...
...

МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНИЙ ТАТАЛБАР

Хот, хөдөөгүй цэцэг ногоо дэлгэрч байгаль дэлхий ногоон дээлээ өмсөж  хөгшчүүл дулаарлаа, залуус хайр сэтгэлийн улирал ирлээ гэж хөөрөлдөх зуурт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 2000 гаруй цэргийн алба хаагчид хуралджээ. Хаврын тэнгэр хартай гэдэг шиг нартай сайхан өдрөөс илүүтэй хавирга нэвтлэм зэврүүн салхи, тэнгэр, газар нийлсэн мэт шороон шуургатай энэ өдрүүд цэрэг эрсийн тэсвэр тэвчээр, шандас шөрмөсийг шалгахад хачир нэмнэ. Хатуу бүхнийг  аргадан учирлах шиг  зөөлөн,  зөөлөн шиврэх бороог энэ үеэр хэн бүхэн хүсэв ч хясахын үлгэр үргэлжилнэ. Шороо, салхинд нүдүүлж царай нь хөрсжиж, бие нь гурамсан чөдөр шиг эрчлэн чангарсан цэрэг эрс, шороон дундаас өндийх зулзаган ногоо хоёр “Таван толгой”-г чимнэ. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд цэрэг эрс цугласан нь учиртай. Хоёр жил тутам нэг удаа зохиогддог Зэвсэгт хүчний марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөхөөр хурсан нь энэ. Оролцогч бүрийн мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийг ямар түвшинд  байгааг шалгадаг дээд хэлбэрийн  шалгуур бол марш тактикийн тэмцээн  гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр  маршид хэрхэн оролцсоноороо тухайн жилийн өнгө, байдлаа цэргийн алба хаагчид тодорхойлдог. Тиймээс марш тактикийн тэмцээнд  Ховд, Дорнод, Өмнөговь, Завхан зэрэг алслагдсан аймгийн анги, байгууллагын бүрэлдэхүүн зорин ирж хүч нэмдэг.

Тэмцээнийг  шударга, шуурхай, нээлттэй  зохион явуулах  хариуцлагатай албыг ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХЖШ, ХЗЦК, АЦК-аас томилогдсон шүүгч нар үүрдэг ба талбайн ахлах шүүгчээр 13, шүүгчээр 37,  туслах шүүгчээр Зэвсэгт хүчний 119, 311 дүгээр ангиас 24 цэргийн алба хаагчид томилогджээ. Тэмцээний шүүгчдийн оноо тооцох арга барилыг шинэчлэн, нэгдсэн дүнг цахим хэлбэрээр нийтэд дэлгэн гаргаж ажилласнаар тэмцээний үйл ажиллагаа шуурхай, нээлттэй болж, гомдол маргаангүй болж өнгөрсөн талаар зохион байгуулагч нар онцолж байлаа.

 

Гардан тулаан ба жагсаалын үзүүлэх тоглолт

Нүүр будалт, өмссөн хувцас, хантааз үзүүлэх номер зэргээрээ ангиуд ялгардаг гардан тулааны үзүүлэх тоглолтод, дүрэлзсэн галтай давхар тоосгыг бут цохих гар, хавтгай бетоныг хуга өшиглөх хөл, модон хавтанд гараараа хадаас зоож, духаараа хуга мөргөх цэргийн алба хаагчдын үзүүлбэр нурууны шар үсийг босгож, алга хөлөргөнө. Шаардлагатай үед өөрийгөө болон нөхрөө хамгаалах чадвар цэргийн бидэнд зайлшгүй байх учиртайг гардан тулааны шилдэг үзүүлбэрүүд эрхгүй сануулна. Үүнтэй зэрэгцээд жагсаалын үзүүлэх тоглолт явагдана. Тэмцээнд оролцож байгаа хэд ч яралзах нь баараггүй. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг шиг тэдэн шиг яралзтал алхаж гишгиж сурах юмсан гэсэн алба хаагчид ч байсныг нуух юун.

Таван толгой дахь цэргийн наадам

Зэвсэгт хүчний  марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн цэргийнхний “олимп” гэгддэг. Тус тэмцээнийг үзэж сонирхож, оролцогсдыг дэмжихээр  Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд  найман настай балчраас 80 настай буурай ч ирсэн харагдана. Олны хөлд дарагдсан энэ газарт хүн зоноос дутахааргүй  машин, техник цуглажээ. Тэднийг байрлуулах авто зогсоол, элдэв хөдөлгөөнийг зохицуулахаар авто техникийн хяналтын албанаас хоёр ч алба хаагч томилогдож нэлээд ачаалалтай ажиллаж харагдсан. Командын байрны дэргэдээс холдохгүй дэвтэр, бал барьсан хэсэг  нөхөд, оролцогсод саадыг  хэдэн оноотой хэрхэн туулж байгааг чанга яригчаар зарлахад хүний, өөрийнгүй бичиж тэмдэглэх нь тэмцээний шүүлтийг давхар шүүж, үнэн бодит байдлыг шалгах мэт.

“Архагууд”-ын ам мэх

            Наадмын дэвжээнд тав давсан ахимаг настай аварга, арслан, заанууд ааг омог нь сагасан залуу бөхчүүдийн урам зоригийг нь мохоох үүднээс “ам” мэх хэрэглэдэг. Тэмцээнд Зэвсэгт хүчний 110, 339 дүгээр ангиуд анх удаа оролцсон юм. Зэвсэгт хүчний 017, 311 дүгээр ангиудын хугацаат цэргийн алба хаагчдын салаа анх оролцлоо. Маршаас медальгүй бууж үзээгүй ангийн захирагч нар “шинэковууд”-ыг бэлтгэл сургуулиа сайн базаасан уу? Ах нарынхаа ард арай үлдэх юм биш биз дээ...  гэж доогтой нь аргагүй хөхөрнө. Зарим нь эсрэгээрээ дүү нар ах нарынхаа өмнө гарчих гээд байна уу даа гэж мөн л ёжилно. Мэдээж тоглоом, наргиантай хослуулсан “ам” мэх шинээр оролцож буй ангиудад нөлөөлсөн, үү эс нөлөөлсөн үү бүү мэд. Ямартаа ч тэд чамлахааргүй амжилттай оролцлоо.

Мөрдэстнүүдийн шандсыг шалгалаа

Дохионы  пуужин тас хийхтэй зэрэгцээд зэлээс алдуурсан унаганууд шиг л огло үсрэн гарах дайчдын араас сүү өргөн зогсож буй бүсгүй барианд үлдлээ. Хэдхэн харайгаад л  эхний  даалгавар болох гранат шидэлтийн цэгт тамирчид ирнэ. Энэ цэг бусад цэгийг бодвол сайн шидэж чадвал өндөр оноо авах, муу шидэхийн бол их торгууль авч амжилтаас нь багагүй чангаадаг оргил саадуудын нэг. Энэ цэгт шүүгч нарын шийдвэрийг эсэргүүцэж олон санал гомдол ирдэг байсан болохоор энэ жилээс хяналтын камер байрлуулснаар элдэв маргаан гараагүй гэнэ. Гагцхүү   тамирчдаас  анхаарал, болгоомж, сахилга бат, салхины чиг, хүч, тэнцвэрээ зөв хувиарлах гэх мэт цэргийн мэргэжлийн наад захын ур чадварыг л шаардана. Ангиуд энэ цэгтэй тулж ажиллаж бэлтгэл сургуулиа сайн хийсэн нь тодорхой. Гэхдээ бэлтгэл сайн байлаа гээд сэтгэл зүй дутуу байвал тэмцээнд түрүүлэх нь юу л бол доо. Аливаа тэмцээн уралдаанд  оролцогсдын “ёндоо” буюу тухайн өдрийн тэнгэр нь гийж битүү тамирчид “од”  болохыг алийг тэр гэхэв. Гараанаас гарсан тамирчдын эрч суларч,  амьсгаа давхцахтай зэрэгцэн бидний хэлдгээр “бага зовлонт”-руу өгсөнө. Бага зовлонт бага зовооно гэсэн үг.  Тэгэхлээр жинхэнэ шандас шалгах даваанууд цааш бий гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа болохоор хүчээ нөөнө.  Гүйж буй тасаг, салааны  бүрэлдэхүүний дундаас хэн нэг нь “алив манайхан урагшаа”, “бид чадна” гэх үг бүгдийн  чихэнд хүрч сэтгэлийн хүч нэмнэ. Бага зовлонтын овоог гурвантаа эргэж уруудахад тэмээн шаттай халз тулна. Тэмээн шат бол сульдаж, бахардсан нэгнийг хайр найргүй  шилгээн унагаж оноо хасна. Дайчдын ясны хөлс гарч, усан хулгана болжээ. Эрүүн доор бөнжигнөн хуралдаж чив чив дуслах хөлстэй тамирчин дайчдыг харсан хэн бүхэн  цэргийн албаны хүнд, бэрхийг ойлгоно. Бариа ойртлоо одоо байдгаа гарга хэмээн нөхрийнхөө бууг нэмж үүрсэн нэг нь хажуудахдаа урам өгнө. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн цоглог ая тоглохтой зэрэгцэн  барианд зогсож байгаа  анги, хамт олны уухайн түрлэг оргилдоо хүрэх  тэр мөчид тамирчдын хөл нь хөнгөрч,  гараанаас гарсан шигээ эрч нэмж хүч шавхаж барианд орлоо.

 

Хуран цугласан нөхөд буцлаа

Майхнаа тойруулаад жижиг чулуугаар чартаа татаж, эмх цэгцтэй байрласан цэргийн хүрээ тэмцээний хаалтын дараагаар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж гарав. Хэдхэн минутын дотор багахан суурингийн дайтай байсан цэргийн “лагерьт” чартаа чулуунаас өөр зүйл үлдсэнгүй. Майхнаа цөм хүчит техникийн ачаан дээр баглагдаж анги ангийн зүг хөдлөхөд бэлэн болжээ. “Хуран цугласан нөхөд минь буцлаа  хурын нулимс нүдийг минь бүрхлээ” гэдэгчлэн онжав, анд найзуудтайгаа дараа уулзана гэсэн гэгээн итгэлээр тэврэлдэн зогсох цэргийн алба хаагчид харагдлаа. Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна гэж өнгөрсөн жилийн наадмаа ирэх жилийн наадам хүртэл ярьдаг монгол түмэн бид энэ жилийн Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээний  талаарх дурсамж, сургамжаа дараагийн маршийн тэмцээн хүртэл ярих нь дамжиггүй. Харин тэмцээнд тэргүүлсэн анги, байгууллагын  тамирчид төрийн цэргийн үүрэг бүхий байгууллагуудын хооронд мөдхөн болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулиа базаасаар хоцорсон юм.

“Соёмбо” сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ