...
...

Ж.Даваалхам: 18 настай хүү ХДХВ-ийн халдвар авсан нь хамгийн залуу тохиолдол биш

  БЗХӨ-ний тархалт нэмэгдэн, улаан тарианы үетэй дүйцэхүйц хэмжээнд байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон. Мөн саяхан ХДХВ-ийн халдвар авсан 18 настай хүүгийн тохиолдол бүртгэгдсэн нь нийгмийг цочирдуулаад байгаа юм. Энэ тухай асуудлаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай ярилцлаа.

- БЗХӨ-ний тархалт улаан тарианы үетэй дүйцэхүйц хэмжээнд хүрсэн үү?

- Бэлгийн замын халдварт өвчин 1992 оноос эрс нэмэгдэж эхэлсэн. 2008 онд тэмбүүгийн халдварт өвчний тархалт цаашдаа хэр байхыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцооллыг хийсэн. Уг тооцооллоор 2020 оныг хүртэл БЗХӨ тасралтгүй өсөх хандлагатай гэж гарсан. 1920-1930 оны үед БЗХӨ арван мянган хүнд 65 поромиль байсан. Харин өнөөдрийн байдлаар арван мянган хүнд 20 орчим поромиль байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр БЗХӨ-ний өнөөгийн байдал улаан тарианы үетэй харьцуулах хэмжээнд байна гэж ярьж байгаа нь ташаа мэдээлэл.

- Тэгэхээр БЗХӨ тархалт бага байна гэсэн үг үү?

- Үгүй. Цаашдаа ч ихсэх төлөвтэй. Өнгөрсөн онд БЗХӨ-тэй 15000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр өвчлөлийн 40 гаруй хувийг дангаар тэмбүү эзэлж байгаа юм. Үлдсэн хувийг заг хүйтэн, терхнозмын өвчлөл эзэлж байна. Энэ нь 2015 оныхоос 1500 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт харагдаж байгаа юм. Гэхдээ үүнийг хараад буурсан хэмээн болохгүй. Хэдэн жилийн турш ажиглалт хийж байж буурч байгаа үгүйг хэлнэ. 2016 оны эхний гурван сарыг 2017 оныхтой харьцуулахад ижил төвшинд байна.

- Бэлгийн замын халдварт өвчнөөр аль насны залуус их өвчилж байна вэ?

- БЗХӨ тусаж байгаа залуусын 40 гаруй хувь нь 15-24 насны залуус байна. Учир нь энэ насныхан гэр бүлтэй болоогүй, бэлгийн хамгийн идэвхтэй үе нь байдгаас юм. Энэ насны хүмүүст зөв зан үйл төлөвшөөгүй, өөрсдийгөө хамгаалах мэдлэг муу байдаг. Тиймээс эдгээр хүмүүсийг буруутгах аргагүй.

- Хот суурин газруудад өвчлөл их байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тухайд?

- БЗХӨ-ний 70 гаруй хувь нь хотоос илэрч байна. Учир нь хотод хүн амын ихэнх нь суурьшсан. Мөн ямар нэгэн асуудал гарахад оношлоод өгөх эмнэлэг олон.  Судалгаагаар ажилгүй залуусын дунд өвчлөл их байгаа гэж гарсан. Эдгээр хүмүүсийг үнэгүй шинжилгээнд хамруулъя гэхээр хамрагддаггүй. Саяхан Нарантуул зэрэг худалдааны төвүүдэд ажил эрхэлж байгаа 100 гаруй хүнд үнэгүй шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариугаар нэлээдгүй хүн өвчтэй гарсан. Улмаар өвчтэй гарсан хүмүүс рүү хэд хэдэн удаа утастаж “Шинжилгээний хариугаа аваарай, эмчлүүлэх шаардлагатай гэхэд” нэг нь ч ирээгүй. Энэ нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд хандах хандлага ямар сул байгаа болон эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг харуулж байна. Эрүүл мэндийн боловсрол олгоход эрүүл мэндийн байгууллага дангаар хүч хүрэхгүй байгаа юм. Тиймээс Боловсролын байгууллага, Нийгэм хамгааллын хөдөлмөрийн яам хамтран ажиллах хэрэгтэй. Мөн залуусын мэдээлэл олж авах сувагт гажуудал үүсээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн боловсролыг арван жилийн сургуулиудад олгодог байсныг хичээлийн хөтөлбөрөөс хасчихсан. Ингээд эрүүл мэндийн боловсрол олгох нэг суваг хаагдсан. Гэтэл эсрэгээрээ сошиалаар тохиолдлын бэлгийн хавьтал, садар самууныг сурталчилсан мэдээлэл маш их байна. Энэ нь хэрэгцээт мэдээллээс илүү их залууст хүрч байгаа юм.

- Тэмбүүгийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна гэлээ. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол хэр олон бүртгэгдэж байна вэ?

- Намайг 2003 онд оюутан байхад төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг үзэлгүй төгсөж байсан. Гэтэл 2016 онд 42, 2015 онд төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Бид эдгээр тохиолдлыг юунаас болж гарсныг нэг бүрчлэн судлахад эхчүүд жирэмсний эхний гурван сарынхаа шинжилгээг өгөөгүйгээс болсон байгаа юм. Шинжилгээ өгөлгүй эмнэлэгт хандахгүй байсаар төрөх дөхөхөөрөө эмнэлэгт ирдэг. Улмаар тэмбүүтэй байсан байх жишээтэй. Энэ нь эрүүл мэндийн боловсролтой шууд холбоотой юм. Эхчүүд би яавал эрүүл хүүхэд төрүүлэх вэ гэдэгтээ анхаарч бүхий л шинжилгээнд заавал хамрагдсан байх хэрэгтэй. Хэрэв шинжилгээгээр өвчлөлтэй гарвал бид хурдан эмчилгээ хийж эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг. Жирэмсэн эхчүүдээс шинжилгээ авч эмчилгээ хийдгүй байсан бол жилд 2500 гаруй тэмбүүтэй хүүхэд төрөх төлөвтэй байна.  

- БЗХӨ-өөс гадна ХДХВ-ын тархалт нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухайд?

- ХДХВ-ийн халдварын тохиолдол 1992 онд анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 235 тохиолдол бүртгэгдсэн. Манай улс ХДХВ-ийн халдварыг тоо ёсоор бүртгэдэг. Бусад улс орон тэд орчим гэсэн бүртгэлтэй байдаг. Хувийн эмнэлгүүдээр өгч байгаа ХДХВ-ийн шинжилгээ ч Халдвартад ирж байж баталгааждаг. Одоогийн байдлаар хүмүүсийн 38 нь таалал төгссөн. 16 нь гадаадад нь амьдарч байгаа. Үлдсэн хүмүүс нь эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна.

- Нэг ХДХВ-ийн халдвартай хүний ард тэдэн хүн байдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Манайд ХДХВ-ийн бүртгэгдээгүй тохиолдол хэд орчим байгаа бол?

- Шинэ ХДХВ-ийн халдварын тооцооллоор 2017 онд 575 хүн халдвартай байх магадлалтай гэж гарсан. Энэ тоо 2021 онд 665 хүрнэ гэж тооцоолоод байгаа. Ингээд бодохоор бид 30 гаруй хувийг нь оншилсон бөгөөд цаана нь мэдэгдэхгүй 70 гаруй хувь нь байна гэсэн үг. ХДХВ-ийн халдвартай нэг хүн нэмэгдэхэд нийгэм маш эмзэглэн хүлээж авдаг. Улмаар Эрүүл мэндийн байгууллагынхан ажлаа хийхгүй байна гэдэг. Гэвч бид ХДХВ, тэмбүүгийн халдвартай хүн илрүүлэх болгондоо ажлаа сайн хийж байна гэж үздэг. Учир нь илрүүлсэн хүн болгоныг цаашаагаа халдвар дамжуулах явдлыг шууд таслан зогсоодог. Нэг хүн илрүүллээ гэхэд тухайн хүний таван жилийн өмнө хавьтсан хүн хүртэл нь судалгаа хийдэг. Энэ хүн хэнээс авсан байх магадлалтай, хэнд халдварлуулсан байх боломжтой зэргийг судалж, сэргийлэх арга хэмжээг яаралтай авдаг.

- ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст хэдэн насныхан зонхилж байна вэ? Саяхан 18 настай хүүхэд тус халдварыг авсан тохиолдол гарлаа энэ тухайд?

- Насны хувьд 25-34 насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Дээрх халдвар авсан хүмүүсийн 98,5 хувь нь бэлгийн замаар авсан юм. Эхээс хүүхдэд, цусаар, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол Монгол Улсад нэг ч бүртгэгдээгүй. 1992 оноос 15-20 насны хооронд ХДХВ-ийн халдвар авсан 22 тохиолдол бий. Тэр 18 настай хүүхэд халдвар авч байгаа нь хамгийн залуу тохиолдол биш. Хэрэв олон бэлгийн хавьтагчтай, тохиолдлын хавьталд ордог, архи уусан үедээ бэлгийн хавьтдаг, өөрийгөө хамгаалж заншаагүй л бол та өөрийгөө асар их эрсдэлтэй байдалд байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

- БЗХӨ-өөс 100 хувь сэргийлж болох уу?

- Болно. Бэлгийн амьдралаа л зөв зохицуулах хэрэгтэй. Тухайлбал, кор өвчний хувьд нэг агаараар амьсгалахад л халдвар шууд тархдаг. Харин бэлгийн замын халдварт өвчин тусах эсэх нь хувь хүний ухамсартай шууд холбоотой. Хүн ухамсраараа тохиолдлын хавьталд орохгүй байж болно. Архи хэрэглэсэн, мансуурсан үедээ бэлгийн хавьтлаас татгалзах хэрэгтэй. Бүүр болдоггүй юмаа гэхэд бэлгэвч хэрэглэх нь зөв. Гэхдээ бэлгэвч таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Учир нь урагдаж болно. Бэлгэвч хэрэглэсэн ч дамждаг БЗХӨ байна. Тиймээс хосууд бие биедээ үнэнч байх нь хамгийн аюулгүй арга юм.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Тандалт судалгааны албаны дарга гэчихжээ.Ажлын нь бүх үзүүлэлт тун муу байхад зургаа тавиад гайхуулах юм.Ажлын арга барилаа сайжруулж хавталт судалгааг сайн хийж эрүүлжүүлэлтээ сайн хийх ёстой.Урьд нь хавьтлын гэрийн хаягаар илрүүлээд ойлгуулаад эмчигээг шуурхай хийж эрүүлжүүлдэг байсан.Одоо мэдээллэхээс цаашгүй болждээ чааваас,ажлаа ч мэдэхгүй,албаны даргын цалин авч орон тоо бөглөөд чадахгүй бол зайгаа тавьж өгөө.

  • Малнаасаа ялгаагүй монголчууд зочид буудал гэж нэрлэдэг бохир заваан янханы газартаа гахай нохой мэт эр эмийн ажил хийдэг.

Онцлох мэдээ