...
...

Түүх давтагдсаар энэ хугацаанд хэн ч хариуцлага хүлээгээгүй

    29-р сургуулийн сурагчдад багш нар нь бэлгийн дарамт үзүүлж, зоддог гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Улмаар тус мэдээлэл худлаа тийм зүйл огт байхгүй гэсэн тайлбарыг 29-р сургуулийн багш нар дуу нэгтэйгээр хэлэв.

   Тэгвэл багш нар бодит байдлыг нуун дарагдуулж байсан нь eagle телевизийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээс тодорхой боллоо.

   Ярилцлага өгсөн С.Алтансүх болон Ярилцсан сэтгүүлч Уранчимэг нарт юу тохиолдов

Medee.mn сайтад анх 29-р сургуулийн тухай мэдээлэл тавигдсан. Сайтын сэтгүүлч У.Уранцэцэг, С.Алтансүхтэй сургуульд болж буй ноцтой үйл явдлын талаар ярилцсан байдаг. Тэгвэл тус ярилцлага тавигдсаны дараагаар С.Алтансүх дээр цагдаагийн байгууллагаас хүн ирж байцаалт авсан байна. Харин У.Уранцэцэг сэтгүүлчийг шүүхэд өгч, 80 гаруй сая төгрөг нэхэмжлээд байгаа аж. Бусад сурагч нарыг хэрэв ямар нэгэн сайтад ярилцлага өгөх бол С.Алтансүхийн адилаар шоронд явуулна хэмээн заналхийлсэн гэх.

29-р сургуульд сурагчдыг зоддоггүй багш гэж байхгүй

29-р сургуулийн багш нарын буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацлаа гэж байсан. Тэгвэл “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг үнэнийг, бүүр багш нарын ямар ёс зүйгүй үйлдэл хийж байгаа нийгэмд илчлэв. Сурагчдын хэлж буйгаар зоддоггүй багш нэг ч байхгүй. Эмэгтэй багш нар том бөгжтэй гараараа охидыг үсдэж, хөвгүүдийг зоддог. Зарим сурагчид зодуулан хүнд бэртэл авч байсан. Сурагч: Намайг байнга зоддог. Ээж минь ирж “Яагаад миний хүүхдийг зодож байгаа юм” гэж гомдол гаргасан ч, байдал өөрчлөгдөөгүй гэв.

Тус сургуулийн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг нь үнэн болохтой хэн ч маргахааргүй болов

Хичээл заах багш нарын ур чадвар маш муу. Дохионы хэлээр хичээлээ заадаг багш ганцхан. Сурагчид  амаар зааж байгаа хичээлийг ойлгохгүй болохоор “Яагаад сурахгүй байгаа юм” гэж загнадаг гэх. Хичээл зааж буй багш ангид тамхи татах, согтуу байх тохиолдол хэвийн үзэгдэл гэх. Шинээр ирсэн багш нар 29-р сургууль ачаалал багатай амар сургууль хэмээн ярьж байдаг. Эрэгтэй багш нар завсарлагаанаар охидын хөх, өгзгөнд хүрч багш нь тоглосон шүү гэж хээв нэг инээх. Зарим багш нар хотод гэртээ хэрнээ сургуулийн дотуур байранд хонодог. Хөөрхөн охидыг эрэгтэй багш нар хоргоодог. Намайг царай муутай болохоор тоодоггүй гэх. Сурагчид энэ бүх байдлыг нэвтрүүлгээр уйлж ярьж байв. Судалгаагаар тус сургуулийн сурагчдын гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон.

Сургуулийн захирал Б.Батсайхан нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчийг хахуульдах гэж оролдов

Аравхан хүүхдийн үгээр үг хийлээ хэмээсэн захирал Б.Батсайхан танил талаа ашиглан нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчийг нэвтрүүлгээ битгий гаргаач ээ гэж гуйсан байна. Сургуулийн захирал танил тал ихтэй бөгөөд Боловсролын яаман дахь танилаа ашиглан хуурамч дүгнэлт гаргуулдаг. 29-р сургуулийн багш, захирал дандаа нэмэлт урамшууллын цалин авдаг. Гэвч бодит байдалд хүүхдүүд сурсан зүйлгүй.

Түүх давтагдсаар энэ цаг хугацаанд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Сурагчдыг зодож дарамтлах байдал үе дамжжээ. Тус сургуулийг төгссөн сурагчид “Биднийг сурч байхад ч багш нар хүүхдүүдийг зоддог байдал хэвийн үзэгдэл байсан. Сургуулиа төгсөхөд сурсан зүйл юу ч байгаагүй. Би төгсөөд ажилд орж чадаагүй. Мэдэх зүйл надад байхгүй. Одоо ээжээрээ тэжээлгээд байж байна” нэвтрүүлгийн үеэр хэлэв. Бусад төгсөгчид ч түүний хэлсний адилаар мэдээлэл өгөв.

    Урт хугацааны турш хүүхдүүдийг дарлаж ирсэн 29-р сургууль. Өдийг хүртэлх болсон зүйлд хэн хариуцлага хүлээхэв. Хүүхдүүдийн ирээдүйг балласан багш гэх нэрийг зүүсэн балаг таригчдыг зөвхөн ажлаас нь л халаад өнгөрөх үү. Хэрэв 29-р сургуульд бугалсан идээ, бээрийг үндсээр нь л ухаж хаяхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Эрүүл байсан бол өөр сургууль руу шилжүүлж болох. Гэтэл яалт ч үгүй зориулалтын сургуульд сургаж байж боловсролтой болно гэсэн хүлээлт эцэг эхчүүдэд байдаг учраас л ийм бусармаг байдалтай нь эвлэрээд л явсан байх даа. Энгийн сургуульд сурах боломжгүй байдлыг нь далимдуулж багш нар нь ч ёс зүйгүй, гажууд аашилж ирсэн байна

Онцлох мэдээ