...
...

Туршлагыг туршин байж хуримтлуулдаг

Залуучууд Ажилгүй байсаар ажлын чадвараа алдаж байна. Манай улсын нийт ажилгүйчүүдийн  60 орчим хувийг   залуучууд  эзэлж байгаа талаар монгол улсын  хүний хөгжлийн илтгэлд бичжээ.


Их дээд сургуулийн  боловсролтой атлаа ажилгүй залуучуудын  тоо нэмэгдэж байгаа нь боловсролын тогтолцоо болон хөдөлмөрийн зах зээлийн уялдаа сул байгааг харуулна.

        Манай  оюутнууд төгсөөд ажлын байртай болно гэдэг “үлгэр” болоод байна. Бүхэл бүтэн 4 жилийг  эцэг эхээ зовоон , хамаг байдгаа шавхан байж сурчхаад төгссөнийхөө дараа мэргэжлийнхээ дагуу хүссэн ажлаа хийх гэхээр ажлын туршлагагүй хэмээн ажлын байрандаа “гологддог”. Мөрөөдлийнхөө дагуу сонгон суралцсан мэргэжлээрээ ажиллахыг хүссэн шинэ төгсөгчдөөс ажил олгогч нар ажлын туршлага нэхээд байгаа нь хачирхалтай.Тэд сурч байх хугацаандаа дадлага хийснээс өөр ажлын туршлагагүй. Тиймээс дөнгөж сургуулиа төгссөн хүнээс ажлын туршлага нэхнэ гэдэг инээдтэй хэрэг биш гэж үү.

  Судалгаагаар   20-24 насны залуучуудын ажилгүйдлийн төвшин 17.3 хувьтай байсан нь улсын дундаж 7,9 хувиас хоёр дахин их байна. Жил ирэх тусам дээрх тоо өссөөр байгаа нь харамсалтай.  Тогтвортой ажил хайж байгаа залуучуудын 63 хувь нь  жил гаруй, 40 орчим хувь нь гурван жил гаруй ажил хайжээ. Энэ нь ур чадвараа алдах шалтгаан болж эхлээд байгаа нь эмзэглэмээр. Тэгвэл Ажлын туршлагагүй гэсэн шалтгаанаар  ажилгүй байгаа эдгээр мэргэжилтнүүдийг яах вэ? Энэ хүмүүс юу хийх ёстой вэ,  амьд хүн аргатай гэгчээр дэлгүүрийн худалдагч , караокены зөөгч, харуул хамгаалалтын ажилтан боловч хийх ёстой юу, аль эсвэл гадаад руу  ажил амьдралын мөр жолоодож  хайран залуу нас, хамаг эрч хүчээ харийн нутагт шавхах ёстой юу? гэдгийг бодох цаг хэдийнээ болжээ.

        Чухам юунаас болж шинэ төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд жил бүр бичигдээд байна вэ?  Тэд мэргэжлээ буруу сонгосноос болов уу, хэтэрхий нэг мэргэжил рүү хошуурснаас болов уу, ажлын байрны хүрэлцээ дутмагаас болов уу, бүх мэргэжил туршлага нэхдэгээс болсон уу гэх мэтчилэн урган  гарах асуултуудын дунд учраа мэдэхгүй будлиж яваа олон төгсөгчид  нэмэгдсээр байна. Ингэх гэж дөрвөн жил сурсан гэжүү дээ. Энэ бүхнийг аль ч өнцгөөс харсан өнөөгийн боловсролын салбар үйлдвэрлэхээс биш хэрэгжилт дээрээ ерөөсөө анхаарахгүй байгааг та бүхэн төвөггүйхэн харж болно.

        ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн А. Нямбаяр ажилгүй байгаа шалтгаанаа: “Би сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. Мэргэжлээрээ ажиллах гэхээр дор хаяж 2-3 жилийн туршлага нэхдэг. Мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй дөнгөж ажиллаж эхлэх гэж байгаа надад ямар ч туршлага байхгүй болохоор ажиллах боломжгүй” гэсээр л байсан. Энэ хооронд ажилгүй байж байхаар гээд мэргэжлээс гадуурх ачигч, харуул гэх мэтийн ажил хийсээр нэг л мэдэхэд  2 жил хагас болчихсон байна гэв.

        Түүнтэй адил олон залуу боловсон хүчин дөрвөн жил сурсан зүйлийнхээ үр дүнг үзэж ашиглаж амжаагүй байтал удтал хадгалсан  алим  шиг ялзарч эхэлж байна. Ямар ч хүн сурсан мэдсэн зүйлээ давтаж хөгжүүлэхгүй бол мартагдана. Өөрөөр хэлбэл манай улс ирээдүйн баялгаа ялзруулж эхлээд байгаа нь энэ.

        Бас нэгэн жишээ дурдвал Барилгын инженер мэргэжилтэй Б. Энхзаяа  “Би саяхан сургуулиа төгссөн , мэргэжлээрээ ажиллах гээд анкетаа бөглөөд ярилцлагад ороход 2-оош дээш жилийн туршлага нэхдэг.Энэ асуулт үнэхээр хэцүү хүндрэлтэй байдаг.Үнэхээрийн  туршлага хэрэгтэй  бол бид нарыг зургаан сар дагалдан хийлгээд ажилд авч болно ш дээ. Харамсалтай нь тэгж ч авахгүй байна. Би сургуулиа онц сурч амжилттай төгссөн болохоор сайн компанид ороод сайн ажиллаж амжилт гаргахыг хүсдэг. Харамсалтай нь ажлын туршлага гэдэг үг бидэн шиг хүмүүст давж чадахгүй “ХАНА” болоод байна" гэж ярилаа.

Дээрх ажилгүй байгаа шалтгаануудын жишээнээс үзэхэд ажлын туршлага гэдэг ирээдүйд ажиллаж хөдөлмөрлөе гэсэн залуу боловсон хүчнүүдийн хувьд давж чадахгүй хана, өмнө нь тулгараад байгаа саад болжээ.


Энэ мэтчилэн хүссэн мэргэжлээрээ 4 жил мэрийж сурчхаад туршлагагүй гэх шалтгаанаас болж мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа  олон олон  шинэ төгсөгчид байгаад нь харамсмаар.

Тэгвэл ажлын туршлага байхгүй гээд ажилд орж чадахгүй байгаа эдгээр мэргэжилтнүүдийг хэн хэзээ ажилд авч туршлага суулгах бол гэдэг нь ээдрээтэй асуудал болжээ. Эсвэл туршлагагүйгээс болоод насан туршдаа мэргэжлээрээ ажиллахгүй байсаар байхуу гэдгийг бодлогын төвшинд бодох асуудал болсныг уламжлах хэрэгтэй.

Эцэст нь бичихэд эрч хүчээр дүүрэн амжилт гаргахыг хүссэн тэр агуу сэтгэлийн хүч зөвхөн залуу хүнд л дундаршгүй ихээр байдаг . Тиймээс ажил олгогч  та бүхнийг жинхэнэ зөв баялгаа олж харахыг хүсэе!

Залуу хүн бол баялаг юм шүү, таны компанийг ажилтанд хүргэх түлхүүр юм шүү гэдгийг анзаарч зааж зөвлө, туршлагыг туршиж суулга!

Б.Оюунжаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ