...
...

Сайн хөглөсөн морин хуур салхинд өөрөө дуугардаг

Эзэн чингисийн үеэс эхлэн хууртай айлыг бүтэн айл, хуургүй айлыг хугас айл хугас айл хэмээдэг байжээ. Ийн нэрлэхийн учир морин хуурын хөг аялгуу гэр орны энергийг засч, тэгшитгэдэг хэмээх үзэлтэй нягт холбоотой юм. Морин хуур хөгжим хэзээнээс үүсч хөгжсөн нь бүдэг бадаг. Хүннүгийн үеэс үүсэлтэй хэмээн зарим эх сурвалжид бичсэн бол сүүлийн үеийн судлаачид шанаган толгойтой "икил" хөгжмөөс үүсэн хэмээн бичжээ.

Хөгжлийнхөө явцад толгой болон хэлбэр дүрсээ хэдэнтээ өөрчилсөн ч үндсэн утга агуулга, уламжлалт чанартаа хатгалсаар ирсэн байна. Манжийн дарлалын үед луун толгойтой байсан бол тусгаар тогтнолоо олсноор морин  толгойтой болж өнөөдрийн дүр төрхөө олжээ. 1962 онд Монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээсэн түүхтэй. 

Монгол улсынхаа сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн Морин хуурыг айл өрх бүр хоймортоо хүндлэн залах Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2002 онд гарснаас үндэсний бахархал, язгуур урлагаа хөгжүүлэх томоохон ажил эхэлсэн юм. Ийнхүү монголчууд төд удалгүй үндэсний бахархалт хөгжмөө дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. 

- Морин хуурын билэгдэл чанар-

Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш айл бүр хоймортоо морин хуур тавихыг эрхэмлэх болсон. Гэхдээ утга агуулгаа гээж хэлбэр талаасаа хэтэрхий анхаарсаар иржээ. Морин хуурын дүрстэй бол хамаагүй гэсэн ойлголтоор үүнд хандсаар ирсэн байна. Жижиг сүвинер аль эсвэл мэргэжлийн бус урлаачдын дуугардаггүй хуурыг, хямд хөсөрийг нь бодоод хоймортоо өлгөчихнө. Гэтэл энэ нь үндсэн утга агуулгаасаа алд дэлэм зөрж байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Учир нь морин хуурын хөг аялгуу, билэгдэл чанараа агуулж байдаг ажээ. Гадаа гараад исгэрэхэд салхи сэвэлздэг шиг морин хуурын аялгуу галаас гарсан энергийг хөдөлгөөнд оруулж дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэж тухайн айлын ноён нуруу, амар түвшин байдлыг засч залруулдаг хэмээн эрт цагаас билэгдсээр ирсэн байна. Тиймээс мэргэжлийн морин хуурчийн урласан хуурыг хоймортоо залж түүнчлэн өөрсдөө тоглож сурах нь энэхүү зарлигийг утга учрыг бүрнээ илэрхийлнэ. 

 

 

А.Түвшин 

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ