...
...

Яруу найрагч, яруу найрагчдаа хайртай

 

Монголын уран зохиолд нэр, цуугаа мандуулсан 1990-ээд оны яруу найрагчид болох Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир нар үй зайгүй найзууд. Нэг нь баруун хязгаарын гэрэлт уулсын хүн (Завхан аймаг Шилүүстэй сум) харин нөгөөх нь зүүн чигийн их талын хүн юм. (Дорноговь аймаг Улаанбадрах сум)  Ийм байтал тэд нэг нэгээ олж, шүлэг яруу найргаараа сүжрэн нөхөрлөсөөр залуу хойчис, дүү нартаа үлгэр дуурайл болсоор явна. Тэд одоо хоёул МҮОНР-д ажилладаг.

Ингээд, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, дотны анд, яруу найрагч А.Эрдэнэ-Очирт зориулан бичсэн шүлгийг нь хүргэе.

 ХУТАГТЫН НУТАГ

(А.Эрдэнэ-Очирт)

Галбын хур хөллөж зүсрээд 
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг 
Солонгын өнгеөр нумарч харагдана

Таанын цэцэг бүрхэж ганхаад 
Тансар морьтон гангарч үзэгдэнэ 
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг 
Гарьдийн дэвэлтээр нисч харагдана

Шувуун шандын хөх зэрэглээнд 
Шунхан дэлт үүлс товолзоно 
Галуун хүзүүтийн уран биелгээнд 
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ

Дүвчин хутагтын хөх сэржим 
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ 
Догшин ноёны говь нутаг 
Дорно дахинд дуниарч харагдана

Цагаахан үүлсийг энд үдсэн юм 
Цасан будрахыг энд харсан юм 
Намрын бороонд энд норсон юм 
Намхан толгодыг энд дэрлэсэн юм

Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм 
Сархадын хатууг шимж дуулсан юм 
Наран зүг саравчилж зогссон юм 
Нарийн салхинд ганхаж суусан юм

Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм 
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм 
Амрагийн дууг энд дуулсан юм 
Алтан биеийг энд орхисон юм

Шинийн сарны туяаг нөмөрсөн юм 
Шингэн цэнхэр манан болсон юм 
Амуу цагаан хяруунд хувилсан юм 
Алтан харганын үйсэнд шингэсэн юм

Танхил гэгээн нялх Равжаа 
Цасаар урласан зүүд байсан юм 
Тал нутгийн залуу хөвгүүн 
Цагаан чулуун сарнай байсан юм

Бударгант говийн хөлгөн сударч 
Усанд туссан сар байсан юм 
Буурал дорнын монгол хутагт 
Улаан гэрэлт луу байсан юм

Галбын хур хөллөж зүсрээд 
Ганган морьтон хатирн үзэгдэнэ 
Согтуу хутагтын цэнхэр нутаг 
Солонгын өнгөөр нумарч харагдана

Таанын цэцэг бүрхэж ганхаад 
Тансар морьтон гангарч үзэгдэнэ 
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг 
Гарьдийн дэвэлтээр нисч харагдана

 

Г.Хас

Breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ