...
...

СТА Э.Ариун-Эрдэнэ: Жаахан байхад охидыг эргүүлж, эргүүлэгдэж байсан. Харин одоо бол...

"Breakfast time" булангийнхаа энэ удаагийн дугаарт өнөөдөр/2016.11.25/ тоглолтоо хийх гэж буй Outlaw хамлагийн ахлагч, СТА Э.Ариун-Эрдэнийг онцоллоо. Түүнтэй хийсэн сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна.


-Outlaw xамтлагаар сонин сайхан юу байна. Сүүлд ямар ямар уран бүтээл хийсэн бэ?

-Хамлагийн гишүүд бүгд тоглолтын бэлтгэл ажил гээд л маш их хичээж ажиллаж байна. Нэгдүгээр сард "Хэлгүй сэтгэл" гээд уран бүтээл гаргасан. Мөн тоглолтондоо зориулаад “Би дуулж өгье” гэдэг нэртэй уран бүтээлээ зориулан гаргалаа.

-Хамтлаг анх байгуулагдаж байсан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Outlaw хамтлаг 2004 онд анх байгуулагдсанаасаа хойш 12 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Анх дуулж эхлэх үед хип хоп урлаг Монголд хүчээ авч байсан. Тухайн үед жоохон хүүхдүүд хоббигоороо нэгдэж энэхүү хамтлагийг байгуулж байсан. Жоохон байсан хэдий ч өмнөө тодорхой хэмжээний зорилготой нийлж өдгөө ямар ч байсан  өөрсдийн гэсэн байр суурийг олж чадсан гэж боддог.

-Бага байхдаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байв?

-Хүүхэд байхдаа янз янзын л мэргэжил боддог байсан. Ихэвчлэн техник талдаа мэргэжлийн хүн болно, жолооч болно гэж их боддог байж. Гэхдээ өнөө цаг үед бол жолоо барина гэдэг чинь хүний хэрэгцээ болчихсон байна шүү дээ. Ямартай ч хүүхэд байх үеийнхээ мөрөөдөлд хүрчихлээ л гэж харж байгаа.

-Outlaw хамтлагийн хамгийн анхны клипжүүлэн гаргаж байсан уран бүтээл юу вэ?

-Анх Сайхнаа бид хоёр хамтлагаа үүсгэн байгуулж 2004 онд “Хайраас минь надад юу үлдэв” гэдэг нэртэй дууг Эрдэнэт хотод клипжүүлэн гаргаж байсан. Энэ маань Эрдэнэт хотын хамгийн анхны хип хоп клип болсон байдаг.

Тухайн үед Эрдэнэтэд мэргэжлийн түвшний студи байгаагүй. Телевизэд ажилладаг н.Хүслэн найзынхаа ачаар энэхүү клипийг хийж байсан түүхтэй. Тэр клипээ үзэхээр тухайн үед ямар их хичээл зүтгэл, урам зоригтой ажиллаж байсан маань санаанд ордог. Мөн түүнээсээ эрч хүчийг авдаг. Гэхдээ тухайн үеийн тэр хичээл зүтгэл, урам зоригоо одоог хүртэл алдаагүй байгаа.

-Шинэ уран бүтээл хийж байгаа юу?

-Нэлээд хэдэн шинэ дуунууд хийсэн. Гэхдээ одоохондоо дуу бичлэгт орж амжаагүй л явна даа. Ямар ч байсан тоглолтондоо зориулаад “Би дуулж өгье” гэдэг дуугаа бэлэн болгосон. Энэхүү дуу маань гарсан даруйдаа “Топ 15” дуунд орчихсон, фэйсбүүкээр хандлага маш өндөр байна лээ. Тэгэхээр залуучуудад маань бас нэлээдгүй таалагдсан юм болов уу гэж бодож байна.

-Энэ дууны клип их сонирхолтой болсон байсан. Санааг нь хэн гаргасан бэ?

-Хамгийн гол нь дууныхаа клипэнд манай хамтлагийн гишүүдийн эхнэр, найз бүсгүйчүүд нь тоглосон нь бас ихээхэн сонирхолтой болж өгсөн юм болов уу. Мөн дуу маань “Чинийхээ хэмжээлшгүй сайхныг, хамгийн сайн хийж чадах зүйлээрээ магтан дуулж байна” гэсэн утгатай.

Хайрынхаа тухай дуулж байгаа юм чинь шал өөр хүмүүс тоглуулах хэрэггүй гэж бодсон. Фэнүүд маань бидний эхнэр, найз бүсгүйчүүдийг ямар хүмүүс байдаг талаар их сонирхдог. Тийм ч утгаараа бидний хайртай бүсгүйчүүд ийм хүмүүс байдаг гэж харуулахыг зорьсон. Санааг нь манай Чинзо гаргаж байсан санагдаж байна.

-Хип хоп хамтлаг байж "Дандаа хайрын дуу дуулж байна" гэх шүүмжлэл байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Хайр бол бүхний эхлэл. Ихэвчлэн атаархаж буй хүмүүс л ингэж ярьдаг юм. Ер нь бол өөр сэдвүүдийг авч яваа уран бүтээлчид байгаа шүү дээ. Бид хайр дуулж байснаа гэнэт шал өөр сэдэв дуулах бас сонин. Чадахгүй биш чадна. Чадвар, авьяас, боломж  зэрэг бүгд бидэнд байна. Гэхдээ  өөрсдийнхөө илүү чаддаг зүйлээр дагначихвал чанартай бүтээл гардаг гэж боддог.

-Зарим дууныхаа үгийг та зохиодог. Мөн тэрхүү дуунууд зүйрлэл ихтэй санагддаг. Хаанаас тийм гоё зүйрлэлүүд гардаг юм бэ?

-Өөрийгөө мундаг гэж хэлэхгүй ч гэсэн жижиг хэмжээний яруу найрагч гэж боддог. Тэр ч утгаараа онгод гэдэг зүйл байдаг байх. Бодол дунд сайхан үгнүүд их орж ирнэ. Их зүйл бодох тусам шүлэг их орж ирдэг гэх үү дээ.

-Өөрийн онгодоор дууны үг бичих, хүнд зориулж дуу бичих хоёр их өөр байдаг байх, тийм үү?

-Манай бүх дуу бодит түүхтэй, өөрийн гэсэн эзэдтэй байдаг. Бодит амьдрал дээр болж өнгөрдөг зүйлийн талаар бусдын арай харж амжаагүй зүйлийг түрүүлж харах тэр мэдрэмжүүдийг шүлэг болгон бичдэг гэж хэлж болно. 

Монголын хип хоп урлагийнхныг, нийтийн болон рок поп дуучидтай харьцуулахад өөрсдөө аяа зохионо, шүлгээ бичнэ, үг зоолтоо хийдэг. Тэгэхгүй хүнээр шүлгээ хийлгээд, аяа зохиолгоод болсон болоогүй хоолойгоор дуулах бол хэрэггүй зүйл. Тиймэрхүү хүмүүс бас зөндөө бий. 

-Ямар хамтлаг, дуучдыг сонсдог вэ?

-Монголын нэгдүгээр үеийн төлөөлөл гэж хэлж болох хамтлагуудыг бүгдийг нь сонсож өссөн. Ах нарын нөлөөгөөр хип хоп урлагаас салж чадахгүйгээр хөл тавьсан байна.

-Урлагт хэзээнээс хөл тавих болов?

-Ер нь багаасаа урлагт сонирхолтой, хайртай байсан. Бүр цэцэрлэгт байхын авьяас нь тодорчихсон хүүхэд байсан. Нийгмийн идэвхтэй, урлагийн үзлэгт хамгийн түрүүнд гүйдэг хүүхэд байсан. Анх хоббигоороо хийж байсан зүйл маань бараг мэргэжил болоод явж байна. 

-Энэ сонголтондоо харамсаж байсан үе бий юу?

-Монголын урлагийн зах зээл өргөн цар хүрээтэй байгаад, бидний хийж байгаа бүтээлийг үнэлж чаддагсан бол гэсэн бодол төрдөг. Хэрэв тэгж чадвал урлагаар амьдрах боломжтой. Гэвч өнөөдрийн төрийн бодлого нь хүртэл урлаг соёлынхныгоо дэмжиж байгаа зүйл байхгүй. Бүгд л сайн дураараа хийж байна.

Солонгос улсын бид нартай ижил төвшинд байсан хамтлаг төрийн дэмжлэгээр дэлхийн хэмжээнд хүртэл нэр хүндтэй болж чадаж байна. Манай улсад төр засаг, соёлын яам гэдэг газрууд хамтраад бидэнд чиглэсэн бодлого гаргаад урлаг соёлынхныгоо бага ч гэсэн дэмжээсэй гэж боддог. Хэрэв тэгж чадвал манай урлагийнханд асар их болож байгаа шүү.

Өөрсдөө урлагт хайртай болохоороо бор зүрхээрээ л энэ урлагийг авч явж байна. Томчуудтай бол юу ярих вэ. Тэд бол учраа олоод болчихсон хүмүүс. Төр засаг, Соёлын яам гэдэг газар уралагынхныгаа хаячихсан шүү дээ. Эдгээрийг бодох үед бага зэрэг харамсал төрдөг.

-Хамтлагын тань фэнүүд ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг санагдсан. Тэр утгаараа танай хамтлагийн гишүүдийг охидууд хэр эргүүлж байна вэ?

-Залуу байхдаа эргүүлж, эргүүлэгдэж байсан. Одоо бол бүгд гэр бүлтэй, өөрсдийн гэсэн хайртай хүмүүстэй учир тийм зүйл байхгүй. Мөн өөрсдөө хайрыг үлгэрлэдэг учир, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой гэж үзэцгээдэг.

-Найз бүсгүйтэйгээ их удаж байна. Хуримын тов дуулгах болоогүй юу?

-Бид хоёр бага зэрэг асуудалтай байгаа. Тодорхой хугацааны дараа өөрчлөгдөж, боломж нь бүрдэх байх. Ямар ч байсан одоогоор тусдаа байгаа.

-Амьдралынхаа аль цаг мөчийг хамгийн их хайрладаг вэ?

-Би өнгөрсөн жил ээжийгээ алдсан. Эргээд бодоход ээж, аавтайгаа элэг бүтэн өнгөрүүлсэн тэр мөчүүд хамгийн хайрламаар цаг хугацаа байсан юм билээ. Би өөрөө айлын ганц хүү мөртлөө ээждээ ачийг нь үзүүлж чадаагүйдээ маш их харамсдаг. Цаашдаа ээжийнхээ ачийг хариулж амьдарна гэж боддог болсон.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Одоогоор бол тоглолтоо 100 хувь сэтгэл ханамжтай дуусгамаар байна. Харин цаашдын хамгийн том зорилго гэвэл төрийн албанд ажилд ороод, амьдралаа сайхан авч явах, ээжийнхээ ачийг хариулах юм даа.

-Сүүлийн үед урлагийн одод сонгуулийн сурталчилгаанд их явдаг болж. Танай хамтлагийн гишүүд сонгуулийн сурталчилгаанд явав уу?

-Миний хувьд энэ зун Эрдэнэтэд аав дээрээ зуссан. Тэр хугацаанд УИХ-ын болон ИТХ-ын сонгуулиас ажиллах санал ирсэн. Нэг тойрог хариуцаж ажилласан.

-Хамтлагийн гишүүдээс хамгийн түрүүнд та кинонд тоглосон. Дуучид бүр дууныхаа клипэнд тоглодог. Тэгвэл клипэнд жүжиглэх, кинонд жүжиглэх хоёр хэр ялгаатай байсан бэ?

-Кинонд тоглоно гэдэг миний хийх зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед "Скийнэ" энтертайнменттай хамтарч ажилладаг байсан. Тэндээс санал тавьсан болохоор анхны гэдэг утгаараа үзээд алдахыг хүссэн. Мөн хүндэлж явдаг "Ice Top"  хамтлагийн Боогий ахтайгаа хамт тоглосон нь бас их чухал байлаа. Багаасаа хүндэлж ирсэн хүнтэйгээ нэг кинонд хамт тоглож, дүрээ мөнхөлнө гэдэг бол миний хувьд маш том завшаан юм. Дахиад энэ салбараар оролдолтгүй гэж бодож байгаа. Өөрөө өөрсдийнхөө чадах зүйлээ л хийсэн нь дээр гэж бодсон. Ерөнхийдөө бол бууж өгсөн.

-Кинонд цэрэг эрчүүдийн тухай гардаг. Тэгвэл та бодит амьдрал дээр цэргийн алба хаасан уу?

-Цэргийн албанд явж чадаагүй. Сургуульд сурч байх хугацаанд л өнгөрчихсөн юм шиг байна лээ.

Кино бүрэлдэхүүнтэйгээ хил дээр хоёр сар гаруй байсан. Тэр хугацаанд цэргийн алба хаасантай дүйцэхүйц мэдлэг олж авсан. Мөн хилийн цэргийн таван жилийн хичээл зүтгэлийг үнэлж өгдөг шагналыг хүртэл бидэнд өгсөн. Түүнчлэн хилийн заставын дарга нар “Урлагийнхан ямар хурдан сурах чадвартай мундаг хүмүүс юм бэ” гэж гайхаж байсан.

-Тоглолтын гэнэтийн бэлэгнээс хуваалцахгүй юу?

Ерөнхийдөө орсон, гарсан нийт долоон хүн байдаг. Анх байгуулагдахдаа бол таван гишүүнтэй байсан. Гэвч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дандаа дөрвүүлээ тоглолт хийсэн. Харин энэхүү тоглолтонд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тавуулаа тоглох болно. Бусдыг нь одоохондоо нууцалчихья.

Ямартай ч тоглолтонд бидний шилж байгаад сонгосон, залуучуудын зүрхэнд хоногшсон 28-32 уран бүтээл өргөн барина. Мөн зохион байгуулагчид On & Off продакшн ажиллаж байгаа. Бидний зүгээс энэхүү тоглолтондоо 24 цагийг, 48 цаг мэт бэлдэж байгаа. "Crocusevent hall" 2500 хүний багтаамжтай нэг удаадаа дүүрчих байх гэж бодож байна. Зохион байгуулагчид болон бидний зүгээс тоглолтонд маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тиймээс тоглолтоос үзэгчид 100 хувийн сэтгэл ханамж авна гэдэгт итгэлтэй. Манай тоглолтыг заавал ирж үзээрэй гэж хэлмээр байна.

Б.Учрал

BreakingNews.mN

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)

Онцлох мэдээ