...
...

”Энигма” ХХК, МҮИС-ийнханд ичих нүүр алга

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ая холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг Дархан цаазат газар гэнэ. 
 /Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс.../
Нийтлэлийнхээ өмнөтгөлөөр "Дархан цаазат газар гэж юу вэ" гэх асуултад хариулт өгөхийг хүслээ. Учир нь унаган төрхөө хадгалж, байгалийн тэнцвэрт байдлыг хангасан тийм газар нутаг Монгол оронд маань улам цөөрсөөр байгаад оршино. Өдгөө Монгол Улсын хэмжээнд нийт 12 дархан цаазат газар байдаг ба манай орны нийт нутаг дэвсгэрийн 6,7-хон хувийг эзэлж байгаа нь дэндүү чамлалттай юм. Гэтэл ихэнх улс орнууд газар нутгийнхаа 30-аас дээш хувийг тусгай хамгаалалтын бүсэд оруулж, дархалсан байдаг аж.
Харин Монгол Улс  улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ маш бага, дээрээс нь тэрхүү хамгаалалт авсан гэх газар руугаа эд мөнгөтэй эрх мэдэлтнүүд нь үргэлж "Гараа сунгаж" байдаг нь харамсалтай. Түүний нэгэн тод жишээ бол Монголын үндэсний их сургууль/МҮИС/ болон "Энигма" ХХК юм.
Нэг компанийн эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу?
"Мөнгө нь л байвал Монголын хууль хамаагүй" гэсэн бодолтой хүмүүс Төрийн тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт хувийнхаа бүтээн байгуулалтыг буй болгохоор улайрч эхэлжээ. Учир явдлыг маш энгийн агаад товчхон тайрбарлъя. 

“Энигма” компани нь 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газарт нийт 40.1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч эдгээр газруудад зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн нэр дээр “Чингисийн өргөө” гэх амралтын газар л энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна.

Бусад 39 га газарт ямар нэг үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрөө сүүлийн хоёр жилийн турш улсад төлөөгүй нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байгууллага аж. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын газар нутгийг 2004 оноос хойш буюу 13 жилийн турш ашиглах зөвшөөрлийг эдэлж буй "Энигма" ХХК эцэстээ энэ газар нутагт өөрийн сургуулийнхаа/МҮИС/ харьяа кемпийг байгуулах дээрээ тулжээ. Хар ухаанаар бодсон ч дархан цаазат газарт дарга даамлуудын хувийн сургууль барина гэдэг байж боломгүй хэрэг биз дээ. Гэвч тэд /ЭНИГМА ХХК болон МҮИС-ийн удирдлагууд/ төрийн тусгай хамгаалалтын нутаг дэвсгэр дээр өөрийн юм шиг аашилж байгаа нь үнэхээр ичгэвэртэй.

"Даварсаар даварсаар Давгын орон дээр" гэгчээр ЭНИГМА ХХК болон МҮИС-ийн удирдлагуудын ийм авир хэрээс хэтэрч, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, түүгээр барахгүй саад хийх болжээ. Болсон процессоос дурдвал, 

"Энигма" ХХК болон МҮИС-ийн бүтээн байгуулалтаа хийх гэж дайраад буй Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн чиглэлд БОАЖЯ-аас 1.2 га газарт нийт 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөж, Засгийн газраас газар чөлөөлөх шийдвэр гаргаад байгаа юм.

Тодруулбал, авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Энигма” компани, МҮИС-ийн эдэлбэр газраас нийт 3.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэжээ. Авто зогсоолын цогцолбор байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Гэвч дархан цаазат газрыг өөрийн юм шиг өмчилсөн "ЭНИГМА" ХХК болон МҮИС-ийнхан иргэдийнхээ төлөө хийх гэж буй төрийн ажлыг эсэргүүцэх болжээ. Эндээс л "Нэг компанийн эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу" гэх асуулт аяндаа ургаж гарч ирж байгаа юм. Богдхан уулын дархан цаазат газар нутгийг тэр чигээр нь эзэмшчихээд /40,1 га/ түүнээс нь, 3-хан га газрыг төр аваад ард иргэдэд аяллын зам бариад өгье гэхэд ингэж эсэргүүцэж байгаа "Энигма" ХХК, МҮИС-ийнханд ичих нүүр алга уу. Дархан цаазат газарт даварсан энэ мэт этгээдүүд төр төмөр нударгаа үзүүлэх цаг нь болжээ. Тэгэхгүй бол "Том толгойтой" нөхдүүдийн авир хэрээс хэтэрч, эцэстээ төрийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн юм шиг ашиглах боллоо.

Дархан цаазат газрын бүс нутагт дураараа авирлаж, газар нутгийн онгон дагшин байдал, байгалийн тэнцвэрт харьцааг нь алдагдуулж буй "Том толгойтнууд" олон байгаагийн ганцхан жишээ нь энэ буюу.

С.Баяр

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ