...
...

Лаларын дүртэй Монгол

        Өчүүхэн молхи ухаан санаа минь шороон манан дэгдэж, сонин зэрэглээ жирэлзсэн "Бодлынхоо говьд" тэнэж явлаа.

1990 он. Цагаан морин жил. Цагаан морин жилийн хувьсгал. Тийм ээ, Хувьсгал! Тэгтэл бас яндан цагаан морьтой лалар?!  1928 оны "Үнэн" сонины нэгэн шог нийтлэлээс миний мэдэх болсон Лалар андуугүй мөөн. Манай нутагт ч бас хэлэх үг нь хэдэр, хийх ажил даржин, хий ихтэй хөвсөргөн хүнийг лалар гэж шоолон инээлддэг байсаан.

         Ухаарваас эдүгээ миний Монголын жирийн ард түмний ядуулаг хэсэг маань туулширсан улс төрийн харалган бодлогын хар гайгаар лаларын унаж явдаг хэнгэрэг болсон гэдэстэй, хэдрэг болсон нуруутай, барьж мордох мундаагүй, батгана үргээх сүүлгүй, дохиур болсон толгойтой, домбо болсон хөлтэй, яндан цагаан морь шиг болжээ. 

        Эзэн болсон засаг төрийг нь эргэж нэг ажиглаваас малгайгүй маахууртай, дээлгүй хүрэмтэй, өмдгүй тэлээтэй, гуталгүй оймстой мөртлөө ясан цагаан морь шиг болсон ард түмнээ өргөж босгон чихдэж мордоод давхиж одохоор ташуур тушаах мэт ээ.

        1990 оны дараа Лаларын явдал шиг дууриамал хиймэл улс төр Монгол түмний амьдрал дундуур дайран өнгөрөхдөө нэлээн хэсгийг маань хүсээгүй ертөнц рүү тууж оджээ. Хүсээгүй ертөнц гэдэг нь "Чимээгүй хотхон" гэсэн үг төдий биш ажилгүйдэл, ядуурал авилга, хуйвалдааныг төрүүлэгч мөнөөх лалар маягийн хиймэл дуураймал ардчиллыг хэлж байна. Нэгэнт дайраад өнгөрсөн цаг хугацаа өөрөө эргэж уулздаггүй болохоор гомдол мэдүүлэх аргагүй. Гэвч зүрхэн дээр тамгалж, сэтгэл дээр гишгэсэн мөр нь тэмээн жингийн хонх адил дүн дан дугарч байнгын санамж өгнө.

        Монголчуудын амьдрал дундуур олон жил туучиж өнгөрсөн лалар маягийн улс төрийн гунигт нэгэн мөр нь олны сэтгэлд жавар болон хургасан шударга бус явдлын гашуун дурсамж мөн байв аа.

        Эдүүгээ миний нүд сэтгэл хоёр маань хоёр өөр Монголыг харж байна. Өнгөнд дурладаг нүдэнд маань нугын цэцэг шиг алагласан гоё Монгол харагдана. Лангуу дүүрэн амттан, шимттэн, зах зээл дүүрэн бараа таваар, гудамж дүүрэн орчин үеийн машин тэрэг, нийслэлээр дүүрэн сонин тансаг барилга, орон сууц, бэлчээр дүүрэн ямаа, бэлээр дүүрэн нийнжаа.

Хэчнээн ухаантай мэргэн гэвч хэдхэн сайд дарга нараас зах зээлийн үеийн "Гахай үүрсэн" мянга мянган наймаачид ингэж илүү хол сэтгэдгийг хараад нүд баясч сэтгэл сэргэж байна. Чөлөөт зах зээл шиг овсгоотой удирдагч хүний хорвоод олдоогүй нь үнэн бололтой. Монгол оронд зах зээл авгайн ухаан бодлоор сүүлийн жилүүдэд олон шинэ зүйл бий болжээ.

        Харин сэтгэлийн нүд маань өмдгүй мөртлөө ганган тэлээтй Монгол орныг харж байна. Учир явдлыг нэхэн байцааваас нэг талд өмсөх толгойгүй малгай, идэх ходоодгүй хоол нөгөө талд малгайгүй толгой, хоолгүй гэдэс. Дунд нь олон түмний сонголтгүй амьдралын уур уцаар.

        Өнөөдөр жирийн ядууст сонгож эдлэх эрх чөлөө алга. Амьдрал нь нөхцөл байдлын албадлагад орсон байна. Бодит эрх чөлөөгөө хэдийнээ бусдад луйвардуулжээ. Олон мянган айл өрх нарт хорвоогийн бор хоногийг наргүй юм шиг бүрхэг өнгөрөөж байна.

        Гэдэс байвал хоол нь байдаггүй. Хоол нь байвал мөнөөх гэдэс нь байдаггүй. Эрдэм байвал сурах толгой нь байдаггүй. Толгой нь байвал эрдэм байдаггүй. Ямар их доог дохуутай гачлант хорвоо гэж ийм байдаг байна аа?

"Нийгмийн хүлээлт" гарчгаар "Үнэн" сонинд нийтлэгдсэн өгүүллийн хэсэг, Монголын шилдэг нийтлэл номноос авав. 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ