээр сургалт дадлага дуусангуут 06.05-наас  “Энгийн иргэдийг хамгаалах дамжаа” хичээллэх аж. Анх удаагаа монгол хэлээр зохион байгуулагдах гэж буй уг дамжаа  НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны үүрэг  иргэдийг хамгаалахад түлхүү чиглэгдэх  болсонтой уялдаж буйгаараа онцлог аж. Ер нь “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” байгууллагатай хамтран НҮБ-ын цөөнгүй сургалт, дамжааг зохион байгуулдаг аж. Тухайлбал, цэргийн багийн захирагч, штабын офицер, ажиглагч офицер, ар талын офицер, зааварлагч, сургагч багш, иргэн-цэргийн харилцааны дамжааг зохион байгуулдаг. Дамжаа, сургалт бүрийн цаана асар их үүрэг хариуцлага бий. Хэрвээ бид буруу зааж тайлбарлавал гарах үр дүн, хохирол ямар байх нь тодорхой. Шууд бодит байдал дээр сургалтын маань үр дүн гардаг учраас үргэлж суралцаж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Бидний явуулсан сургалтад хамрагдсан цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэхдээ алдаа гаргах ёсгүй, эрхгүй шүү дээ. Үүний ард асар их хариуцлага байдаг учраас алхам тутамдаа хичээж, хянамгай байх ёстой гэж хошууч Б.Энхцаг хэлсэн. Үнэхээр ч тийм. Сурсан мэдсэн нь хүний амь настай холбогддог учраас аргагүй. “Удахгүй БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх YII ээлжийн мотобуудлагын батальоны ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт эхэлнэ. Хамгийн том даваа. 850 цэргийн алба хаагчдад арав хүрэхгүй багш сургалт явуулна гэдэг хэр их ачаалал үүрдэг нь ойлгомжтой. Ний нуугүй хэлэхэд хаанаа ч хүрэлцдэггүй. Төвийн бүх бүрэлдэхүүн дайчлагдаж эрвийх, дэрвийхээрээ л ажилладаг. Хэдэн өдөр ч хагас нойртой хононо. Гэрийн бараа харна гэж бараг л байхгүй дээ. Гэхдээ яаж ч байсан сургалт дадлагыг цалгардуулах ёсгүй” гэж өгүүлэх багш нараар, сургалтын төвийн хамт олноор бахархахгүй байх аргагүй. Үнэхээр ч ямар нэгэн арга хэмжээг сурвалжлахаар очиход эд нар л мэндлэх завгүй “гүйж” байдаг. Жилд 180 гаруй өдрийг гэртээ хариагүй ажилласан гэх рекорд тоог сонсоод хэлэх үг ч олдохгүй юм билээ. Жил бүр зургаан цэргийн багийн 1400 гаруй цэргийн алба хаагчтай онолын болон дадлагын хичээлийг зохион байгуулдаг. Дээр нь нэмэгдээд “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, “Аминд халгүй зэвсгийг энхийг сахиулах ажиллагаанд ашиглах нь”, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн алба хаагчидтай хамтарсан “Алтан тал” сургалт дадлага гээд нэрлээд байвал нэлээд урт жагсаалт гарна. Сургалтын төвийн багш нарын маань мэдлэг, туршлага жилээс жилд нэмэгдэж, багш нар гадны улсад зохион байгуулагддаг сургалт дамжаанд хичээл заадаг болоод нэлээд удаж буй. Саяхан ахлах багш, хошууч Б.Энхцаг Балба улсад зохион байгуулагдсан олон улсын энхийн дэмжих ажиллагааны салаадын хээрийн сургуульд зөвлөх багшаар үүрэг гүйцэтгэсэн нь тэдний чансааг харуулж дэлхийн түвшинд хүрснийг илэрхийлж буйн жишээ. Сургалт явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бас нэг цомхон хамт олон бол дууриалган үзүүлэх тасгийнхан.  Аливаа дэлбэрэлт, осол, байлдаан зэрэг нөхцлийн үед үүсдэг бодит байдлыг сургалт дадлагаар цэргийн алба хаагчдад харуулж, сонсгож, үнэрлүүлж, мэдрүүлэх үүргийг хүлээдэг гээд энгийн товчхон хэлчихэд болно. Тус тасгийн дарга, ахлах дэслэгч Ц.Даваадорж “Бид аль болох л бодит цагийн байдлыг үүсгэхийг хичээдэг. Материал хэрэгслээ өөрсдөө бэлдэх үе ч гарна. Хувцасны эвдэрсэн моделийг худалдааны төв, зах зэргээс цуглуулан будаж янзлаад сэтгэл зүйн хичээлд  ашиглах үе ч байна. Өнөөдөр цэргийн багийнхантай хоногийн сургууль явуулахаар төлөвлөсөн байгаа. Энхийн цагт хөлс их урсгавал, дайны цагт цус бага урсана гэдэг шиг сургалт бэлтгэлийн үеэр сайн суралцаж, мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж чадвал үүрэг гүйцэтгэхэд ажрахгүй шүү дээ” гэж өгүүлсэн.

Багш нарын ихэнх нь энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, гадаадад сургалт дамжаанд хамрагдсан, англи хэлээр хичээл сургууль явуулах мэдлэгтэй, туршлагатай. Энэ нь сургалт дадлага явуулахад тун дөхөм болдог нь тодорхой. Ганцхан  өдрийн ажлаар эдний хөдөлмөрийг харуулна гэдэг амаргүй.  Үүн дээр нэмэгдээд сургалтын төлөвлөгөө, тайлан тооцоо гээд бичиг цаас, ар талын  ажил мундахгүй их юм билээ. Гэхдээ хичээл зүтгэлийнх нь үр өгөөж харьцуулшгүй их. Цэргийн багийнхан үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ гэхтэй зэрэгцэн бахархах, баярлах сэтгэл дүүрдэг, багшаа гэж дуудаж, хүндэтгэхийг мэдрэх юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж байдаг гэж цэнхэр дуулгатан багш нар  ажлынхаа онцлогийг товчхон илэрхийлсэн. Энхийг сахиулагчдын цэнхэр дуулгатан багш нартаа баярын мэнд хүргэе.

 

“Соёмбо” сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ