...
...

Дамбын өвгөний ари /үглэл/

Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Яармаг , Дамбадаржаа гэхчлэн нийслэлийн захын хороололд бусдад "ашиггүй" болсон өвгөд хөгшид, ядуус дордос, олноороо амьдардаг юм. Би бээр тэдний нэгэн буюу "Дамбын өвгөн". Дансны нэр маань Хорлоогийн Цэвлээ. Өвгөрсөн нь үнэн ч сайн хань, үр хүүхэд, дотно нөхдийн ачаар төдийлөн газардаагүй явнам. Харин сүүлийн жилүүдэд хамгийн том "шатсан" хүний нэг нь би яах аргагүй мөн. Мөнгөөр биш, үгээр шатсан. Сэтгэл шавхан эвлүүлэ сонин хэвлэлд бичээд л заримдаа телевиз, радиогоор ч ярьдаг байлаа. Гэтэл түмний хэрэгт тус нэмэр болсон зүйлс огт мэдрэгдсэнгүй, хаврын салхинд хийссэн үнс мэт замхран алга болдог юм байна. Ингэж л хамаг байдаг хэдэн үгээ үр ашиггүй шатчихаад сууж байна. Гэвч над мэт хамаг хэрэгтэй чухал үгээ дэмий "шатаасан" хүн ялангуяа улс төрчид, сэтгүүлчийн дунд олноос олон бий. Түүгээр ч үл барам төрийн хуулийн үг хүртэл бас "шатдаг" болсон янзтай. Монгол үг үнэ цэнэгүй болжээ. Үг авдаг "тэнэг" хүнгүй болжээ.

        Уг нь хэрэггүй болсон хүмүүс гэгдэж байгаа настайчууд бидэнд Монгол орон урагшилж байна уу, ухарч байна уу. Төр засаг алдав уу, онов уу? Улс төрчид урвасан уу, шарвасан уу гэдэг нь төдий л хүртээлгүй байж болно. Гэвч төрж өссөн эх оронтой, удам залгах үр үндэстэй, эргэж төрөх сүнс, хойд настай болохоор сэтгэл амарлингуй суугаад байж ер төвдөхгүй юм. 

        Монгол шинэчлэгдэж байна. Юуны өмнө хүн өөрөө биет таваар болон шинэчлэгдсэн байна. Захын жишээ гэхэд хүмүүс зөвхөн өөрт хэрэг болох "ашигтай" хүнийг шилж харилцдаг араншинтай болчихжээ. Энэ бол том шинэчлэл. Хэнтэй мэнд усаа мэдэж, хэнд мэхийж, хэнд бөхийж, хэн рүү инээмсэглэж, хэнийг таньдаг болж, хэнийг үл үл танигч болон хувьсахаа шийдэх гэж айхтар их ухаан сийлдэг болсон юм байна. Хүмүүсийн өдөр тутмын амин хувийн жирийн харилцаанд чөлөөт зах зээлийн ашигч зан чанар нэвчиж, шинэ үндсэн хуулийн үзэл санаа манай иргэдийн дотоод ертөнцийн түшиг тулгуур болон хэрэгжиж байгаа нь энэ юм. 

        Өөр хоорондоо харилцааны "үл үзэгдэх лангуун дээр" гүйлгэн борлуулах "хувийн таваар" -ын нэр төрөл цөөнгүй байдаг юм байна. Албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн цар хэмжээ, нас хүйс, царай зүс хүртэл мах гурил талх адил гүйлгээнд орж мөнгө болдог аж. Харин хувь хүний "хэрэгцээний өртөг" болдог бусад хүмүүст "ашигтай" болдог эдгээр таваарлаг чанарууд өлгийнөөс авс хүртэлх тоотой хэдэн насных нь турш байнга оршин байхгүй элдэв шалтгаанаар хорогдож гүйлгээнээс хасагддаг нь хамаг гай зовлон дагуулна. Өтөлж хөгшрөх, өвчинд баригдах, хоосорч ядуурах, үзэл бодлоор гадуурхагдах зэрэг байгаль нийгмийн олон шалтгааны улмаас хэн хүний арилжааны өртөг дуусч үнэгүйддэг байх юм. Өөрөөр хэлбэл инфуляц болж амьдрал нь дампуурдаг байна. Тэр үед сүнс агуулж, сүүдэр дагуулж яваа амьд хүнийхээ хувьд бусадтайгаа хүний ёсоор харилцахыг түмэнтэй хүсэвч нэгэнт оронд нь өгөх "өөрийнхөө таваар" -ыг дууссан болохоор наана гэх хүн олдоно гэж үгүй. Ёсыг бодож худал инээд, хоосон соёрхол алган дээр нь тавих хүн хааяа нэг тохиолдвол дээдийн заяа. Хэрэв дарга явсан хүнд бол түүний шинэ хуучин цэргүүд саймширч тал засч явсныхаа "дүрс бичлэгийг" зүрх сэтгэлд нь үлдээгээд арилж өгнө. Гагцхүү ерөөлөөр учирсан сайн хань , зөв хүмүүжсэн үр ач , хүн чанараа эрхбиш алдаагүй ойр дотны хэдхэн хүн л тунаж үлдэнэ. Хүмүүн хоорондын энгийн харилцаа зах зээлжихээр ингэж л амьд хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлан салгаж амьдаар нь нийгмийн шороонд булдаг юм байна. Бид араатнаас аюултай араатан болжээ.

" Чадал тань хүрвэл амьдар! Эс чадвал үх, чамайг хэн ч тэжээхгүй. Чи зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж амьдар" хэмээн тунхаглаж байна. Хүн хүндээ тус болж бусдыгаа өөд татах нь хуучны ноцтой хоцрогдол болж төрөл арилжсан байна. 


        Эдүгээ Монгол хүн өөрөө хуулбар хүн буюу халтуур хүн болон төлөвшиж харагднам. Монгол хүн монгол ахуйгаас хүнийсэж намхан хамартай европ сэтгэхүйтэй хүмүүс талын Монголыг тамгалж байна

 

1998 онд "ЗГМ" сонинд "Дамбын өвгөний үглэл" гарчигтай нийтлэлийг "Монголын шилдэг нийтлэл " номноос бэлтгэв.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • монголчууд харин хужаа, солонгос шиг сэтгэхүтэй болсон. Европ сэтгэхүйтэй байсан бол баярлах байлаа

  • Vnen vg sonsoh saihan bna.Gehdee neg wman deer mash ih aldlaa gej bodoj bna.Mongolchuud europ setgehvitei boloogvi.Hugshin europyn ard tvmen bie bienee hairladag,bie biendee hvnii esoor handdag,meddeg chaddag bvhnee bie biendee chin setgeleesee zaaj surgadag,hen negniigee arisny ungu,shashin shvtlegeer yalgavarladaggvi.Ongon baigali delhiigee nvdnii tsutsgii met hairladag.Neg negnee zer eg hergemeer ni said aa,darga aa gej byalduuchilj duuddaggvi.Herev mongolchuud maani europ setgehvitei bolbol mash ih bayarlah san.

  • Одоо ч МАН М.Энхболд албан тушаалаар бэлэг барьж бүлэг байгуулан таны намыг чинь эзэгнээд өөрт ашигтайгаар эргүүлээд сууж л байна. Болоогүй дээшээ явна гэнэ ийм л араншинг та 1998 онд гадарлаж л байж. 240000 төгрөгний хөгшчүүлийг үр хүүхэд нь тэжээх гэж оролдож байна. Таны үг нотлогдож л байна.

Онцлох мэдээ