...
...

Амьдралынхаа хамгийн нандин зүйлийг хадгалж үлдэхэд минь бодитоор тусалсан зүйлийн тухай ярьж өгөх гэсэн юм

Хэдэн долоо хоногийн өмнө би босоод кофе уунгаа радио сонсох санаатай сууж байв. Радионыхоо сувгийг сольж байтал нэгэн өвгөний хүнгэнэсэн хоолой анхаарал татав. Тэр мянган бөмбөлөгний тухай ямар нэг зүйл ярьж байхыг сонсоод дууг нь чангалан сонстол
- За тэгэхээр, таныг маш завгүй ажилтай байдаг гэж мөрийцсөн ч болно. Өчигдөр, өнөөдөр, маргааш. Танд их цалин өгдөг байж болно. Гэхдээ энэ мөнгөөр тэд таны амьдралыг худалдан авч байгаа юм шүү дээ. Та тэр цаг мөчийг өөрийнхөө гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлж болох тухай бодоод үзээрэй. Та заавал бүх цаг хугацаагаа ажилдаа зарцуулах ёстой гэдэгт би итгэхгүй байна. Та хүслээ гүйцээхийн тулд л ажиллаж байгаа. Гэвч энэ бол эхлэл төгсгөлгүй тойрог юм шүү дээ. Мөнгө их олох тусам улам ихийг олохыг хүснэ. Тэгснээрээ улам их ажиллана. Өөрөөсөө энэ зүйл, жишээ нь шинэ машин надад үнэхээр хэрэгтэй юу гээд асуугаад үзээрэй. Ийм зүйлийн төлөө та охиныхоо анхны бүжгийн концертонд амжихгүй, эсвэл хүүгийнхээ спортын тэмцээнийг очиж дэмжиж чадахгүй байхад бэлэн байна уу? Би та бүхэнд амьдралынхаа хамгийн чухал зүйлийг хадгалж үлдэхэд минь бодитоор тусалсан зүйлийн тухай ярьж өгөх гэсэн юм. Ингээд тэр мянган бөмбөлөгний тухай ярьж эхлэв. 
- Нэг сайхан өдөр би бодсон юм. Хүн дунджаар 75 насалдаг. Зарим нь арай бага, зарим нь арай их. Гэхдээ л дунджаар 75. Тэгэхээр 75-ыг 52-т үржүүлье. 52 гэдэг нь нэг жилд байх бүтэн сайн өдрийн тоо. Хариу нь 3900 гарч байна. Энэ бол таны амьдралд тохиох нийт амралтын өдрийн тоо. Энэ тухай бодож үзсэн тэр үед би 55 настай байсан юм. Тэгэхээр бараг 2900 бүтэн сайн өдөр өнгөрчээ гэсэн үг. Надад 1000 амралтын өдөр үлдсэн байлаа. Ингээд би хүүхдийн тоглоомын дэлгүүр ороод 1000 ширхэг жижиг бөмбөлөг худалдан авсан юм. Түүнийгээ шилэн саванд хийгээд бүтэн сайн өдөр өнгөрөх бүр нэг бөмбөлгийг гаргаж хаяж байв. Хэсэг хугацааны дараа бөмбөлөг улам цөөрсөөр байгааг анзаарч, амьдралын үнэт зүйл гэж яг юу болох тухай бодох болсон юм. Чиний өдрүүд зүгээр л урсан өнгөрч цөөрсөөр байгааг харах шиг хүчтэй зүйл гэж үгүй. Үүгээр юу хэлэх гээд байгааг минь одоо сонс. Би одоо хайртай эхнэрээ тэврээд хамтдаа гарч зугаална. Өнөө өглөө би сүүлчийн бөмбөлгөө гаргаж хаясан. Тэгэхээр одоо надад ирэх өдөр бүр бэлэг юм. Би өдөр бүрийг талархан хүлээн авч ойр дотныхондоо халуун дулаан сэтгэл баяр баяслыг өгч байх болно. Энэ бол амьдрах цорын ганц арга гэж би бодож байна. Би огт харамсахгүй байна. Тантай ярилцахад надад их таатай байсан ч би одоо гэр бүл рүүгээ яарч байна. Дахин уулзана байх гэж найдаж байна. 
Би бодлогошров. Үнэхээр бодох хэрэгтэй байв. Би өнөөдөр ажил руугаа очоод нэг төсөл хийчихээд удалгүй гараад ажлынхантай клуб орно гэж төлөвлөсөн байлаа. Би болиод унтлагын өрөөндөө очоод эхнэрээ үнсэж сэрээв. 
- Хонгор минь сэрээрэй. Хүүхдүүдтэйгээ пикник хийж зугаалъя.
- Хайр аа, юу болов оо?
- Юу ч болоогүй ээ, зүгээр л бид хамтдаа цагийг өнгөрүүлэлгүй их удсанаа ойлгосон юм. Аан тийм, тоглоомын дэлгүүр орно. Би нэлээд олон жижиг бөмбөлөг худалдаж авах хэрэгтэй байна.

Амьдралын хором мөч бүр эргэж ирэхгүй...

Нийтлэлч: Ш.Батзориг
Эх сурвалж: https://www.facebook.com/batzorig.sh.9

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ