...
...

Энэ сарын 20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр нэр бүхий иргэд хордсон байж болзошгүйгээр амь насаа алдсан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс яаралтай арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулан өнөөдөр шуурхай мэдээлэл өглөө. Амь насаа алдсан хүмүүс шингэн зүйлээс хордсон байгаа нь тогтоогдсон байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Тус ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Шуурхай ажлын хэсэг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулсны дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир хуулийн хүрээнд мэдээлэл хүргэж байна. Шүүх, шинжилгээний байгууллагаас  эцэслэн дүгнэлт гараагүй байгаа. Харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүс хордлогын шинж тэмдэгтэй байгаа тул иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах, урдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байна” хэмээв.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчлуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг 2959 дэлгүүр, 821 баар, 959 ресторан, байдаг. Өнөөдрөөс эхлэн НМХГ, УБХЦГ-тай хамтран гурав хоногийн хугацаанд хаяналт шалгалтын хийж эхлээд байна. Эхний ээлжинд 7378 ширхэг сэжиг бүхий архийг битүүмжиллээ. Үүнээс 80 гаруй архины дээжийг шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна” гэлээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Одоогийн байдлаар шүүхийн шинжилгээгээр иргэд шингэн зүйлсийн хордлогын улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон байгаа. Яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд маань гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар биелүүлж болзошгүй эрсдлээс өөрсдийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг уриалж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ